Манай улсад бүртгэгдсэн БЗХӨ-өөс тэмбүү өвчин хамгийн их бүртгэгдлээ. Тэмбүү өвчний тухай, тэр тусмаа төрөлхийн тэмбүүгийн тухай ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч Б.Пүрэвпагватай ярилцлаа.
-Төрөлхийн тэмбүүгийн халдвар гэж юу вэ?
Тэмбүү өвчний бас нэг аюул, хор хөнөөл нь ганцхан насанд хүрсэн хүнд нөлөөлдөггүй. Эхээс хүүхдэд халдвар дамжих маш их эрсдэлтэй байдаг. Жирэмсний хяналтад орж байгаа ээжүүд жирэмсэн болоод 2 удаа шинжилгээнд орж байгаа. Энэ шинжилгээндээ бүрэн, зөв хамрагдах хэрэгтэй. Эхний шинжилгээндээ ороод зүгээр гарч болно. Гэтэл 2-р хагаст төрөх дөхөөд ирэхэд нөгөө шинжилгээдээ орохгүй төрдөг. Ингээд яг төрөх орон дээр гараад шинжилгээ өгөхөд тэмбүүгийн халдвар аль хэдийн авчихсан байдаг. Хоёрдугаарт эхний удаа зүгээр гарсан хэр нь 2 дахь дээрээ халдвар аваад, 2 дахь хугацаан дээрээ халдвар аваад төрчхөж байна шүү дээ. Энэ тохиолдолд хамгийн аюултай нь эмчилгээнд орж амжихгүй төрж байгаа учир төрөлхийн тэмбүүгийн халдвар үүсэж байна. Тэгэхээр ураг нас барах, амьгүй төрөлт ихсэх хандлагатай байдаг.
2023 оны 12 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 31 тохиолдол гарсан.
-Тэмбүүгийн халдвар хэрхэн халдварладаг вэ?
Тэмбүү, ДОХ-ын халдварууд нэгдүгээрт бэлгийн замаар халдана. Хоёрдугаарт цус цусан бүтээгдэхүүн, гуравдугаарт эхээс урагт гэсэн байдлаар халдана.
-Тэмбүү эдгэдэг үү?
Тэмбүүгийн халдвар бол бүрэн эдгэнэ. Бүрэн эмчлэгдэнэ. Гэхдээ хугацаа, хяналт нэлээн удна. 2 жилийн турш хяналтад байдаг. Тухайн эмчлэгч эмч өөрөө хяналтаа шийддэг. Улиралд 1 удаа юм уу хагас жилд 1 удаа ирээд цусны шинжилгээ өгөөд явна. Оношлогдсон тохиолдолд хосууд хамтаа шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, хяналтад орно. Нэг нь эмчилгээнд ороод нэмэр байхгүй.
-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Шинж тэмдэггүй ч тохиолдол байдаг. Тэгэхээр ерөөсөө л урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх ёстой.
-Жирэмсэн эх тэмбүү тусвал урагт ямар нөлөөтэй вэ?
Төрөлхийн тэмбүүтэй, эмчилгээнд орж амжаагүй байгаа тохиолдолд ураг эндэх магадлал хамгийн өндөр. Мөн амьсгалын эрхтний дутмагшилтай төрдөг. Уушги устай, элэг устай ч гэдэг юм уу.
Дутуу эмчлэгдсэн тохиолдолд бага насны, хожуу үеийн төрөлхийн тэмбүү гарч болно. Шинж тэмдэг хэзээ хойно илэрдэг.
-Тэмбүүг эмчлэхгүй удаан явбал юу болох вэ?
Нэгдүгээрт тэр хүн өөр хүнд халдвар өгнө. Мөн нь өвчин нь хүндэрнэ. Бусад эрхтэн системийн, эхний ээлжид дотор эрхтэнд, мэдрэлийн тэмбүү үүсдэг, үргүйдэл үүсдэг. Ганцхан тэмбүү гэхгүй бусад нянгийн гаралтай заг хүйтэн гэх мэт бусад халдварын үед эмчлэгдэхгүй удаан явах юм бол эмэгтэй хүн жирэмсэн болчих юм бол зулбадаг, эсвэл үргүйдэлд хүргэдэг гэх асуудлууд үүснэ.