Таныг УИХ-д сонгогдвол спортын шинэчлэлийн төлөө юу хийх, тодорхой ямар асуудлууд дээр анхаарч, хууль санаачилж ажиллах эсэхийг мэдэхийг хүсэж байгаа спорт сонирхогчид, сонгогчдодоо зориулж, ярилцлагаа энэ сэдвийн хүрээнд өрнүүлье.
-Баярлалаа. Шинэ Нэгдсэн Эвслээс гаргасан эрүүл мэндийн, боловсролын, төрийн шинэ бодлого дээр тулгуурласан 81 заалт бүхий мөрийн хөтөлбөртэй уялдуулан спортын шинэчлэлт, өөрчлөлтийн тухайд санаачлан, хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа тулгамдаад буй олон асуудлууд байна.
Таны хувьд УИХ-д нэр дэвшиж байгаа анхны спортын сэтгүүлч. Талархаж дэмжиж байгаа хүмүүс олон байгаа байх. Эсэргүүцэж байгаа хүмүүсийн үзэл бодолд эергээр нөлөөлөх, өөрийгөө сурталчлан таниулах тал дээр хэр ажиллаж байна?
-Спортын сэтгүүлчийн хувьд салбарынхаа шинэчлэлийн төлөө сүүлийн 20-иод жил тэмцэж ирлээ. Алгаа ташиж, дэмжих хүмүүс олон ч хамтдаа тэмцэхэд зориг зүрх нь дутдаг. Нөгөө л хэн ч биш болох, ажил албан тушаал, байр сууриа алдах айдас. Ар талыг нь даах баталгаа ч хүснэ. Эцэст нь амжилт хүсээд л үлддэг дээ. Зарим нь ч төвөгшөөнө. Хэн л над шиг өөрийгөө золиослоод, хүч тэнцвэргүй тулаанд хугацаагүйгээр орох вэ дээ. Сайн муугаараа дуудуулаад, гүтгэгдэж доромжлуулаад явж л байна. Ойлгомжтой, нөгөө л эрх ашиг нь хөндөгдөх гээд байгаа хүмүүс, тэдний гар хөл бологсод л эсэргүүцсэн сэтгэгдлүүдээр булж байна. Над шиг нэр, сэтгэл цэвэр хүнийг дайрч давшлах ядарсан арга нь л олон нийтийн сүлжээгээр доромжлох юм. Спортынхоо, бас телевизийн буянаар олны танил болсон, дэмжиж байгаа хүмүүстээ талархаж, хүндлэл итгэлийг нь даах хариуцлага өөртөө оноож, нөгөө талаар спортынхондоо чичлүүлж, хараал ерөөлийг зэрэг л хүртэж явна. Сайн санааны үзүүрт тос гэдэг. Сэтгэл минь үнэн, үйлс минь олны төлөө болохоор бүх зүйл болно бүтнэ гэсэн өөдрөг тэмүүлэлтэй байна. 17 хоногийн сонгуулийн сурталчилгаа их ажил амжуулж, газар бүрт очин, олон хүнд хүрч ажилламаар байгаа хүнд бол богино хугацаа байна. Гэсэн ч нар салхи, бороо шороог ч анзаарах сөхөөгүй л Хан-Уул дүүргээ хэд ч тойров, тоогоо алдсан. Харин алхах, гүйх дасгал хөдөлгөөнийг бүр стандартаас давуулан биелүүлжээ.
Таны танилцуулгыг уншсан. Хүүхдийн спортыг дэмжих тал дээр нэлээн санал санаачилгатай ажиллах юм байна гэж ойлгосон.
-Хүүхдэд ээлтэй спортын зүтгэлтэн байх юмсан гэж хичээдэг. Хүүхэд бүрт спортоор хичээллэх тэгш боломж олгох, дэлхийн жишигт нийцсэн стандартуудыг хэрэгжүүлэх, спортын авъяастай хүүхдүүдийг дэмжих, энэ чиглэлээр мэргэжил эзэмшихэд нь сургалтын тэтгэлэгт хамруулах боломжийг нээж өгч чадвал хүүхдийн спортын хөгжилд оруулах том хөрөнгө оруулалт мөн. “Шинэ од” хүүхдийн спортын нэвтрүүлэгт маань оролцож байсан өсвөрийн тамирчдаас өнөөдөр олон алдартан төрөн гарсан. Боулингийн хүүхдийн лигийг анх санаачлан хийсэн. “Үндэсний шидэгчид” хүүхдийн сагсан бөмбөгийн багийн шидэлтийн тэмцээнийг мөн л санаачлан зохион байгуулж, үндэсний хэмжээний тэмцээн болгохоор зорьсон ч санхүүжилтээс шалтгаалан түр завсарлаад байна. Хүүхэд залуусыг спортод дуртай болгох, чөлөөт цагаа спорттой нөхөрлөж өнгөрүүлэх тал дээр хийх зүйл үнэхээр их байна. Үнэ төлбөргүй, стандарт спорт тоглоомын талбайг хороо, дүүрэг бүрт байгуулах, арчилдаг, хариуцдаг эзэнтэй байлгавал хүүхдүүдийн хандлага ч өөр байх болно. Спорт бол шударга өрсөлдөөний талбар байх ёстой. Хүүхдүүдийг хүртэл бохир заваан найраандаа хутгаж, урам зоригийг нь хугалж, шантруулахыг зөвшөөрч болохгүй. Хиргүй тунгалаг сэтгэлд нь хар мөр үлдээлгэхгүйн тулд цаашдаа ч тэмцэнэ.
Хийхийг хүсэж байгаа ч бяр дутаж байгаа хүүхдийн төлөөх үйлс байна гэж та ярилцлагын өмнө дурдсан. Үүнийг асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ?
-Спорт холбоодын нэрээр авсан газраа худалдаад хөлжчихсөн олон жишээ бий. Эсвэл газраа хувийнхаа бизнес болгож ашиглаад, олон давхар байшин барьчихна. Ядаж нэг хоёр давхрыг нь ч зориулалтаар нь ашиглачих сэтгэлгүй, хомхой, шуналын дэвүүд. Адаглаад ганц хүүхдийн спортын ордонтой болчихмоор байна шүү дээ.
Спортын асуудлуудыг хөнддөг, хууль санаачилдаг энэ талын мэдлэг чадвартай гишүүд их хуралд зайлшгүй хэрэгтэй гэвэл энэ нь таны үзэл санаатай нийцэж байна уу?
-Нийцнэ. Спортын бодлого боловсруулдаг, ашиг тустай хууль санаачилдаг, салбараа мэддэг дуу хоолой 126 гишүүний дунд заавал байх хэрэгтэй. Спортынхноо төлөөлж ажиллана гэхээсээ эсрэгээрээ амжилт гаргаж байгаа спортын байгууллага, тамирчдыг онилж, тэднийг үйлс зорилгодоо, өөрсдийгөө сурталчлах хэрэгсэл болгон ашиглаж, байр сууриа батжуулдаг, олон аялдан дагагчидтай гишүүдийн тоо л нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн өдрүүдэд УИХ-аар эцэслэн яаран баталсан явдал. Спортын салбарыг авлигагүй, удирдлагуудыг нь бялуу хуваалцдаггүй болгож байж л энэ салбар зөв хөгжинө. Улс төрийн албан тушаалтныг тэжээгчээ болгосон монголын спорт хөгжихгүй. Тогтолцоо нь гаж, нөхөрлөл нь буруу. Энэ бүхэн спортыг муухай харагдуулж байна.
Спорт холбоодын засаглалыг сайжруулна гэж та яриад байгаа нь ямар утга агуулгатай вэ?
–Спорт холбоодын үйл ажиллагаанд аудит оруулж, хөндлөнгийн хяналт тавьдаг, хариуцлага тооцдог болгох хэрэгтэй. Спортын холбоод нь ч ялгаагүй хэдэн мөнгөтэй хүний хувийн өмч мэт болсон, сонгууль нь тохиролцдог, бэлэглэдэг, наймаалцдаг, арай л удам залгаж өвлүүлэх л дутаад байна. Хурлаа хийдэггүй, дүрмээ хэрэгжүүлдэггүй. Над мэтэд бол хаалттай. Сонирхоод яваад орвол үргэнэ, зугтана, зарим нь пялдагдана. Үг хэлүүлэхгүй, харцаараа шилэмдэнэ, хаан хатан шиг л. Зарим холбоод нь нэр төдий үйл ажиллагаа явуулна. Жилдээ ганц улсын аваргын тэмцээнээ хийгээд олон улсад тэмцээнд оролцох эрхээ олж аваад л гүйцээ. Энэ мэт ашиг сонирхлын зөрчил ихэнх спорт холбоодод бугшсан асуудал. Үр дагаварт нь тамирчид хохирдог, эрх ашиг нь зөрчигддөг, хөдөлмөр нь үнэгүйддэг. Энэ бүхэн дуусгавар болох ёстой.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлст таны оруулж чадах бодит хувь нэмэр юу вэ?
-Монгол хүн бүр өсөх наснаас өтөл насыг хүртэл биеийн тамираар хичээллэдэг, дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмждэг, эрүүл амьдрах үүргээ ухамсарладаг болгох нь хамгийн чухал. Үүний тулд спортыг шат шатанд системтэйгээр зөв хөгжүүлэх, ялангуяа суурь боловсролд онцгой анхаарч, биеийн тамирын хичээлийн цагийг нэмэгдүүлэх, орчин цагийн хүүхдүүдийн онцлогт тохирсон арга зүйг боловсруулах, хөтөлбөрт оюуны спортыг багтаах, спортын олон төрлүүдээс сонгож суралцдаг болгох, багш нарын нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарах, олон улсын стандартад нийцүүлэн хичээл заах ур чадвартай багш, дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх гээд яривал маш олон хийж хэрэгжүүлэх ажил байна. Оюутнуудад хүртэл кредит тооцуулан биеийн тамир, спортоор хичээллэх боломж олгох хэрэгтэй. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлдэг клуб, төвүүд, заал танхимуудыг олноор байгуулах, төрөөс дэмжих хэрэгтэй байна. Гүйлтийн зам, дугуйн замууд ч орхигдуулж болохгүй нэн чухал асуудал болоод байна.
Спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодож төлөвлөж байгаа зүйл бий юу?
-Аль ч салбарынхны төр засгаасаа хүсдэг зүйл нь нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх явдал. Авлига, хээл хахууль, албан тушаалын өгөө аваа, дарамт шахалт байхгүй болчихвол спортын салбараа манлайлаад, бодлого боловсруулаад дөмөгхөн аваад явчих чадалтай залуус олон бий. Салбарын ачааны хүндийг үүрч яваа хүмүүстэй л ойрхон ажиллаж чадвал, шийдэл, гарц гаргалгаа бий.
Хөл бөмбөгийн спорт Монголд хэзээ ч хөгжихгүй ээ гээд хүмүүс яриад байдаг. Та санал нийлдэг үү?
-МХБХ олон улсын холбоодоос жил бүр асар их хэмжээний санхүүжилт авдаг, бүтэн 28 жил хөрөнгө оруулалт авсан мөртлөө хөл бөмбөгийн спорт яагаад хөгжихгүй спорт гэж хэлэгдтэлээ доош орсныг бодох л ёстой асуудал. Сэтгэл зүрхээ өгсөн “Дэрэн” шиг хэдэн клуб байхад, тэр их санхүүжилтээсээ харамгүй дэмжээд өгдөг бол хөгжинө. Бараг клубууд нь холбоотойгоо эн тэнцүү, бүр илүү ажиллаж хөдөлмөрлөж байна. Амжилт гаргана гээд зориод зүтгээд, олон зүйлсээ золиослоод, тамирчны амьдралыг сонгоод бэлтгэл сургуулилтаа хийж байгаа олон хөл бөмбөгчин залуус байна. Спортын нас хязгаартай шүү дээ. Залуусынхаа урмыг хугалмааргүй байна, дэмжмээр байна. Санхүүжилтээ хэрхэн зарцуулснаа ил тод тайлагнадаггүй, сонгууль нь шударга болдоггүй, тэгсэн мөртөө эрх ашигт нь нийцсэн хэдхэн хүнд үйлчилдэг холбоодууд Монголд шил шилээ даран төрж байна. Удирдлагад нь орох гэж бөөн хор найруулж, амиа тавин байж сонгогдсон юм бол ажлаа хий л дээ. Хариуцлагаа ч бас үүр. Улсын нэрээр авч байгаа санхүүжилтэд улс хараа хяналтаа тавих хэрэгтэй, ил тод болгох хууль санаачилна гэж бодож байгаа.
Хариуцлага гэж зүйл хаана ч хаягдаад байх болж дээ. Цаг нь тулахаар эзэн олдохгүй, тэгж ингээд л дарагдаад намжаад өнгөрөх юмаа?
-1964 оноос хойш 60 жилийн түүхэнд эрэгтэй боксчид анх удаагаа олимпийн эрхээ авч чадсангүй. Энэ хариуцлагын л асуудал. Олимпийн эрх олгох тэмцээний мэдүүлгээ цагтаа өгөөгүй хоцроосон. Хөнгөн атлетик гэхэд л ганцхан тартан замтай, задгай талбайд байдаг, арчилгаа тордлогоо байхгүй. Тамирчид нь олон нийтийн сүлжээгээр бичээд, холбооны удирдлагуудаа өөрчлөх гэж тэмцээд бараагүй. Тэгээд эвлэрсэн үү чимээгүй болсон. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эмэгтэй баг анх удаагаа Токиогийн олимпод оролцсон бол Парисийн олимпод аль аль нь орох эрхээ авч чадалгүй харамсалтайгаар мултарлаа. Холбооны ерөнхийлөгч нь хариуцлагаа үүрээд огцоръё гэхээр дотроосоо хэсэг бүлэг хүмүүс огцруулахгүй ээ гээд тэмцээд байдаг. Овоо ярьж шүүмжилж байснаа амаа үдүүлсэн мэт сураг алдардаг жишиг тогтжээ. Зарим нь ч залхаад орхидог л байх. Хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд нь хэн нэг эрх мэдэлтний, улс төрийн хүчний хармаанд орчихсон. Ярилцлага өгье, болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар яримаар байна гэхээр манай бодлогод нийцэхгүй гэдэг. Тэгээд эцэст нь явсан нь шүүмжилсэн нь буруутаж, муу нэртэй болж үлддэг ийм л нийгэмд амьдарч байна.
Гэхдээ болж бүтэж байгаа гэрэл гэгээтэй зүйл бас байгаа байлгүй дээ?
-30 жилийн турш сагсан бөмбөгийн спортыг өдий зэрэгт хүрэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа багийн эзэд, хөрөнгө оруулагчдыг онцолмоор байна. Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын спортын лигийн тэмцээнүүдэд ур чадвартай, хагас мэргэжлийн легионер тамирчдыг урьж тоглуулж байна. Манай тамирчдад суралцах, хамтрах, хөгжих сайхан боломж. Тухайн спортын хөгжлийг хичээллэх сонирхолтой хүүхэд залуусын тоо нэмэгдэж байгаагаар харж болно. Их бага хэмжээгээр авч байгаа санхүүжилтээ зөв ашиглавал олон хүүхдүүдэд боломж нээгдэнэ.
Дэмжлэггүй ингээд тэмцээд явахаар зориг мохохгүй юу?
-Итгэлээ хэзээ ч алдахгүйг л хичээдэг. Үр дүнд заавал хүрнэ. Хийж байгаа үйл хэрэг минь түмний нүдэнд ил учраас ойлгож, хүлээж авах өдөр заавал ирнэ. Мандаж ч явлаа, гундаж ч үзлээ. Өөрийнхөө төлөө биш, олныхоо төлөө тэргүүн шугамд яваа юм, үзэлцээд л дуусна даа.
Монголд олон улс, тив дэлхийн хэмжээний тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдахад юун дээр анхаарах вэ?
-Дэлхийн спортуудыг монголд нутагшуулах, сурталчлан таниулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж би өөрийгөө үнэлдэг. Олимп, Азийн их наадам, тив, дэлхийн аваргын олон тэмцээнүүдийг халуун цэг дээрээс нь сурвалжилсан. Өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадамжтай орнууд өрсөлдөн, эрхийг авч, наадмыг хэрхэн зохион байгуулахыг бид харж, бахдаж суудаг. Зардал асар өндөр гарах ч тэр хэрээрээ эх орноо сурталчилдаг, спорт олимпизмийн үйл хэргийг түгээн дэлгэрүүлж байгаа, нэр хүндийн асуудал л даа. Сайн менежмент хийж чадвал ашиг олно. 2023 онд Монголд Зүүн Азийн Залуучуудын Наадмыг зохион байгуулсан. Харанхуй цэнгэлдэхэд, ичмээр л юм болсон доо. Мэдлэг ур чадвартай залуусаар багаа бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Манай улсын эдийн засаг, хөгжлийн төвшин олимпийн төрлийн томоохон тэмцээний эрхийг авахаар өрсөлдөхөд одоохондоо л лав бэлэн биш. Хамгийн наад зах нь л тэмцээний нээлт, хаалт хийх цэнгэлдэх хүрээлэн, стандарт дэвжээ, талбай, спортын барилга байгууламж олноор шаардлагатай болно, том тэмцээний ард олны хүчээр л гардаг.
Ингээд харахаар бид дэлхийн спортын хөгжлийн хаана нь яваа юм бол?
-10-15 жилээр хоцорч яваа л гэж би боддог. Эхлээд бид эх орондоо спортоо зөв, шударга, стандартаар хөгжүүлэх хэрэгтэй. Манайхан олимпийн наадам, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалиар спортын хөгжлийг тодорхойлох гэдэг. Тамирчид амжилт гаргавал хэн нэгэн ажил хийсэн болж харагдах гэж улайрна. Төмөр тэмдэг хэвлэж, биесээ шагнахдаа үзэл бодолтой нь цуг энгэрийг нь цоолдог. Гэтэл ядаж л олон улсын томоохон тэмцээнд улсаа төлөөлөөд орох гэж байгаа тамирчдаа санхүүжилт хайж, зардлаа олох гэж гүйлгэдэггүй л болгочихмоор байна. Бэлтгэл сургуулилтаа хийдэг стандарт заал танхимаар нь хангаж өгмөөр байна. Хамтарсан бэлтгэл хийх, мэргэжлийн ур чадвартай дасгалжуулагчдыг урьж авчрах, сэтгэл зүй болон эрүүл мэндээр дэмжих гээд яриад байвал олон зүйл байна даа.
Та хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн гэж өөрийгөө зөв тодорхойлжээ. Ярих, тодруулах зүйл маш их байгаа ч харамсалтай нь хэвлэлийн маань хуудас хэмжээтэй юм даа, дахин уулзаж үргэлжлүүлэн ярихдаа таатай байх болно. Сонгогч олон, монгол түмэндээ хандаж юу хэлэх вэ?
-”Цэнхэр гариг” спортын нэвтрүүлэг хүүхэд, залуусыг их спортод дурлах хүсэл тэмүүллийг нь нээж өгсөн бол “ОДОД” студи тэрхүү тэмүүллийнх нь жигүүрийг ургуулан, түүхэн үүргээ хэдийн гүйцэтгэсэн. Одоо Монгол төрд спортын шударга өрсөлдөөний, шинэчлэлийн дуу хоолой зайлшгүй хэрэгтэй байна. Спортын эрс шинэчлэлийн төлөөх бидний их үйлсийг дэмжээрэй. ШИНЭ СОНГОЛТ-ШИНЭ МОНГОЛ.