“Сайн байна уу” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт эрх зүйч, Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаярыг урьж, ярилцлаа. Тэр хуулийн сургуулийн багш, түүхэд дурлагч, бие, сэтгэлээрээ амар амгаланг мэдэрч амьдрахыг эрхэмлэдэг нэгэн.
Ч.Өнөрбаяр өмгөөлөгч эсвэл прокурор болох мөрөөдөлтэй байсан ч хуулийн сургуулийн багш, хуулийн онол, зарчим заадаг болжээ.
Тэрээр,
“Би багш болсондоо харамсдаггүй. Өөрөө прокурор, өмгөөлөгч болоогүй ч тийм чиглэлийн хүмүүс бэлтгэнэ гэдэг илүү үнэ цэнтэй байж магадгүй. Би хуулийн сургуульд багшилсан ажилдаа, хуулийн сургуулийн багш болсон замналдаа илүү дуртай байдаг.
Багшийн хамгийн сайхан нь өөрөө зөвхөн оюутнуудад хичээл заах бус тэднээсээ суралцдаг, хамтарч хөгждөг, мэдлэгээ хуваалцдаг. Жинхэнэ шинжлэх ухааны үнэн гэдэг хэн нэгэн ухаантай хүнээс гарч байгаа үг бус эрүүл мэтгэлцээн, шүүмжлэл, янз бүрийн байр суурь, үзэл бодол тэдний уралдаан дундаас жинхэнэ үнэн тодордог. Тиймээс багшлах ажил намайг хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвшихэд, сэтгэлгээгээ тэлэхэд маш их тус дэм болсон” гэв.
Түүний хувьд 10 орчим жил хуулийн сургуульд багшилж, эрдэм шинжилгээний ажил хийж байгаад төрд орж ажиллажээ.
“Анх Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгууллагад орж ажилласан. Энэ хугацаанд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахад гар бие оролцож явсан. Дараа нь Авлигатай тэмцэх газарт хэсэг хугацаанд ажилласан. Энэ хугацаанд авлигын индекс тодорхой түвшинд буурсан. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан. Энэ бол цэвэр миний хувьд анхны улс төрийн албан тушаал байсан. Энэ хугацаанд Шилэн дансны хууль, Нээлттэй сонсголын хууль, Ирээдүй өв сангийн хууль гээд 20 гаруй хууль баталсан. Оюутан цэрэг хөтөлбөр гээд хүмүүс мэднэ. Үүний дараа явсаар одоо юу хийж байна вэ гэвэл илүү улс төрийн ажилдаа төвлөрч, Ардчилсан намын Хуулийн асуудал хариуцсан дэд дарга, улс төрийн зөвлөлийн гишүүн гэдэг алба хашиж байна” гэлээ.
АСУУДАЛ ГАРАХАД АСАЖ, ДҮРЭЛЗЭХ БУС, ТЭВЧИЖ, АНЗААРЧ, ТОЙРЧ ГАРАХ УХААН ХЭРЭГТЭЙ
Тэрээр үргэлжлүүлэн “Хүүхэд унаж, босож байгаад л хүн болж, буруу ярьж байгаад л зөв ярьж сурдагтай адил өнөөдрийг хүртэл маш олон зүйл алдаж ирсэн. Залуу насандаа гал цогтой, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үе байсан. Хэт зоригтой. Түүнээсээ болж алдаж байсан ч зүйл бий. Онож байсан зүйл ч бий.
Монголчууд “Дөч хүрсэн эр. Дөрөө шүргэсэн ат” гэдэг дээ. Одоо илүү чөмөг сууж, зангараг сууж, юманд арай өөр байдлаар ханддаг болсон. Өмнө нь юм л бол дүрэлзээд л, хүлээж авч чадахгүй байсан зүйл цөөнгүй. Харин одоо илүү тэвчээрээр давах ёстой гэдгийг ойлгосон. Хүн маш олон зүйлийг өөртөө шингээх ёстой юм байна. Ухаан зарж олон асуудлын ард гарах ёстой юм байна гэдгийг боддог болсон. Өнөөдрийн энэ Ч.Өнөрбаярыг, намайг алдаа, оноо маань л бүтээсэн.
Уулын мод урттай, богинотой гэдэг шиг энэ хорвоод төгс төгөлдөр, алдаагүй хүн гэж байхгүй. Тэр битгий хэл хорвоо ч өөрөө төгс төгөлдөр биш. Хар цагаан, өдөр шөнө ээлжилж байдаг.Яг л ийм замаар явж байсан. Цаашдаа ч ийм замаар явах л байх.
Амьдралд гурван төрлийн хүн байдаг болов уу гэж боддог. Улсдаа хорлолтой, бусдад буюу гэр бүл, найз нөхдөдөө хорлолтой, өөртөө хорлолтой гэж. Өөртөө хорлолтой бол дүүрсэн хэрэг. Тэвчээд, даваад гарах ёстой. Бусдад аль болох бага хорлолтой, улсад бүр хорлолтой байж болохгүй гэдэг зарчмаар явах ёстой гэж боддог. Би хэдий олон ном уншаад бусад бүх хүний мэдэж байгаа сайн зүйлийг олж авч чадахгүй. Үүнийг хүнтэй хамтарч ажиллаж байж, харилцаандаа, нөхөрлөлдөө гээд олон зүйлээс авч байгаа. Аль болох бусдын сайн зүйл, сайхан чанараас нь суралцах юм сан. Болж өгвөл өөртөө дадал хэвшил болгох юм сан гэж хичээдэг” гэв.
ТҮҮХ НАДАД ИРЭЭДҮЙД ЗӨВ ЯВАХ ЛУУЖИН БОЛДОГ
Түүний хобби нь түүх унших. Хүн төрөлхтний бүх цаг үеийн санах ой байдаг учраас түүхд дуртай аж. Түүх бидний ирээдүйд зөв явах луужин гэж үздэг тухайгаа ч хуваалцсан юм. Түүхийг уйтгартай гэж бодох олон хүн байдаг ч сонирхол, хоббигоо болгосон хүний хувьд түүхийг хичээл, шалгалт өгдөг зүйл гэж бодолгүй, өөрийн дуртай зүйлийнхээ түүхээс эхлэн судалбал илүү сонирхол татам байх болно гэж зөвлөлөө.
Тэрээр “Бидний өнөөдөр ирсэн амьдрал, хөгжил, дэвшил бүх зүйл гэв гэнэт оргүй хоосноос бий болоогүй. Хүн төрөлхтний бүхэлд бүх цаг үеийн санах ой тэнд байдаг учраас би түүх унших дуртай. Түүх өөрөө бидний ирээдүйд зөв явах луужин гэж ойлгодог. Бидэнд зөв бодох арга ухаан суулгадаг. Түүх гэдэг зүгээр л өнгөрсний тухай дурсаад байдаг зүйл биш. Өнгөрсөн тэр сургамжаас харж, ирээдүйнхээ чигийг зөв тодорхойлдог учраас би түүхийг шимтэж судалдаг. Түүнийгээ хобби болгосон. Гэхдээ би түүхч мэргэжилтэй биш. Түүхээр янз бүрийн ном бичдэггүй ч түүхийг дур сонирхлоо болгож уншдаг, шимтдэг. Түүхээс маш олон өөрт хэрэгтэй мэдрэмжүүдийг олж авдаг.
Түүхийг хичээл, шалгалт өгдөг зүйл гэвэл уйтгартай. Кофенд дуртай хүн кофены түүхийг уншиж, мэдвэл түүндээ илүү дурладаг, бусдад сайн тайлбарладаг. Улаан дарсыг хамгийн сайн мэддэг, улаан дарс яаж гарсан, усан үзмийн чанар, түүхийг мэддэг хүн илүү гоёор тайлбарладаг. Түүх ерөөсөө бидний хажууд байдаг зүйл. Хийж байгаа зүйлс, дуртай зүйлс бүхэн чинь өөрийн түүхтэй. Сагсан бөмбөг өөрийн түүхтэй. Хөл бөмбөг өөрийн түүхтэй. Кино урлаг, энтертайнмент ертөнц өөрийн түүхтэй. Тэр бүхний түүхийг илүү гүнзгий мэдэж байгаа хүн тэр салбарт амжилт гаргадаг. Илүү хол алхдаг. Тэр салбарынхаа талаар илүү ихийг олж харж чаддаг. Дуртай зүйлийнхээ түүхийг мэд. Тэгвэл чи тэр салбартаа амжилт гаргаж, дур сонирхол чинь илүү ойрхон болно” гэлээ.
СЭТГЭЛДЭЭ АМАР АМГАЛАНГ МЭДРЭХ НЬ АМЬДРАЛЫН УТГА УЧИР
“Хүний сэтгэл зөв бол бодол зөв болдог. Сэтгэл нь зөв байгаад, бодол нь зөв хүний үйл хэрэг нь ч зөв л байдаг. Энэ зарчмыг аль болох хэвшүүлэхийг боддог. Энэ зүйлд амьдарч чадаж байвал би өөрийгөө утга учиртай амьдарч байна гэж бодох гээд байна. Мөнхийн зүйл гэж байхгүй. Бид нэр хүнд гэдэг зүйлийг аваад явахгүй, эд баялгийг аваад явахгүй. Эрх мэдлээс төрсөн хүн байхгүй шүү дээ. Төрөхдөө л дарга болоод төрсөн хүн байхгүй. Бүгд лээжээс төрсөн. Тэгэхээр албан тушаал ч хүний үнэ цэнтэй зүйл биш. Сэтгэлийнхээ хувьд амар амгалан байж болох тэр зүйл л бүх амьдралын утга учир. Гэхдээ тэр зүйлийг өөрөө өөртөө бийг болгодог болохоос гаднаас эрж, хайгаад болохгүй. Хорвоогийн бүх өргөсийг түүж бардаг зүйл гэж байхгүй. Сэтгэлдээ л бид хандлагаа зөв болгож, сэтгэлээрээ өөрөө тусгаж авч буй зүйлээ эерэг болгочихвол тэр жинхэнээсээ утга учиртай амьдрал гэж би боддог” гэв.