“Сайн байна уу” хөрөг ярилцлагын энэ удаагийн дугаараар иргэдийн төлөөлөгчдийн хуралд ард олныхоо итгэл, хүндлэлийг дааж сонгогдсон, өдгөө Чингэлтэй дүүргийн Засаг даргын албыг хашиж буй Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. Төрийн албанд тасралтгүй 16 жил ажилласан тэр энэ хүртэл ээж аавынхаа захиасыг гээхгүй байхыг эрхэмлэж иржээ.
Бага наснаасаа номд шимтэж, үлгэр домогт дурлах болсон нь өнөөдрийн нийгмийн идэвхтэй, бусдын төлөө гэх чинхүү сэтгэлт бие хүнийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Бага балчир насаа өвөө эмээ дээрээ өнгөрүүлсэн түүнтэй бид ажил амьдралынх нь талаар болон үзэл бодол, баримталдаг зарчмаас нь хуваалцлаа.
ӨВӨӨ, ЭМЭЭ ДЭЭРЭЭ ӨССӨН БОЛОХООР ЗӨВ ХҮН БАЙХЫГ Л ХИЧЭЭДЭГ
Тэрээр, “Би Баянхонгор аймагт төрж өссөн. Өвөө, эмээ дээрээ хүүхэд насаа өнгөрүүлсэн. Тэндээс номтой нөхөрлөх замнал минь тавигдсан. Энэ нь цаашлаад ирээдүйн мэргэжлээ эзэмших, нийгмийн ажилд идэвхтэй байхад шууд нөлөө үзүүлсэн байх гэж би боддог. Бага байхдаа Сумын заан цолтой аавыгаа дагаж, спорттой ойр өссөн учир хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байсан удаатай. Спортоор хичээллэж байсны ачаар тууштай, шантрахгүй байх, бэрхшээлд сөхөрчихгүй байх хатуужлыг олж авсан юм.
Миний хувьд МУБИС-ийн анхны төгсөгчдийн нэг. Түүх, нийгмийн багш мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд улс төрийн ажил руу л орсон доо. Миний зам мөр тэгж таарсан юм шиг билээ.
Амьдралдаа баримталдаг зарчим багагүй бий. Өвөө, эмээ дээрээ өссөн болохоор зөв хүн байх юмсан гэж цаг ямагт хичээнэ. Ээж, аавынхаа захиасыг гээчихгүй юмсан гэж шамдана гээд л. Аливаа зүйлд ухрахгүй, няцахгүй, тууштай, зоригтой байх юмсан гэсэн зарчмыг баримталдаг. Ер нь нэг тийм ухарч няцаад, халшраад, юмнаас хойш суугаад байвал ажил бүтэхгүй шүү дээ. Аливаа ажлын ард гарсны дараа өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өнгөндөө зөв гэж бодож явдаг. Энэ нь миний хувьд зөв зүйл.
ЭР ХҮН АЛИВАА БЭРХШЭЭЛД БУУЖ ӨГӨӨД БАЙЖ ТААРАХГҮЙ
Аль ч зүйлд шударга хандах юмсан, асуудалд өөрийнхөөрөө зөв тууштай хандах ёстой гэсэн бодол надад бий. Ялангуяа эр хүний хувьд амьдралаа авч явна, гэр бүлээ авч явна, найз нөхдөдөө түшиг тулгуур болох ёстой болдог.
Өөрт нь итгэж байгаа хүмүүсийн туг далбаа нь байхыг хичээдэг. Энэ эх орондоо эзэн нь байхыг эрхэмлэдэг. Тийм учраас эр хүн бол зовлонд сөгдөөд л, үгэнд няцаад л, бэрхшээлд бууж өгөөд байж таарахгүй л гэж боддог юм” хэмээн ярилаа.
Түүний хувьд их сургуулиа дүүргээд л ажлын анхны гараагаа Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос эхэлж байжээ.
Тэрээр “Иргэдийнхээ, олон түмнийхээ дэмжлэгээр дүүрэгтээ дахиж сонгогдоод мөн Нийслэлийн иргэдийн хуралд хоёр ч удаа сонгогдлоо. Энэ бүхэн шантрахгүй байсан зарчим л гэж би хувьдаа боддог юм.
Ковид цар тахлын нөхцөл байдлын үед дүүргийн Засаг даргын ажлыг авсан. Мэдээж тухайн үед улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе.
Ажил авахад зарим хүмүүс эсэргүүцэж байсан. Тэр хүмүүстэйгээ ойлголцох гэж, хийх гэж байгаа ажлуудаа танилцуулах ийм сорилт миний өмнө тулгарч байсан. Гэсэн хэдий ч дүүргийн Иргэдийн хуралд хоёр удаа сонгогдоод ажилласан хүний хувьд, дүүргийнхээ төрийн албан хаагч нартай, хороодын засаг дарга нартай, иргэдтэйгээ ойлголцол маш богино хугацаанд бий болсон л доо. Тийм учраас тэр хүнд хэцүү цаг үеийг бид хамтдаа давж гарсан. Олон хүн их хүндээр өвчилж, зарим нь сэхээнд орж, маш хүчтэй эм тариа хийлгэж, хөл дээрээ босож ирсэн. Тийм цаг үе дээр бид ажиллаж байсан.
Дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа, эсвэл ажлаа өгөөд явж байхдаа би хувьдаа дүүргийн засаг дарга болно гэж бодож, төлөвлөж, мөрөөдөж байсангүй. Яг л ажлаа хийж явж байгаад л буцаад энэ дүүрэгтээ ажиллах хариуцлагатай ажил ноогдоод, улс төрийн шийдвэрээр ажиллаж байсан. 16 жил дүүргийнхэнтэйгээ нягт хамтран ажиллаж байлаа. Энэ дотор унаж босох зүйл зөндөө байсныг нуухгүй ээ. Залуучууд нийгмийнхээ үйл явцын хөгжилд оролцож байж улс оронд хөгжил тэр хэрээр хурдан ирнэ. Залуучууд аливаа цаг үеийн бүх өөрчлөлтийг хийж байсан. Улс төрийн ажилд тийм нэг тууштай байх, шударга байх, хамт олонч байх их чухал гэж боддог” гэж хуучиллаа.