“Цэвэр гарын дүрэм” үйлчлээгүй бол хувийн өмчийг хамгаалдаггүй
–Та Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудлыг барьж аваад, богино хугацаанд шийдлээ. Цаг үеийн энэ асуудлаар эхэлж тодруулмаар зүйлс байна. Яагаад анх Төв цэнгэлдэх хүрээлэн дээр төвлөрч, ажиллах болсон юм бэ?
-Баяр наадмын комиссын бэлтгэл ажил эхэлснээр анхаарал татсан л даа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал нэлээд ярвигтай, хөндөх цаг нь болсон гэдгийг учир мэдэх хүмүүс ч ярьдаг байв. Ингээд илүү нухацтай, ул суурьтай хандах хүрээнд архивын баримт материалуудыг татаж үзсэн. Ний нуугүй ярихад, Төв цэнгэлдэх хүрээлэнг нурааж, Хүй долоон худаг руу нүүлгээд, үлдсэн газрыг нь дахиад л зарах дүр зураг ажиглагдсан. Тийм нөхцөл нь бүрдчихсэн байсан.
Төв цэнгэлдэх хүрээлэн бол олон утгаар шударга бусын бэлгэ тэмдэг болсон сэдэв.
Ингээд нэлээд нухацтай ажилласан л даа. Санхүүгийн тайлангаа ч өгөхгүй явж ирсэн юм билээ, наад зах нь. Өөрөөр хэлбэл, хууль зүйн үүднээс шаардлага тавьж, арга хэмжээ авах бүрэн боломжтой харагдсан.
Хууль бол хууль учраас шаардлагаа тавиад, шахаад ирэхээр нөгөө тал эрхгүй буулт хийлээ. Ингээд НИТХ-ын хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэл 100 хувь эзэмшилдээ авлаа. Ингээд дуусахгүй, одоо бидний ажил эхэлнэ.
–Төрийн өмчид буцааж авахаар “Хувийн өмчийг булаалаа” гэж шүүмжлэх өнцөг бий л дээ. Хуучин өмчлөгч талаас гомдолтой үлдэж буй тал бий юу?
-Хууль зүйн хувьд, хувийн өмч л бол бүх талаар хамгаалагдана гэдэг ойлголт байхгүй. Би Монголоос гадна Нью-Йоркод хуульчаар ажиллах эрхтэй, шүүхэд нь тангараг өргөсөн. Францад ажиллаж, Японд сурсан. Эдгээр улс орнуудад нэгэн ижил “Цэвэр гарын дүрэм” үйлчилдэг.
Өөрөөр хэлбэл, хувийн өмчийг авлигаар, шударга бус аргаар олж авсан бол тэр хамгаалагдахгүй. Луйвардаж авчхаад, “Миний хувийн өмч” гэж маргахгүй л гэсэн үг.
Төв цэнгэлдэх хүрээлэн бол үүнтэй ижил жишээ. Иймд хувийн өмчийг хамгаалах тухай асуудал яригдах бололцоогүй. Өөрөөр хэлбэл “Цэвэр гарын дүрэм”-ээр олж авсан хувийн өмч байгаагүй.
Цэвэр хуулийн хүрээнд асуудлыг гаргаж тавьсан тул нөгөө талд маргах үндэслэл олдоогүй, өөрсдөө хариуцлагаа ч ухамсарлаж буй болов уу.
Одоо үр дагавартай ажиллахгүй. Шалтгаантай нь, углуургаар нь тэмцэнэ
–Манай Нийслэл бол хугарлын цэг дээрээ ирсэн гэмээр хот. Шийдэх асуудал их, гарц нь төвөгтэй. Ямар ч шийдэл олсон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлтэй. Ийм нөхцөлд та Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Та Нийслэлийн яг аль сегментэд л илүүтэй анхааръя гэж зорьсон бэ?
-Миний хувьд 2023 оны аравдугаар сарын 18-нд томилогдсон. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдол хариуцсан орлогч.
Таны хэлдгээр Нийслэлд тулгамдсан асуудал олон, шийдэхэд урт хугацаа бөгөөд дэс дараатай үйл ажиллагаа шаардана. Хамгийн томыг нь нэрлэвэл агаар, орчны бохирдол ба түгжрэл.
Иймд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ахиц дэвшил авчрах, ядаж зөв бодлогын эхлэлийг тавилцах зорилготой ажиллаж байна.
Бохирдлын эх үүсвэр бол ерөөс гэр хороолол. Учир нь дулаан хангамж, инженерийн бүтэц тэнд хөгжөөгүй. Иймд хатуу түлш түлнэ. Мөн ариутгал, татуургын дэд бүтцэд холбогдоогүй тул нүхэн жорлонтой. Хотын дэд бүтцээ тэлээгүйн тухай асуудал болохоос гэр хороололд амьдарч буй иргэдийн буруу огт биш гэж хардаг.
–Дэд бүтцэд холбогдоогүй хэмжээгээр тэргүүлдэг, өөрөөр хэлбэл хамгийн их гэр хороололтой хэсэг аль вэ?
-Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг. Цаашлаад Сүхбаатар, Баянзүрх дүүрэг орно.
Чингэлтэй дүүрэг бол хамгийн их гэр хороололтой.
Дулаан хангамжийн дэд бүтцийн тухайд, төрөөс татаастай. Тариф нь төрийн зохицуулалттай явдаг. Судалгаагаар, 50 м.кв орон сууцанд амьдардаг дөрвөн ам бүлтэй гэр бүл дулаан болон халуун усны төлбөрт сардаа 40-50 мянган төгрөг төлдөг юм байна.
Харин гэр хорооллын айл зөвхөн түлшинд 100 гаруй мянган төгрөг зарцуулна. Ам бүлийн тоог дөрөв гэвэл энэ тоо 200 мянга хүртэл өснө. Дахиад халуун усны зардал буюу усаа халаах зардлыг нэмж байж орон сууцны айлын 40-50 мянган төгрөг гэдэг тоотой харьцуулах нь.
Тэгэхээр байшин хороололд байгаа хүмүүст л төр хөнгөлөлтөө үзүүлж байна. Гэр хороолол илүү зардалтай байгаа биз. Мөртлөө өрхийн дундаж орлого нь илүү бага шүү дээ. Иймд тэгш нийгмийг бүтээх агуулга бүхий ерөнхий зохицуулалт алдагдаж байна.
Иймд цаашид гэр хороололд илүү хөрөнгө зарж, бодлогоо чиглүүлэх шаардлагатай.
–Гол шийдэл нь?
-Шууд орон сууцжуулах.
Одоогоор Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Сэлбэ дэд төв”, “Баянхошуу дэд төв” төслүүд хэрэгжиж байна. Эхний ээлжид 158 га газрыг чөлөөлж, 12 мянган айлын орон сууц барина. Тэр тооны яндан, нүхэн жорлонг буулгана.
Углуургаар нь л шийдэхгүй бол түлш, зуух, дулаалга, янданг оролдоод нэмэргүй. Үр дүн өгдөг нь өгсөн, өгдөггүй нь өгөөгүй. Одоо дараагийн шатны шийдэл рүүгээ орох буюу үр дагавартай нь биш шалтгаантай нь тэмцэх хэрэгтэй.
–Та зуух тараана гэж ярилаа хэмээн шүүмжлүүлж байсан санагдаж байна. Тэр юу байсан юм бэ?
-Стандартын шаардлага хангадаггүй зуухтай айл өрх олон. Тэр дундаа зуухаа шинэчлэх санхүүгийн боломжтой нь бүр цөөн.
Бид мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачидтай үргэлж зөвлөдөг. Тэд түлшийг мянга сайжруулаад зуух нь өөрчлөгдөхгүй бол үр дүн гарахгүй гэдэг. Өөрөөр хэлбэл түлш гүйцэд шатах ёстой. Уламжлалт зуухтай нөхцөлд, ямар ч түлш түлсэн стандартаас илүү л угаарын хий ялгарна.
Айлуудаар явж, судалгаа хийхэд битүүмж нь алдагдсан, хагарч цуурсан, эсвэл уламжлалт зуухтай байх нь элбэг. Уламжлалт зуух өөрөө сайжруулсан зуухнаас гурав дахин хямд. Сая төгрөгөөр сайжруулсан зуух худалдаж ав гэж шаардах амаргүй. Иймд санхүүгийн боломж хүнд айл өрхөд богино хугацааны шийдэл санал болгож, зуухыг нь шинэчилье, зэрэгцүүлээд орон сууцжуулах төслөө хэрэгжүүлье гэдэг сонголт бидний өмнө тулгараад байсан.
Гэхдээ асуудал их. Иргэдийг халамжид дасгах буруу. Нөгөө талаар, зуух өглөө, түүнийг хэрэглэхгүй байвал, долоо хоногийн дараа зарчихвал хүссэн үр дүн гарахгүй.
Энэ үүднээс дахин нухацтай судалж, ерөөс орон сууцжуулах төсөлдөө л 100 хувь анхаарахаар шийдсэн.
Одоо Засгийн газар тогтоол гаргаж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг тусгай хэрэгцээнд авах учиртай. Ингэвэл цаашид газар дахин зарагдах эрсдэлээс сэргийлж чадна.
Нөгөө талаар, үндэсний баяр наадмын бэлгэ тэмдэг болсон стадионоо олон улсын жишигт хүргэн, сайжруулах нь зүйтэй. Би Токиод долоон жил амьдарсан. Ойролцоо нь амьдардаг байсан болохоор “Tokyo Dome” сэтгэлд үлдэж. Токиочуудын хувьд хамгийн дуртай спорт нь болох бэйсболын бэлгэ тэмдэг стадион л доо. Томоохон урлагийн тоглолтууд ч хийгддэг. Эргэн тойрондоо ногоон байгууламжтай, хүүхэд залуус спортоор хичээллэх, амарч зугаалах боломжтой. Ийм жишигт хүрээсэй гэсэн төсөөлөл байна, холбогдох хүмүүс хичээл зүтгэл гаргаж ажиллана гэдэгт итгэж байна.
Ерөнхий сайд, Засгийн газар авлигатай идэвхийлэн тэмцэж байгаа. Үүнийг залуу үеийн төлөөлөл бид ч дэмжиж, нэгийн төдий ч хамаагүй асуудлыг шийдэлцэх ёстой.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн кэйсийг давтахгүйн тулд ерөөс ил тод байдлыг бий болгох нь зүй. Нийслэлийн өмчийг хариуцдаг Өмчийн харилцааны газар гэж бий. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нэг хүний нэр дээр бүртгэчихсэн байсныг ч мэдээгүй байсан. Эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт явж ирсэн байна. Иймд цаашид энэ компани нээлттэй болох ёстой, олон нийт ч хяналтаа тавих боломж бүрдэнэ. Энэ хот чинь эзэнтэй юм гэдгийг шударга бус, шуналтай хүмүүс ойлгох ёстой.
–Нийслэл 49 хувийг нь эзэмшдэг гэж ойлгож, мэдээлж ирсэн. Гэтэл нэг хүн дээр бүртгэлтэй байсныг та анх гаргаж тавилаа. Өмнө нь яагаад хэн ч ажиллаагүй юм бол. Магадгүй оролдлогууд хийгдсэн байх, хуульч хүний хувьд юун дээр тэд хүчин мөхөстөж байсан гэж үзэх вэ?
-Нийслэл өөрөө ч 49 хувийг нь эзэмшдэг гэж ойлгож явсан. Гэтэл бичиг баримтыг нь харвал төдий хэрийн замбараагүй. Хяналт тавих ёстой, чиг үүрэг бүхий газрууд л хайнга хандсан, эсвэл хайнга хандахыг хүссэн байна гэдэг дүр зураг харагдсан. Амьдрал дээр 51 ба 49 хувиар харилцдаг ч яг бичиг, цаас үзвэл нэг хүн дээр 100 хувь бүртгэсэн байсан. Өөрөөр хэлбэл, Нийслэл ч мэдээгүй байхад зүгээр л тэгээд бүртгүүлчихсэн, бүртгэчихсэн. 2007 он буюу үүх, түүхийг нь сөхвөл сонирхолтой цаг хугацаа юм билээ.
-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар анхныхаасаа гурав дахин багассан байгаа. Одоо тэр газруудыг буцааж авах асуудлыг хөндөх юм уу. Эсвэл үлдсэн 12.6 га газраа хамгаалж, тордох уу?
-Эхний ээлжид одоогийн газраа тордоно, илүү олон нийтэд өгөөжтэй, хүртээмжтэй орчин бий болгоно.
Хувьд шилжсэн газруудад ихэвчлэн байшин хороолол боссон байна. Орон сууцыг худалдаж авсан буюу хууль ёсны өмчлөгчид нь олноор амьдарч байна. Иймд, ийм газрыг Нийслэл аваад ашиггүй. Харин алдагдсан боломж буюу Нийслэлд орох ёстой байсан орлогыг тооцон, гэм буруутай этгээд нь тогтоогдсоны дараа түүнээс нэхэмжлэх боломжтой.
Эхний байдлаар 158 га газар чөлөөлөхөд бэлэн болж байна. Үнэлгээнд элэгдэл хорогдол тооцохгүй
-За, “Сэлбэ дэд төв” төслийг дэлгэрүүлж ярья. Дэд төв гэхээр хүмүүст хол сонсогдоод байж магадгүй. Яг ямар бодлого юм, хаана хэрэгжих юм. Хэдэн айл, яаж орон сууцанд орох юм гэх мэтээр тайлбарлавал?
-Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг дамнаж хэрэгжинэ. Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хороо юм.
Эхний байдлаар 158 га газрыг чөлөөлнө, үүнд 2206 айл өрх, ААН-ийн газар нөлөөлөлд өртөнө.
Одоогоор тэдний 70 хувьд нь судалгаа хийсэн байгаа. Ингэхэд 96 хувь нь дэмжсэн. Эхнээсээ үнэлгээн дээр тохирч, хэлэлцээрээ хийсэн.
Энэ эрчээрээ 400 айлтай хэлэлцээрт орж чадвал, шууд захирамж гарч, газраа чөлөөлж эхэлнэ. Тооцооллоор бол тавдугаар сардаа газраа чөлөөлж, улмаар ариутгалын ажил эхлүүлэх боломжтой. Зургаа, долдугаар сараас (ТЭЗҮ бэлэн болсны дараа) барилгын ажил эхэлнэ. Бидэнд хугацаа маш шахуу бий.
Бэлтгэл ажлууд хурдтай явж байна.
Өнгөрөгч оны сүүлээр Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан. Үүндээ ерөнхий механизм, стандартуудыг тодруулж өгсөн.
Нийслэл гадаад зах зээлд бонд босгохоор ажиллаж байна
–Метрог Нийслэлийн төсвөөр санхүүжүүлнэ гэхээр хүмүүс гайхаад байгаа. Энэ том төслийг хэрхэх юм бэ. Нийслэл өөрөө бонд босгохоор ажиллаж буй, үүгээр шийдэх үү?
-Нийслэлд манай улсын хүн амын 50 хувь нь амьдардаг. Нийт эдийн засгийн 50-60 хувийг бүрдүүлдэг том бүтэц бол Улаанбаатар хот. Гэвч Нийслэлд төсвийн хязгаар гэж бий. Бид олон төсөл хөтөлбөрийг зэрэг төлөвлөж байгаа. Үүний тулд төсвийн ухаалаг зохицуулалт, санхүүжилтийн олон төрөлт механизм хэрэгтэй.
Иймд төслүүдийг ангилж үзсэн. Метро бол мега төсөл. Эргэн төлөлт тааварлашгүй, урт хугацаанд хэрэгжих төлөвтэй тул Нийслэл төсөв дээрээ дааж авсан. Харин орон сууцжуулах төсөл нийгмийн шинж чанартайн дээр эргээд зардлаа богино хугацаанд нөхөх боломжтой. Иймд гадаад зах зээл дээр бонд босгоно.
Ажлын хэсэг гарсан. Аль болох хямд эх үүсвэртэй бонд босгохоор ажиллаж байна. JP Morgan, HSPC, Deutsche Bank зэрэг байгууллагатай мэргэжлийн хүмүүс хэлэлцээрт орж, бараг л ЗГ-ын түвшний ажлыг Нийслэл хийж буй.
ТЭЗҮ хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын 29-нд НИТХ-ын хурлаар ТЭЗҮ-ээ үзүүлж, бонд босгох зөвшөөрлөө авна. ЗГ-аар дараа дараагийн процесс дамжина. Эргэн төлөлтийн хуваарь дээр анхаарч байна. Гадаад бонд босговол илүү урт хугацаатай байр боломжтой юм.
“Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд эхний орон сууцууд баригдвал, дараа дараагийн гэр хорооллын айлуудаа тийш шилжүүлээд, газрыг нь шууд чөлөөлөөд эхлэх боломжтой юм. Нийт зургаан дэд төвийн төсөл хийгдэнэ. Тэгэхээр, эхний дэд төв хэрэгжвэл дараагийн дэд төвийн төслөө зарж, бондоо эргэн төлөх боломжтой гэж ойлгож болно.
-Агаарын бохирдол хэдэн хувиар буурах вэ?
-Хэдэн ширхэг яндан буух вэ, тэр хэмжээгээр шууд агаарын бохирдол багасна. Зургаан дэд төвийн төсөл хэрэгжсэний дараа гэхэд 30-40 буурах тооцоолол бий.
-Эдгээр нь Засгийн газрын бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ?
-Би хувьдаа Нийслэлд амьдралын чанарын ялгаа их болж буйд эмзэглэж явдаг. Байшин хорооллын хүүхдүүд гэр хорооллын хүүхдүүдийн амьдралыг ойлгохгүй болж өсөж байна шүү дээ. Энэ бол цаашдын үл ойлголцол, зөрчлийн эх үндэс. “Баавгай болохсон” киног үзсэн зарим орон сууцны айлын хүүхдүүд гайхсан байх. Миний үеийнхэн бол тийм амьдралыг ойлгож байгаа. Би ч багадаа галладаг байшинд амьдарч байсан. Иймд Нийслэлийн айл өрхийн амьдралын орчин ойролцоо байх ёстой.
Энэ үүднээс болоод бусад бүх талаар ЗГ-ын бодлоготой уялдана. Эрчим хүчний сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Гэр хорооллын сэргэлт гээд. Хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй хөгжих ерөнхий бодлогын бичиг баримттай ч уялдаж байгаа.
“Бид хийхгүй бол хэнийг хий гэж шахах вэ” гэсэн энгийн бодлоор улс төрд хөл тавьсан
–Нийслэл дээрх хуулийн төсөл, бодлогын баримт бичгүүд дээр та хэрхэн ажиллаж байна вэ?
-Анх ажлаа авахад Нийслэлийн ажилд хуулийн түгжээ сөргөөр нөлөөлдөг шиг санагдсан.
Хууль өөрөө ажил хийхэд зөв хөшүүрэг нь болох учиртай шүү дээ. Гэтэл төрийн албан хаагчдад “Ажил хийхгүй байсан нь бараг дээр” гэж бодогдмоор нөхцөл байдал руу хууль нь түлхээд байдаг.
Нийслэл гадаад бонд гаргах эрхгүй байсан. Бид олон улсын зах зээлээс хямд эх үүсвэрээр мөнгө босгохын тулд хоёр тогтоол баталсан, холбогдох хуульд өөрчлөлт оруулсан.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн төслийг бэлтгээд байна. СӨХ, оршин суугчдын харилцаа олон жил ойлгомжгүй явлаа шүү дээ. Удахгүй ЗГ-т танилцуулна. СӨХ-ны мөнгийг зөв зарцуулах, ил тод байх механизм энэ хуулиар бий болно.
Байгаль орчны тухай хууль дээр мөн ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газар буюу Зайсан орчимд олон айл “отоглох” нэрийдлээр, байшин бариад амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй, иймд татвар төлдөггүй. Үүнийг өөрчлөхөөр, өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа бол өндөр татвар төлүүлдэг болох агуулгаар ажиллаж байна.
Улаанбаатар хотод 750 гаруй нийтийн байр бий. Дийлэнх нь хувийн өмч боловч амьдрах орчин тааруу, стандарт маш муу хангадаг. Үүний дээр холбогдох хууль эрх зүйн орчин байхгүй тул бүртгэлгүй. Улмаар оршин суугчдын эрх зөрчигдсөөр буй. Иймд дүрэм, нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага бүхий эрх зүйн орчинг бий болгохоор ажиллаж байна.
-Та гадаадад боловсрол эзэмшиж, өөрийн хуулийн фирмээ ч ажиллуулж, амжилттай ажиллаж байсан. Харин яагаад улс төрд орсон юм бэ?
-Миний хувьд хуульч. Хуулийн фирмээ ажиллуулж, багшилж, судалгаа хийж ч үзлээ.
Тодорхой ажлын туршлага хуримтлуулсны дараа олон нийтэд тустай юм хийх сэн гэж боддог, эрмэлздэг. Эхлээд хүн өөрийгөө хөгжүүлнэ. Дараа нь хураасан туршлагаа яг юунд зориулах вэ гэдгээ анхаарна. Ингээд багшилсан хэрэг.
Их сургуульд багшилж, залуустай ажиллах надад их өгөөжтэй ажил санагдсан. Яг хүн рүү, нийгэм рүү чиглэсэн ажил хийгээд ирэхээр зорилго, урам зоригоор цэнэглэгддэг. Иймд илүү бодлогын чиглэлд үргэлжлүүлэн ажиллах сан гэдэг хүсэл төрсөн. “Бид хийхгүй бол өөрийн хэнийг хий гэж шахах вэ” гэдэг, ийм энгийн зорилттой л улс төрд хөл тавьсан.
Жишээлбэл, чөлөөлсөн газрын зөвхөн 60 хувьд л байшин хорооллыг төлөвлөнө. Үлдсэн 40 хувьд нь хэрэгцээ бүхий үйлчилгээний газрууд, кино театр, кофе шопыг нь төлөвлөж өгнө, ингэж ажлын байр бий болгоно.
Урьдын дахин төлөвлөлтийн алдааг давтахгүй.
Мөн “20 минутын хот” гэдэг концепц хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, иргэн оршин суугаа газартаа 20 минут яваад л хэрэгцээт үйлчилгээндээ хүрэх ёстой.
“Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд Сэлбэ голын баруун талд тохируулгын усан сан (хиймэл нуур гэж болно) байгуулна. Дэргэд нь амарч, тухлах боломжтой. Үүгээр үерийн эрсдэлээс давхар сэргийлнэ.
–Та бол мэргэжлийн хуульч хүн. Өмнө нь бид дахин төлөвлөлт хийж үзсэн. Хохирсон кэйс олон шүү дээ. Адаглаад үнэлгээг яаж хийх юм бэ. Хуулийн маргаан гарах эрсдэлийг та хэрхэн харж байгаа вэ?
-Өмнө нь газар чөлөөлөлт, дахин төлөвлөлт хийхэд хуулийн орчин нь тодорхойгүй, ерөнхий байсан.
Харин дээр дурдсан шинэ хуулиар, ихэнх зарчмын асуудлыг нарийвчилж өгсөн юм. Мэдээж нөлөөллийн бүс дэх бүх иргэн ижил санаа бодолтой байхгүй. Иймд 70-аас дээш хувь нь зөвшөөрсөн бол үүнийг хийнэ гэх мэтээр, заагууд тодорхой болсон.
Мөн үнэлгээ хийх журам батлагдсан байгаа. Үүгээр тухайн газарт буй хөрөнгийг хэрхэн үнэлэхийг зааж өгсөн. Гол концепц нь, байж болох хамгийн өндрөөр үнэлнэ. Тухайн газар дахь нүхэн жорлонг ч үнэлнэ. Иргэний амьдралын чанар урьдынхаас дордож болохгүй.
–Бүх л өмчийг нь үнэлэх юм байна. Элэгдэл хорогдол тооцох уу?
-Тооцохгүй. Мод тарьсан бол модыг нь, аж ахуй эрхэлдэг бол түүнийг нь гэх мэтээр үнэлнэ. Гэхдээ элэгдэл хорогдол огт тооцохгүй. Анхны үнэлгээгээр нь тооцно гэсэн үг.
-Газар чөлөөллөө, орон сууц нь баригдах хүртэл иргэд хаана амьдрах вэ?
-Сонголт өгч буй.
Нэг бол, НОСК-д байгаа орон сууцаар шууд солиод орж болно.
Үгүй бол хоёр жилийн дараа, орон сууц баригдсаны дараа нүүж орно гэвэл тэр хугацаан дахь түрээсийн байрны зардлыг авч болно.
Эсвэл бэлэн мөнгөө ч авч болно.