Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
ЮНЕСКО, 1980-аад оноос эхлэн хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хууль ёсны өмчлөгчид эргүүлэн өгөх, буцаах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хөнгөвчлөх, 1970 оны “Соёлын эд зүйлийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай конвенц”-ын зохицуулалтыг нарийвчлан, боловсронгуй болгох асуудлыг хувийн эрх зүйн хүрээнд зохицуулах боломжийг эрэлхийлж, судалж эхэлсэн. Үүний үр дүнд “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА “Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн”-гийн конвенцын төслийг боловсруулж, 1995 онд Итали улсын Ром хотноо баталсан байдаг.
Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 63 улс гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 41 улс нэгдэн орж 13 улс соёрхон баталжээ.
Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эгүүлэн, эсхүл буцаан авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, олон улсын түвшинд энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй өргөн хүрээнд хамтран ажиллах, мэдээлэл солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Эx Сурвалж: Соёлын Яам