Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг нүүлгэж, оронд нь 41 давхар бүхий оффис, үйлчилгээний барилга барихаар төлөвлөөд буй. Уг асуудалтай холбоотой С.Зориг агсны төрсөн ах С.Баяраа хэвлэлд ам нээв. Түүний ярилцлагаас онцлох зүйлсийг товчлон хүргэж байна.
Тэрээр
- Хөшөөг шилжүүлж, барилга барина гэх албан бичиг “Шинэ Дэвшилт Холбоо” ТББ-аас ирсэн. Нэгдүгээрт энэ бол олон түмний хандиваар боссон хөшөө. Олон түмэд хөшөөнд очдог, хүндэтгэл үзүүлдэг. Зориг сангийн хувьд дангаараа шийдэх боломжгүй. Энэ талаар асууж зөвлөе гэх хариу илгээсэн байгаа.
- Хөшөө дурсгал бол хуулиараа дүүргийн хамгаалалтад байдаг. Хөшөөг шилжүүлэх бол хаана байрлуулах талаар нийслэлээс асуусан. Бид ямар Зориг сангийн хашаанд авч ирээд тавилтай нь биш. Олон түмэн жилд хоёр удаа хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон шүү дээ. Нэг нь удахгүй болох гэж байна. С.Зоригийн төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд. Нөгөөх нь түүний алагдсан буюу 10 дугаар сарын 2-ны өдөр.
- Уран барималч Дэнзэн хөшөөний загварыг гаргасан юм. С.Зориг агсны гэр нь ажлаас холгүй учир үргэлж цүнхээ сугавчлаад алхдаг байсан. Тэр байдлыг нь хөшөөнд дүрсэлсэн хэрэг. Хэмжээний хувьд ч гэсэн нэг их, том нүсэр биш. Хөшөөний энэ байрлалд олон нийт дассан. 26 жил болсон газар шүү дээ. Энэ байрлалдаа байвал зүгээр гэж бодож байна.
- С.Зоригийн ар гэрийнхэн бид бол хохирогч. Анхнаас нь энэ аллагын үнэн мөнийг олж өгөөч ээ гэх хүсэлтийг үе үеийн төр засгийн удирдлагад тавьж байсан. Хэргийг илрүүлэхийн төлөө ажилласан олон зуун хүнд талархаж явдаг. Энэ хэрэг шийдэгдсэн 2016 оны асуудлын хувьд манай дүү С.Оюун бид хоёр мэдэгдэл хийсэн. Анхнаасаа хэргийн мөрдөх үйл ажиллагаа, хэргийн материалыг ил болгох ёстой. Энэ ямар хэрэг байв гэдэг дээр бодитой үндэслэлтэй ойлголт бий болно гэсэн байр суурьтай байсан.
- Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Хэргийн нууцаас гаргах шаардлагууд тавьсан боловч прокурор, шүүхийн байгууллага аль аль нь хүлээж аваагүй. Тэр үед шүүх хурлыг эсэргүүцэж хурлаас нь гарч явсан юм. Шүүх үнэн зөв, үндэслэлтэй шийдээгүй гэх байр суурьтай байсан.
- Нэрт зүтгэлтний амь насанд халдсан хэрэг бол зүйлчлэл нь тусдаа байдаг. Гэтэл энэ хэрэг зүгээр хүн амины хэрэг гэх зүйлчлэлээр явсан. Ингээд 26 жил болж байна. Энэ аллагыг захиалж, зохион байгуулж, гүйцэтгэсэн хүмүүсийг олж байж хэрэг шийдэгдэнэ гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцаад хэрэг үйлдсэн хүмүүс баригдаагүй гэж үзсэн. Итгэл үнэмшил төрөөгүй учраас, бодит үндэслэлтэй зүйл байхгүй гэх байр суурьтай байна.
- Монгол Улсын их хурал бол Олон улсын парламентын холбооны гишүүн. Олон Улсын парламентын хороо дотроо хүний эрхийн холбоотой. Энэ утгаараа монголын парламентын гишүүн С.Зориг бусдын гарт алагдсанаас хойш энэ хэргийн талаар холбогдох байгууллагуудтай ирж уулзаж байсан. Энэ хүрээнд бидэнтэй ч уулзаж, материал авч байсан. Өөрөөр хэлбэл С.Зориг агсны хэрэг олон улсын анхааралд байдаг
- Хэрэг илэрч, шийдэгдэх байх гэдэгт итгэл алдраагүй. Алсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэдэг шиг бидний сэтгэл хэзээ ч амрахгүй.