Н.Амаржин: Надад хүүхдийн мөнгийг 200 мянга болгох бодит шийдэл байна
УИХ-ын 11 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Нэмэхбаярын Амаржинтай ярилцлаа.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч байна. Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж байхад иргэдийн амьдрал бодит байдал ямар байх шиг байна?
-Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзаад явж байхад иргэдийн олонхынх нь амьдрал маш хүнд байна. Иргэд ийм хүнд нөхцөлд амьдарч байгааг надаар хэлүүлэлтгүй олон хүн мэдэж байгаа байх. Сүүлийн найм, зургаа, дөрвөн жил зарим иргэдийн амьдрал бахь байрандаа байсан бол заримынх нь амьдрал уруудан доройтсон байна.
Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд өрх гэрийнх нь эдийн засаг сайжирч, орлого нь огцом нэмэгдсэн хүн алга. Аргагүй шүү дээ. Татварын дарамт, нийгмийн даатгалын шимтгэлийн өндөр хувь суутгал, инфляцид идэгдээд иргэдийн авсан цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна.
Жил бүр хорт утаанд хордох иргэдийн тоо өсч, хорт хавдараар өвчилж, эмнэлгийн хүрэлцээ дутмагаас эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ мэт маш олон асуудал байна. Хамгийн харамсалтай энэ бүх нийгмийн гажуудлын хамгийн том хохирогч нь хүүхдүүд байна. Монгол Улсын ирээдүй, хойч болсон хүүхэд багачууд асар хүнд нөхцөлд өсч байна. Эрүүл мэнд, боловсрол, авч байгаа хүмүүжил, идэж байгаа хоол, өсч байгаа орчноос нь авахуулаад бүх зүйл нь харанхуй байна. Энэ бол урт хугацаандаа Монгол Улсын ирээдүйд асар их хор хөнөөлтэй нөхцөл юм. Үнэнийг хэлэхэд намайг хүүхэд байхад л “Хүүхдэд ээлтэй улс болъё” гэж ярьдаг байсан. Одоо ч ярьсаар байна. Гэвч хүүхдэд ээлтэй биш улам л ээлгүй улс болсон байна.
“ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 БИШ 200 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО”
-Хотын төв, цаашаа хоёрхон километрийн зай хоёрын хооронд асар их зөрүүтэй. Энэ зөрүү, ялгааг бууруулах ямар гарц, шийдэл байна вэ. Сүүлийн найман жил Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон түшээд нь тойргоо сольж, эсвэл дарга болоод яваад өгсөн шүү дээ ?
-Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж төрд томилогдсон төрийн түшээд нь тэднийг орхиод зугатсан байна. Зарим нь өөр аймгаас, зарим нь өөр дүүргээс дахин гишүүн болохоор горилж байгаа бол зарим нь хотын даргаар ажиллаж байна. Тэдэнд итгэсэн 30-40 мянган иргэдийн саналыг авчихаад эргээд сонгогчиддоо тайлангаа тавих нүүргүй ийм нөхцөл байдалтай байна. Ардчилсан намаас СХД-т нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид тэдэн рүү чиглэсэн сөрөг дайралтууд хийхгүй байгаа. Шинэ залуучуудаар багаа бүрдүүлсэн учраас өөрчлөлт, шинэчлэл авч ирнэ гэсэн гэгээлэг байдлаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Бодит нөхцөл байдлыг хараад сэтгэл урагдах зүйл олон гарч байна. Ажилгүйдэл, ядуурлаас үүдэн архи уугаад ээж аав нь тасраад уначихсан, шороотой гудамжинд гарч ирээд тоглоод гүйж байгаа 3-4 настай хүүхдүүд ч байна. Үнэхээр хотын төвөөс хоёр километрийн цаана олон ялгаа бий. Энэ ялгааг өнөө маргаашдаа бууруулж хэн ч чадахгүй. Харин бид хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө оруулах хөрөнгө оруулалтаа өөрчилж чадна. Хүүхдүүд рүү чиглэсэн тусгай бодлого хэрэгтэй. Миний шийдэл зарим хүнд хурц шийдэл байж магадгүй. Хүүхдийн мөнгийг 100 биш 200 мянган төгрөг болгоё гэж байгаа юм.
-Хүүхдийн мөнгө анх 20 мянган төгрөг байсныг 100 мянга болгосон. Дахиад 100 мянган төгрөгөөр нэмж, 200 болгох боломжтой гэж үү. Хүүхдийн мөнгийг нөгөө талдаа халамж гэж шүүмжлэх хүмүүс бас бий?
-Нэгдүгээрт, хүүхдийн мөнгө халамж биш. Ямар ч улс оронд эмзэг бүлэг рүүгээ чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгждэг. Тиймээс хүүхдийн мөнгө гэдэг бол тэдний ирээдүйн төлөө, тэднийг өсгөж байгаа ээж, аавуудад чиглэсэн төрийн дэмжлэг. Монгол Улсад одоогийн байдлаар 77 төрлийн халамж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насны ажилгүй, ангайгаад хэвтэж байгаад ямар нэгэн байдлаар дээрх 77 төрлийн халамжаас хүртэгч болчихоод амьдарч байна. Гэтэл хүүхдүүд бол тэднээс тэс өөр хүмүүс.
Тэднийг насанд хүрэх хүртэл төрөөс сайн боловсрол, эрүүл аюулгүй орчин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүрэгтэй. Тиймээс сар бүр 200 мянган төгрөгийг хүүхдүүдэд олгосноор тэдний ирээдүйд асар том өөрчлөлт авчирах боломжтой.
Хүүхдүүд тав тухтай амьдарч чадахгүй байгаа ч мөрөөдөх тансаглалтай байг л дээ. Хүүхэд багачууд мөрөөдөх боломжгүй өсч байна. Тэд 200 мянган төгрөгөөр ном дэвтэр, шим тэжээлтэй хоол хүнс, боломжтой бол тоглох бөмбөгийг нь аваад өгөг л дээ. Яг ийм хэрэгцээ шаардлагатай олон хүүхэд байна. Хүүхдийн өсөх, торних, боловсрох суурь хэрэгцээ нь хангагдаж чадаагүй хүүхдүүд олон байна. Үнэхээр боломжтой нэг нь хүүхдийнхээ хадгаламжинд хийчихээд ирээдүйд хэрэглэж болно.
Хүүхдэд оруулсан хөрөнгө оруулалт цахилгаан станц барих адил үр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж хардаг. Би хүүхдүүдтэй ажилладаг, боловсролын салбарт ажилладаг хүний хувьд хэлэхэд хүнд тэр тусмаа хүүхдэд хөрөнгө оруулах нь Монгол Улсын хөгжлийн ганц гарц юм байна.
Баян хоосноос авхуулаад бүх төрлийн ялгааг арилгах гарц. Зарим хүмүүсийн чихэнд наалдахгүй, “Сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг 200 мянган төгрөг болгоно гэж попорч байна” гэж харж магадгүй. Би залуу хүний хувьд урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодит шийдэл санал болгож байгаа юм. Хэзээ хэрэгжих, биелэх нь тодорхойгүй үлгэр зохиож ярихаас илүүтэй ойрын хугацаанд хэрэгжих, үр дүнгээ өгөх бодит шийдлүүдийн талаар ярих цаг нь болсон.
“ХҮҮХЭДДЭЭ БИШ ХӨШӨӨНД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ УЛС БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ”
-Хүүхдийн мөнгө нэмнэ гэхээр улсын төсөвт дарамт ирэх юм биш үү?
-Монгол Улсын Засгийн газрын захиран зарцуулах төсөв зөвхөн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 1.6 их наяд төгрөг байна. Ганцхан Түгжрэлийн сайд нь жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэй байна. Төсөв хангалттай данхайсан. Төрийн мөнгийг буюу татвар төлөгчдийн мөнгийг тендер, төсөл хөтөлбөр нэрээр ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулдаг. Хөшөө дурсгал болгодог. Өөрчлөлтийг заавал төсөв мөнгөний бодлогын гоц ухаантан хийх шаардлагагүй. Ердөө энэ данхар төрөөс ганцхан яамыг татан буулгахад хүүхдийн мөнгийг 200 мянган төгрөг болгох бодит боломж бий. Энэ бол хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зайлшгүй хийх ёстой хөрөнгө оруулалт болохоос халамж, мөнгө тараалт биш. Зарим хүн “Аав ээж нь хүүхдийнхээ мөнгөөр архи аваад уучихна” гэж хэлж магадгүй. Энэ бол ирээдүйгээсээ нүүр буруулсан, тэднээс харамласан байнгын үгүйсгэх үзэгдэл.
Хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнээр дараагийн Нобелийн шагналтан, дэлхийд Монгол Улсын нэрийг гаргах эрдэмтэн, доктор төрөхөөс эхлээд ирээдүйн зөв Монгол хүнийг төлөвшүүлэх ийм л хөрөнгө оруулалт.
Тухайлбал, барууны улс орнуудад нэг хүүхдийг 0-18 нас хүртэл зарцуулсан хөрөнгө оруулалт нэг сая ам.доллар давсан. Энэ хөрөнгө оруулалт нь эргээд 5-10 дахин үр өгөөжөө өгдөг гэсэн тооцоо судалгаа бий. Иймээс туурга тусгаар улсын хувьд Монгол Улс хүүхэд багачууддаа зориулах хөрөнгө оруулалтаас гар татаж болохгүй. Үр хүүхэд, ирээдүй хойчоосоо харамладаг эцэг эх, улс орон байх ёсгүй. Тэртээ тэргүй улсын төсвөөр сайд дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд тансаглаж байна шүү дээ.
Татвар төлөгчдийн мөнгийг эхлээд тэрбумаар нь ярьж байсан бол одоо их наядаар ярих хэмжээнд тансаглаж байна. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобус гэх мэт хулгай луйврын мөнгө бол дарга нар хүүхдүүдийн цэцэрлэгийн хоол, үдийн хоолноос харамласан мөнгөний төсөв.
Саяхан цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолны зардлыг 2475 төгрөг байсныг 3000 төгрөг болгосон гэдгээ баатарлаг үйл мэт зарласан. Үнэндээ цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоол нэг ам.долларын өртөгтэй байх ёстой юм. Хүүхдийн үдийн хоолны зардлыг нэг ам.долларт хүргэсэн тэд баатар, хүүхдийн мөнгийг 200 мянга болгох санаачилга гаргаж байгаа Н.Амаржин нүгэлтэн юм бол хүүхдүүдийн ирээдүй, төсвийн мөнгийг хулгайлсан хулгайчид юу болох юм бэ.
Монгол Улс нэг хүнд ногдох хөшөөнийхөө тоогоор дэлхийд тэргүүлж байна. Хувь хүн өөрөөсөө мөнгийг нь гаргаад хөшөө барьсан бол юу ч хэлэхгүй. Гэтэл төсвийн мөнгөөр дахин нэг ч хөшөө барихыг зөвшөөрч болохгүй. Хүүхэддээ биш хөшөөнд хөрөнгө оруулдаг улс байгаа нь эмгэнэл.
Бодит байдал дээр амьдрал захын хорооллын айл өрхүүдэд хүнд байгаа учраас энэ зайлшгүй хөндөх ёстой сэдэв, хийх ёстой хөрөнгө оруулалт. Төсвийн мөнгөөр зам тавьж, цахилгаан станц барьж, уул уурхайг хөгжүүлж, IT хиймэл оюун ухааны талаар ярьж дэлхийн хөгжилд ойртож байгаа мэт дүр эсгэлээ ч үүнийг хийх боловсон хүчин, хойч ирээдүйгүй бол яах юм бэ.
Тийм учраас дарга нарын тансаглал, төсвийн хулгайг таслан зогсоосноор хүүхдүүддээ хөрөнгө оруулах багахан хэмжээний мөнгийг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Дахин хэлэхэд хүүхдийн мөнгө бол халамж биш хөрөнгө оруулалт.