Байгаль өөрөө амьтай. Байгалийг хуурах бүр буруу харьцах аргагүй. Иймдээ ч байгалиа хайрлан, хүндэтгэж энэ чиглэлээр ажиллаж, хөдөлмөрлөж яваа агрономич, ургамал болон хөрс судлаачдын ажлын үр дүнг бахадмаар.
Угтаа бол хүн амаар оруулж, ходоодондоо хийх хоол хүнсээ хаана, хэрхэн ургуулав, эрүүл, эко хөрсөнд тарьсан уу гэдгийг мэдэж байх учиртай. Тэгвэл энэ салбарт нэн тэргүүний чухал ач холбогдлоо өгөх хөрсийг агрономчид судалж үр дүнг нь бодит амьдрал дээр гаргаж ирдэг.
Газар тариалангийн салбарт 26 жил ажилласан Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны Тэргүүн Л.Баяртулгыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урилаа.
Тэрээр газар тариалангийн салбарыг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсныг яг тухайн цаг мөчид олж харан мэдэрснээр өөрийгөө хөгжүүлж суралцахаар шийджээ. Энэ шийдвэр нь түүнийг Канад улс руу хөтөлж докторын зэрэг хамгаалсан нь амьдралд нь авчирсан хамгийн том ололт байв.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Лхагвасүрэнгийн Баяртулга гэдэг. 1977 онд төрсөн. Багадаа эмээ дээрээ Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өссөн. Манай аав эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн ажилтан, ээж маань сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Манай гэр бүл аавыгаа ажил мэргэжлийнх нь онцлогийг дагаад их нүүдэг айл байсан. Хэнтий аймаг, одоо Орхон-Уул аймаг болсон Эрдэнэт хот, Дархан-Уул, Улаанбаатар хот гээд олон газруудад гэр бүлээрээ нүүж очоод аав маань ажилласан. Би Хөдөө, аж ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. Дараа нь тэжээлийн зарим нэг тарималуудыг, Канадаас ирсэн сортуудыг, Европоос ирсэн сортуудыг туршиж магистрын зэрэг хамгаалсан.
Байгалийг хуурах, буруу харьцах аргагүй байдаг
-Таны хувьд яаж яваад газар тариалангийн салбар руу хөл тавьчихав?
-Энэ мэргэжлээр маш их сонирхож сонгон суралцаад одоо салбартаа 26 жил ажиллаад явж байна. Магадгүй Сэлэнгэ аймагт өсөөд Дархан-Уул аймагт амьдарч байсан нь нөлөөлсөн байх. Нэгдүгээрт би агрономич хүн. Хоёрдугаарт ургамал судлаач, хөрс судлаач ийм хүний хувьд тэр байгаль дээр ургаж байгаа ургамал яаж ийм хүйтэн нөхцөлд ч юм уу, яаж ийм халуунд ч юм уу, яаж ийм хад асгатай газар ч юм уу. Юу нь ингээд энэ ургамлыг ургуулаад байна. Энэ өөрөө маш их сонирхол татдаг. Байгальтай харьцаж, ингэж ажиллаж амьдарч, хоббигоо хөдөлгөж явдаг хүний хувьд түүнийг хуурах арга байхгүй. Тэрэнтэй буруу харьцах аргагүй.
Салбартаа 26 жил тасралтгүй ажиллаж, дурлаж явна
-Энэ салбарт хашиж байсан алба бүхэн тань туршлага олгосон байх. Ажлын анхны гараагаа хаанаас эхлүүлэв?
-Бүх ажлыг л толгой дааж өөрөө хийнэ. Тэр ч бас жаахан нөлөөлсөн байж магадгүй. Ер нь өөрөө толгойгоороо дааж, өөр дээрээ хариуцлага үүрч, ажиллахыг боддог. Сэлэнгэ аймгийн Мандал сум, хуучнаар Зүүнхараагийн сангийн аж ахуй гэж ярьдаг байсан. Тэнд Алтанбороо гэдэг компанид ерөнхий агрономичоор, өвөл нь өөр зарим нэг ажилд нь туслаад ажилладаг байлаа. Мөн ХАА-н яамны дэргэд байдаг Европын холбооны тасисс гэж төсөл байсан. Энэ төсөл дээр дотоодын мэргэжилтэн, усалгааны агрономич, тэжээлийн агрономич зэрэг ажил албуудыг хашиж байсан. Төсөл дуусаад 2005 онд Канадад хөрсний чиглэлээр магистрт зорин очиж суралцаж төгссөн. Эх орондоо буцаж ирээд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллая гээд өргөдөл өгсөн боловч санаад оромгүй зүйл болсон. Тухайн үед ХАА-н яаманд Д.Тэрбишдагва сайд маань байсан. Ингээд намайг тус яаманд Гадаад бодлогын зөвлөхөөр ажилд орохыг урьсан. Ер нь Олон улсын түвшинд энэ хөдөө аж ахуйн салбарыг, хүнсний салбарыг яаж авч явах талаар зөвлөх хэрэгтэй байгаагаа дуулгаад ингээд би зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.
2007 онд Монгол улс хүнсний хомсдолд ялангуяа гурилын хомсдолд орохоор ийм эрсдэлтэй байдал үүссэн. Хойд хөршөөсөө хоолоо гуйхдаа тулж байсан. Тухайн үеийн төр засагт байсан удирдлагууд ер нь айлаас хүнсээ гуйж болохгүй юм байна. Нэгдүгээрт жаахан ичгэвтэр байдал. Нөгөө талаар улс л юм бол айлаас хоол гуйж явна гэж юу байхав дээ. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлээр хүнсээ хангах нь чухал юм байна гэдэг асуудлыг нэлээн өндөр хэмжээнд тавиад Атрын III аяныг эхлүүлсэн. Тухайн үед би яамны газар тариалангийн газрын дарга болж таарсан. Ингээд Атрын III аяныг тодорхой хугацаанд доод шатанд нь хэрэгжүүлэх ажлыг хийсэн. Ингэснээр Монгол улс 2010, 2011 онд үндсэндээ дотоодын хэрэглээгээ хангаад эхэлсэн юм.
Газар тариалангийн салбар шинжлэх ухааны үндэслэлтэй
хөгжих шаардлагатай
-Газар тариалангийн салбар маш чухал салбар. Эрүүл хүн байхын тулд эрүүл, эко хүнс хэрэглэх нь зүйн хэрэг. Иймээс таны хувьд энэ салбарт хийж хэрэгжүүлэх ажил их байгааг олж харан Канад улсыг зорьжээ.
-Миний хувьд үйлдвэрлэлд ч мөн төр засагт ажиллаж байсан. Энэ салбар шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих шаардлагатай. Тэр дотроо хөдөө аж ахуйн салбарын хөгжил шинжлэх ухаантай уялдах ёстой. Үүнийг одоо яаж улс орнууд Олон улсын түвшинд хөгжүүлээд байгаа юм. Шинжлэх ухаан талдаа юу байх ёстой юм. Энэ талаар нэлээн бодож байгаад шийдвэрээ гаргасан. Ингээд Канад улсад докторын зэрэг хамгаалахаар явсан. Энэ шийдвэрийг гаргасандаа ч маш их урамтай явдаг. Канадад олон зүйлийг сурч мэдэж авсан даа. Ингээд 2022 онд докторынхоо ажлыг хамгаалсан. Үүний дараа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк гээд энэ газруудад зөвлөхийн ажлуудыг хийж байгаад Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн Проректороор ажилласан.
Хөх далайн хальс буюу чонын элэг хэмээх онцлогтой
ургамлыг судалдаг
-Та судалгааны олон ажлыг хийжээ. Сарын бүх л өдөр, ихэнх цаг хугацаагаа лабораторид өнгөрүүлдэг юм байна. Одоо яг ямар ургамлыг судалж байна вэ?
-Хөх далайн хальс, чонын элэг гэдэг энэ ургамлыг судалдаг. Энэ ургамал өөрөө бас их онцлог ургамал. Маш их хүйтэнд тэсвэртэй. Бараг -50 градус хүртэл тэсвэрлэх чадвартай. Хавар хамгийн эрт дэлхийн бөмбөрцгийн хойд бүс нутагт бий болох боломжтой ийм жимс. Жимс өөрөө нэрснээс шим тэжээлийн болоод ач холбогдолтой тэр бодисоороо хэд дахин илүү. Тухайлбал антиоксидант ихтэй, курецетин гэж бодис байдаг. Энэ бодис нь агууламж маш өндөртэй. Иймээс энэ бодисыг хүний насыг уртасгах ийм боломжтой гэж үздэг. Ер нь ирээдүйд Япон болон Зүүн Өмнөд Ази руу маш том экспорт, биологийн идэвхт бодисоор, биологийн идэвхт хүнсний нэмэлтээр ашиглаж болох ийм ач холбогдол, үр дүнтэй супер жимс.
Энэ салбарт ойрын хугацаанд,
дунд болон урт хугацаанд хийх ажлууд их байна
-Та шинэ албаа хүлээж аваад удаагүй байгаа. Цаашдын төлөвлөгөө зорилтоо хуваалцаач.
-Саяхан сар гаруй хугацааны өмнө Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны Тэргүүнээр ажиллах санал ирсэн. Гэхдээ энэ бол сонгуульт ажил. Энэ дээр бас тариаланчдын чуулган болж нэрээ дэвшүүлэн сонгогдоод ажиллаж байна. Ажлаа аваад удаагүй. Гэсэн хэдий ч аль болох шуурхай, Монголын газар тариаланг эрсдэл даах чадвартай, байгаль орчиндоо ээлтэй, тэгээд дотоодынхоо хэрэгцээг хүнсээр хангахаас гадна бүр экспортолдог ийм салбар болгохын төлөө зориод ажиллаж байна даа. Ойрын хугацаанд хийх ажлууд нэлээн байна. Дунд хугацаанд хийх ажлууд байна. Бүр урт хугацаандаа суурийг нь тавих ажлууд ч байна.
Газар тариалангийн салбар байгалийн нөлөөллөөс ихээхэн хамаардаг. Ялангуяа Монгол орны хувьд. Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй дэлхий даяар явагдаж байна. Энэ бол Монголд бүр хамгийн айхтар мэдрэгдэж байгаа. Ер нь дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын нэг бол Монгол.
Тэгэхээр энэ бол газар тариаланд шууд нөлөөлөхөөр ийм хүчин зүйл байгаад байна. Хоёрт манайх жижигхэн улс. Дээрээс нь хоёр том гүрний дунд оршдог. Далайд гарцгүй учраас экспортын чиг баримжаатай үйл ажиллагаа явуулахад зөвхөн хоёр хөршийн нутгаар дамжин экспорт хийх ийм шаардлагатай болдог. Гэсэн хэдий ч үүнийг даван туулах арга замууд байна. Ийм тодорхой эрсдэлүүд нэлээн байгаа учраас энэ салбарыг нэгдүгээрт даатгалын системтэй маш сайн цогцоор нь уях бодлого хэрэгтэй байна.
Ярилцсанд баярлалаа.