МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, нэрсийг урьдчилсан байдлаар тохирсны дараа Бага хуралд хүргүүлжээ.
МАН жагсаалтаа ерөнхий байдлаар тохирч, жагсаалтад “Шарк” Д.Энхтүвшин тэргүүтэй залуу үеийнхэн багтсан.
Тэрээр Х хуудаснаа дараах байр суурийг илэрхийлэн нийтэлжээ.
Нийтлэлд, “Нийгмийн түншлэлийн 3 талт хэлэлцээрийн талууд болох Үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогчдын төлөөллийн байгууллагуудын удирдлагыг жагсаалтын эхний 10-д оруулж хууль тогтоох байгууллагад төлөөллөө оруулах боломжийг МАН гаргаж байгаа юм байна. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг хэд хэдэн байгууллагуудын дундаас МҮХАҮТ-ыг ажил олгогчдын төлөөлөх нь зөв гэж үзээд жагсаалтад нэрээ оруулах саналыг тавьсан юм байна. Бусад нам, эвслүүдээс ижил төстэй санал ирээгүй.
Хувь хүнийхээ хувьд хүлээн авахааргүй санал байсан ч олон мянган бизнес эрхлэгчдийн, ялангуяа жижиг, дунд болон залуу бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийн үүднээс энэхүү саналыг боломж гэж ойлгон хүлээн авахаар шийдлээ.
Хүмүүсийн сайхан амьдрах эсэх нь аль нэг нам, хэн нэгэн сайд, дарга нараас биш, өөрсдийнхөө төлөө хүлээх хариуцлагаас нь хамаардаг байгаасай, хариуцлагатай хүн бүрд хөгжин дэвжих боломж нь нээлттэй байгаасай гэж хүсдэг. Энэ боломжийг эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр л хангах боломжтой.
Компаниуд төлөөллийн байгууллагуудаараа дамжуулан гишүүд, сайд, дарга нартай маш олон хурал, цуглаан, уулзалт хэлэлцүүлэг хийж санал, шийдлүүдээ хүргүүлдэг ч үр дүн багатай, нөлөө, хүч сул байна. Мэдээгүй байхад л гэнэт, шинэ шинэ хууль, зохицуулалтууд гарч байна.
Өнөөгийн бизнесийн орчноос харахад татвар, бизнесийн хууль эрхзүйн орчныг цогцоор нь сайжруулах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнийг хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд илүү хамтарснаар, илүү чадавхажснаар, хууль тогтоогчидтой илүү уялдаатай ажилласнаар хангах боломжтой. Гэхдээ одоогийн байгаа систем, бүтцүүдийн боломж хязгаарлагдмал байна.
Танхимын хуулийг эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, институтуудыг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөхөөр санал оруулсан бөгөөд шинэ хууль батлагдвал 2025 онд эдийн засгийн салбаруудын холбоо, танхимуудын удирдлагууд дундаас танхимын дараагийн ерөнхийлөгч сонгогдох бөгөөд миний хувьд дахиж энэ сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ сонгогдохдоо илэрхийлсэн байгаа. Хэрвээ УИХ-д хувийн хэвшлийн төлөөлөл болж орвол 2028 он хүртэл хувийн хэвшил болон хууль тогтоох байгууллага хоорондын гүүр болон бодлого, шийдвэрүүдийг гарахаас нь өмнө оролцож, нөлөөлөх боломжтой болно гэж ойлгож байгаа.
Өсөн нэмэгдэж буй гадаад орчны зөрчилдөөнт, тогтворгүй байдлууд биднийг эдийн засгийн хувьд хурдан бие даахыг, судалгаа, шинжилгээтэй урт хугацааны хөгжлийн бодлоготой байхыг, шийдвэр гаргах эр зоригтой байхыг шаардаж байна. Үүний төлөө энэ удаагийн парламентад нам, эвслүүд илүү олон залуучуудаа нэр дэвшүүлж, илүү олон залуучууд сонгогдоосой гэж бодож байна” гэжээ.