“Өвөө, эмээ минь хүүхэд байхаас өөрөө хөдөлмөрлөж бүтээсэн бүхэн ямар үнэ цэнтэйг ойлгуулж, хэзээ ч залхуурч болохгүй гэдгийг сургасан. Тийм ч учраас эхлүүлсэн бол дуусгадаг тууштай чанарыг зарчмаа болгодог. Би хошуудын торгууд эмэгтэй гэдгээрээ үргэлж бахархдаг” хэмээн ярих түүнийг Ганбатын Баярмаа гэдэг.
“Сайн байна уу” контентын энэ дугаарын зочноор Ховд аймгийн ХҮН намын тэргүүлэгч Ганбатын Баярмаа оролцлоо. УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт ХҮН намаас нэр дэвшигч Г.Баярмаагийн сонгуулийн штабаас бэлтгэв.
-Сайн байна уу. Та өөрийг танилцуулаач?
-Сайн байна уу. Би Ховд аймгийн Булган сумын уугуул. Хошуудын торгууд эмэгтэй. Намайг Ганбатын Баярмаа гэдэг. Аав ээжээс тавуулаа, айлын дунд охин. Одоо нөхөр, охины хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бүсгүй байна.
-Хаана, ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Манай эмээ, өвөө гээд бүгд багш сэхээтэн хүмүүс. Аав маань ч боловсролын салбарт насаараа ажилласан. Одоо сумандаа ахмад багш хийдэг. Би төгсөх ангидаа математикаар суурилж, конкурс өгсөн. Тухайн үед 1040 орчим хүүхэд математикаар өрсөлдөж байхад би Ховд аймагтаа 13-аар жагсаж, аавынхаа төгссөн сургууль болох МУБИС-ийн математик, мэдээлэл зүйн ангид оюутан болж байлаа.
-Таны ажлын гараа хэзээ эхлэв?
-Багш мэргэжлээр төгссөн ч харамсалтай нь би багшаар ажиллаагүй. Тухайн үед багш нарын цалин бага байсан учраас ажиллаагүй. Би ажиллаад л цалин авна гэдэг бодолтой байсан учраас гайгүй салбар судалж явж байгаад Ховд аймгийн Үенчийн хилийн тавдугаар отриодод компьютер сүлжээний инженерээр ажилд орж, хилийн боомт руу томилогдож, ажил амьдралын гараагаа эхэлж байсан.
-Та гэр бүлийнхээ талаар хуваалцаач?
-Манай нөхрийг Цэнгүүн гэдэг. Дорноговь аймгийн Замын-Үүдийнх. Би Булганы боомтод ажиллаж байхад тагнуулд нэг шинэ залуу ирсэн. Харахад сайхан өндөр, цагаан залуу. Их найрсаг. Их тусч, ямар ч хүмүүстэй яриад ойлголцдог, нээлттэй, мундаг харилцаа сайтай залуу байсан. Нөхрийнхөө харилцаа сайтай, тусч, айл сайтай байдалд нь татагдаж, 2012 онд нийлж, 2016 онд охинтой болж байсан.
-Та өөрийгөө танилцуулахдаа “хошуудын торгууд эмэгтэй” гээд тодотгож байсан. Үүгээрээ бахархдаг уу?
-Би торгууд эмэгтэй гэдгээрээ маш их бахархдаг. Манай баруун монгол эмэгтэйчүүд их дайчин, хөдөлмөрч, зүгээр сууна гэж байхгүй. Ямар нэгэн зүйл хийж байдаг, хөдөлмөрлөж байдаг ард түмэн.
-Хөдөлмөрлөх ёстой гэдгийг хэзээ ухамсарласан бэ?
-Биднийг бага байхад амралтын өдөр болохоор л өвөө эмээгийн гэр рүү явуулчихдаг байсан. Манай өвөө, эмээ нар бүгд багш нар хэр нь газар тариалан эрхэлдэг, ногоо тарьдаг маш хөдөлмөрч. Манай өвөөгийнх хөх тариа тарьдаг байсан. Түүнийг нь бид гараагаа хураадаг, гараараа тарьдаг байлаа. Багаасаа өвөө, эмээгийн гар дээр ажил хийж сурсан. Манай өвөө, эмээ бид нарт “Ажил хийвэл ам тосодно шүү” гэж их хэлдэг байсан. Залхуурч болохгүй гэдгийг сургасан. Гэрээсээ гараад оюутан болоод, энд тэнд явна. Залхуу байж болохгүй л гэсэн сургаал толгойд байдаг. Бидэнд багаас нь суулгасан ганц чанар тэр.
-Та биеэ, гэрээ засаж амжсан уу?
-Миний хувьд төрийн албанд цэргийн цол зүүгээд 9-10 жил ажилласан. Маш олон хүмүүстэй хамт олон болж, сайхан баг бүрдүүлж ажиллаа. Бизнес эхлүүлж, 4,5 жил хийлээ. Алдахдаа алдаж, онохдоо онолоо. Өнөөдрийг харахад ажил амьдрал маань Баярмаагаас шалтгаалахгүйгээр урсгалаараа сайхан явдаг болж. Энэ амьдралыг хүн шиг аятайхан босгох вэ гээд боддог байсан. Нэг л мэдэхэд бүх зүйл сайхан тэгширсэн байна. Одоо залуучуудынхаа төлөөлөл болоод ажиллахад миний хувьд бэлэн болсон гэж харж байна.
-Эх орондоо, энэ салбартаа юу хийе гэж зорьж байна вэ?
-Би Ховдын Булганы боомтод дөрвөн жил, Замын-Үүдийн боомтод зургаан жил ажилласан. Өөрөө доод шатнаас нь эхлээд төрийн албан хаагчаар 9,10 жил ажилласан хүний хувьд нийгмийн асуудлыг өөрчлөх юм сан гэсэн хүсэл, зорилготой байдаг. Одоо ч манай хуучин ажлынхан ярьдаг. “Ажлаасаа гарчих юм сан. Боломжтой бол Солонгос явах юм сан” гээд л. Бүр Солонгос явахын мөрөөдөл болчихсон. Гэтэл бид Солонгос явахгүйгээр нутагтаа цалингаа нэмэгдүүлээд, нийгмийн асуудал нь тав тухтай болоод ажиллаад эхэлбэл хэн ч гэртээ, аав, ээж, үр хүүхдийнхээ хажууд элэг бүтэн амьдрах боломж бий.
Залуус нийгмийн асуудлуудыг болохгүй байна, бүтэхгүй байна гээд л шүүмжлээд л байдаг. Гэтэл бид шүүмжилж суухын оронд төлөөлөл болоод оролцож, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсээ өөрсдөө тэмцэж, дотор нь ажиллаж, гаргалгаа эрэлхийлж, шат гүүр нь болъё гэсэн зорилготойгоор улс төрд зоригтой орж байна.
Ajilt husey mundag busgui shuu demjij bga