Энэ хорвоо дэлхий дээр хүн бүр өөр өөрийн гэсэн онцгой өнгө төрх, сонин содон, авьяас, ур чадвартай ирдэг билээ. Зарим хүнд төрмөл хэрнээ бусдаас онцгой гэмээр авьяас заяагдсан байдаг. Хүн болгон эмч, тамирчин, инженер болох албагүй ч урлагийн авьяас хүн бүрт заяадаггүй.
99 хувийн хөдөлмөр, ганцхан хувийн авьяас гэж ярьдаг хэдий ч бурханаас илгээсэн авьяасыг хөдөлмөрлөж байж гэмээнэ хөгжүүлдэг нь тухайн хүний хувийн хичээл зүтгэл мэднэ.
Өөрт өгөгдсөн онгодыг хөглөн зургаар амилуулж яг тэр чигээр нь буулгана гэдэг бол маш ховорхон хүнд тохиох л авьяас. Монгол сайхан эх орноо өнгө будаг холилдсон тэр л урландаа бийр янтайг хослуулан уран гоёмсгоор буулган зурдаг эгэл даруу зураач бүсгүйтэй бид цөөн хором ярилцлаа. Түүнийг Түвдэндоржийн Нурмаажав гэдэг. Монголын Урчуудын нэрэмжит шагналт зураач Т.Нурмаажав нь зөвхөн “Монгол зураг”-ийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг онцгой нэгэн.
Монголчууд ямархан авьяастай, Монгол дархлаагаа хэрхэн түүчээлэн улбаалж явдаг гэдгийг харуулсан түүний хэд хэдэн онцгой бүтээлүүдээс сор болгон сонгон авч гадны зочид, гийчдэд Монгол улсын төрийн тэргүүний зүгээс бэлэглэж байсан бахдам авьяастан юм.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг Түвдэндоржийн Нурмаажав гэдэг. Би Увс аймгийн Улаангом хотод төрж өссөн. 2005 онд СУИС-ДУДС-ийг төгссөн. Яг 25 наснаасаа эхлэн энэ л урлахуйн салбартаа зүтгэж одоо 20-д жил болж байна.
-Урлаг дотроо олон төрөл жанр бий. Таны хувьд яг ямар чиглэлээр голчлон дагнан уран бүтээлээ туурвиж, зургаа амилуулан зурдаг вэ?
-Урлагийн төрөл жанрууд бүгд тодорхой чиглэлүүд байдаг. Эдгээрээс би “Монгол зураг” гэсэн төрлөөр уран бүтээлээ хийдэг. Монголын уламжлалт урлаг бол “Монгол зураг” юм гэсэн ойлголт бид нар бий. Тэгэхээр энэ төрлөөр бүтээлээ хийдэг.
-Нэг зургийг зурахдаа ямар цаг хугацааг зарцуулдаг вэ?
-Миний хувьд нэг зургаа зурахдаа 1-2 сарыг л зарцуулдаг. Харин уран бүтээлчийн хувиар бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэхдээ 2-3 жил бэлтгэл ажлаа хангадаг даа. Ер нь зураач бидний хувьд гараасаа нэг зураг буюу бүтээлээ гаргахдаа яг дотроо төрж буй тэр л бодол, сэтгэгдэл, дүрслэл, тухайн мөчөө аль болох хурдан л буулгахгүй бол анхны төрсөн эмоци гэх үү, нэг тийм онцгой содон байдал нь алдагдах тал бий. Гэхдээ уран бүтээлч байдлаа аль болох алдахгүй, даацтай бүтээл төрүүлэхийн төлөө л жижиг хэсэг, нэг зураас, чимхлүүр нарийн нандин бүхнийг бүрэн буулгах учиртай. Үүний тулд маш их хөдөлмөр, мэдрэмж шаардагддаг.
-Таны зурдаг төрөл их содон, бас өвөрмөц юм? Сая хавар урд хөршид бие даасан үзэсгэлэнгээ дэлгэхэд албан ёсны онцгой урилга авсан гэж сонссон?
-Миний ажилладаг төрөл “Монгол зураг” маань онцгой, сонин, содон. Гадна дотны зочид, үзэгчид маш их сонирхон үздэг. Яг зургийг урлаг талаас нь судлаад, энэ чиглэлээр сонирхол хоббигоо болгосон хүмүүс маш их. Иймээс миний зурсан зурагнууд үзэсгэлэнд үзээд БНХАУ-ын Бээжин хотноо бие даасан үзэсгэлэн гаргах урилга хүлээж авсан. Сая 5 дугаар сард бие даасан “Этүгэн” нэртэй үзэсгэлэнгээ БНХАУ-ын Бээжин хотноо гаргаад ирсэн. Энэ нь миний хувьд маш их хөгжил дэвшил авчирсан. Надтай хамтдаа залуу уран бүтээлч М.Болортуяа маань бүтээлээрээ оролцсон. Эндээс хараад дүгнэвэл Монголын урлаг зах зээл дээр монгол зургийг гадны хүмүүс яаж олж харж байна. Бид монгол зургаараа улбаалаад, дамжуулаад өөрсдийнхөө ахуй амьдрал, монгол философи, сэтгэлгээгээ гадны үзэгчдэд таниулах гээд маш их ач холбогдолтой үзэсгэлэн гаргаад ирлээ гээд үнэхээр бахархал төрж байгаа.
-Уран бүтээлч хүний хувьд бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэнэ гэдэг маш том хариуцлага бөгөөд ахиц дэвшил гэж харж байна. Таны хувьд бие даасан үзэсгэлэнгээ хэдэн удаа гаргаж байв?
-Бие даасан 7-8 үзэсгэлэн гаргасан. Үүнээс Монгол Улсын сан хөмрөгт гурван бүтээл маань хадгалагддаг. Мөн Монголбанк, ер нь онцгой газруудад бүтээлүүд маань тавигдана гэдэг нь зөвхөн миний нэр хүнд биш л дээ. Үүнд илүү монгол зургийг сонгож тавигдаж буй нь өөрөө гадна дотны зочин, гийчин, олон хүний, ялангуяа гадныхны хараанд улс орон гэдэг чинь өөрийн гэсэн урлагтай, соёлтой, дархлаа, ондоошилтой юм байна гэх мэтчилэн танин мэдэхүйн олон талын ач холбогдолтой.
Та бүхэнд баярлалаа. Монгол түмэн олон минь сайхан наадаарай.
Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.