2024 оны 06-р сарын 06-ны өдрийн байдлаар Монгол улсын Үндэсний шигшээ багийн тамирчид спортын найман төрөлд 31 эрх аваад байна. Өчигдөр буюу 06-р сарын 05-ны өдөр МУГТ Б.Сэр-Одын эрх албан ёсоор баталгаажиж Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос олимпын эрх авсан орон орны тамирчны нэрсийг зарлалаа.
Монгол улсын баг тамирчдын олимпын эрх авсан спортын төрлүүдийг танилцуулъя.
Жүдо бөх 11 (нэг эрх нь багийн эрх юм)
Чөлөөт бөх 8
Бокс 2
Байт харваа 1 (ганцаарчилсан төрөл)
Буудлага 3
Хөнгөн атлетик буюу марафон 3
Дугуй 2 зэрэг эрхийг албан ёсоор аваад байна.
Байт харвааны тамирчдын хувьд импын эрх олгох сүүлийн тэмцээндээ өрсөлдөхөөр Турк улсыг зориод байна.
Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилттай холбогдуулан БТСУХ-ны ҮШБ-ийн дарга Э.Билэгтээс олимпын эрх, баг тамирчдын бэлтгэлжилтийн талаар тодрууллаа.
-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. “Парис-2024” олимпын наадамд Монголын баг тамирчид эрх нэмж авах боломж байна уу?
-Жүдо бөхийн шигшээ баг болон бусад багууд маань 06-р сарын 26-нд олимпын эрх нь эцэслэж ирнэ. Ингэснээр бид бүхэн Олимпын 30 гаруй, Паралимпын эрхүүдийг нэмээд нийт 45 орчим эрхийг авах дүр зурагтай байна. Баг тамирчдын бэлтгэлжилтийн байдлын тухайд олимпын бэлтгэлдээ гарах мөч эхэлж байгаа. Тамирчдын бэлтгэл сургуулилт дээр Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн харьяанд ажиллаж буй “Дэмжих баг”-ууд тухайн бэлтгэлүүдийг тааруулах, орчин нөхцөлийг судлах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Мөн тухайн дөрвөн баг дотор буй хоол зүйн баг, жингийн спортуудыг жинг нь тохируулах зэрэг асуудал дээр чухалчилж ажиллаж байгаа юм.
-Тайландын эрх олгох боксын тэмцээнээс манай улсын нэг тамирчин л эрхээ авлаа. Өмнө нь болсон Италийн тэмцээнд Монгол улсын боксчид оролцож чадаагүй нь хариуцлагын асуудал. Үүн дээр ямар хариуцлага яригдах вэ?
-Боксын төрөл дээр олгох гурван тэмцээн байсан. Азийн наадамд бүх тамирчид оролцсон. Эдгээр гурван тэмцээний хоёрт нь боксчид оролцсон гэсэн үг. Азийн наадамд манай эмэгтэй тамирчин О.Есүгэн эрхээ авсан.
Харин Италийн тэмцээнд боксын холбооны удирдлагуудаас шалтгаалаад эрх авах тэмцээнд оролцож чадаагүй ийм зүйл байгаа. Үүнтэй холбоотойгоор холбоодууд хариуцлагаа хүлээгээд шинэ бүрэлдэхүүнээр ажиллаад явж байна. Тайланд улсад болсон сүүлийн буюу гурав дахь эрхийн тэмцээнд нэг эмэгтэй тамирчин эрх авлаа. Эрэгтэй боксчид маань нэг ёсондоо энэ олимпыг өнжих болж байна.
Хоёр дахь олимпын циклдээ ажиллаж буй Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигаас “Дэмжих баг”-ийн талаар тодрууллаа.
-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. “Дэмжих баг” хоёр дахь олимпод ажиллаж байна. Өмнө ба одоо мөн дараа гэсэн өөрчлөлтүүд гарч байна уу?
-2020 онд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв бие даасан бүтэцтэйгээр байгуулагдсан. Ингэснээр Монгол улсад анх удаагаа Спортын шинжлэх ухаан дээр тулгуурласан үйл ажиллагааг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. 2021 онд болсон Токиогийн олимп, паралимпын наадамд бид бүхэн “Дэмжих баг”-ийг туршилтын байдлаар эхлүүлж ажиллуулсан. Өнөөдөр бол тодорхой үр дүн гарсан.
Үүний дараагаар Парисын олимп бол өмнөх олимпуудыг бодвол гурван жилийн циклтэй, маш ойрхон хугацаанд болж байгаа учраас онцлогтой. Гэхдээ энэ наадмын өмнө Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв дээр Үндэсний шигшээ багийн “Парис 2024” олимп, паралимпт оролцох баг тамирчдад дэмжлэг үзүүлэх дөрвөн багийг гарган ажиллуулж байна. Үүнд спортын сэтгэлзүй, хоол зүй, дасгалжуулалт, анагаах ухааны гээд 24 хүний бүрэлдэхүүнтэй бүтэн баг ажиллаж байна. Одоогоор бид бүхэн төлөвлөгөөгөө нарийн гаргачихсан ажиллаж байгаа.
Бид бүхэн Монгол улсаас Парисын олимп руу зорих хүртэл нягт хамтын ажиллагаатай ажиллах, дасгалжуулагч тамирчид, тухайн багуудын үйл ажиллагааг чанаржуулах тал дээр нарийн бодлогыг барьж явж байна.