Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дунд гол пянзны дэлгүүрийг үүсгэн байгуулагч Длоб буюу, Б.Батболдыг урьж ярилцлаа. Монголд хип хоп хөгжмийн урсгалыг таниулахад чамгүй хувь нэмрээ оруулсан тэр пянзны дэлгүүр нээгээд есөн жилийн хугацааг үдэж буй юм. Социализмын үед сонсож мэдэрч чадаагүй өнгөрөөсөн хөгжмийн урсгалыг пянзаар дамжуулан түгээж буй тэр орчин цагийн залуусыг хөгжмийн боловсролтой болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.
-Бидэнтэй ярилцах саналыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийнхөө тухай яриач?
-Баярлалаа. Намайг Болдоо гэдэг. Дүүтэйгээ /Quizа/ хамт уран бүтээл хийж байлаа. Гэхдээ яг уран бүтээлч болъё гэж бодож, хийж байгаагүй. 2015 оноос хойш Монголд анхны пянзны дэлгүүр нээсэн. Одоо ес дэх жилдээ ажиллаж байна. Би 2009 оноос хойш Хөгжим бүжиг хавиар пянзтай газар хаана байж болох уу, тэр хавиар л эргэлдэж явдаг байсан. Нярав эгч нартай дотно болчихсон. Сараа эгч энэ тэр гээд л хүмүүс бий. Нэг өдөр бүр мянган пянз… Хоёр мянга ч юм уу бүү мэд. Маш их пянз газраар дүүрэн хаячихсан байсан юм. Дээгүүр нь хүмүүс гишгэлээд л… “Энэ пянзыг яах гэж байгаа юм” гэсэн. “Наадахыг чинь хэрэглэхээ больсон. Актлаад хаяж байна” гэдэг байгаа. Нэг пянзан дээр 40-50 минутын хөгжим байна гэж бодохоор, 40-50 мянган цагийн хөгжим байгаа юм. Тэгээд л “Өө наадахыг чинь би хаячихъя” гээд л, гялс цуглуулж гэртээ авчирсан. Би тэр пянзнуудыг аварсан байгаа юм. Тэгээгүй бол хогийн саванд орох нь байна шүү дээ.
-Пянз эргүүлдэж явсан таны хувьд тэнгэрийн хишиг шиг л юм болжээ дээ.
-Тэгэлгүй яах вэ. Тэгээд л гэртээ баахан пянз авчирсан хүн чинь Америкт байдаг эгчдээ тоглуулагч захиж авчруулаад, ганцаараа сонсоод л байсан. Бөөн юм болж байгаа юм чинь. Гадагшаа гарч найзуудтайгаа пянзны тухай ярилцах гэхээр нөгөөдүүл чинь, юун пянз гээд мэддэггүй. Тэр үед үүнийг ерөөсөө л түгээхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Ганцаараа л сонсоод байхаар ямар ч утгагүй санагдаад тэр шүү дээ.
-Амтанд нь орчихсон хүний ам загатнаад болоогүй байх даа?
-Яг тийм. Би энэ ажлыг мөнгө олохын тулд хийгээгүй. Энэ их соёл, биет бус өвүүдийг цааш түгээж, залууст уламжлуулахын тулд түгээж, дэлгэрүүлэхийн төлөө л хийж байгаа. Хөгжмийг түгээж дэлгэрүүлэхгүй хав дараад байх юм бол үнэ цэнгүй болоод үлдэнэ. Хүмүүс орж ирээд, гоё хөгжим сонсож аз жаргалтай болохыг харах сайхан байдаг.
-Ингэхэд нээрээ л бидний мэдэхгүй олон гайхалтай бүтээлүүд бий байх даа?
-Дэлхийн бүх хөгжмийн 80 хувийг 3-4 компани атгачихсан. Тэд маш их мэдээллийн хэрэгслээр дамжуулаад хэдхэн хөгжмөөр хүмүүсийг бөмбөгдчихдөг. Тэдгээрийг сонсохгүй байя гэсэн ч такси энэ тэрээр явж л байдаг. Өөрийн эрхгүй л тархи угаалтад орчхож байгаа юм. Энэ сэтгэлгээгээрээ хандаж пянз авдаг тохиолдол маш их байна. Манай залуус Weekend, Lana гээд цөөхөн хэдэн юм л авч байна. Бусад хөгжмийг огт сонсож үзэхгүй. Сонсоод үзэх юм бол энэ ямар гоё хөгжим бэ гээд маш мэдрэмжтэй хүлээж авдаг. Даанч сонсохгүй. Социализмын үед бид харуудын том соёлыг алгасчихсан шүү дээ. Түүнийг нөхөж авахын төлөө, сонсоогүй зүйлээ мэдэж авахын тулд тодорхой хэмжээний зүйл зориулж байхгүй бол, дандаа л сонсдог хөгжмөө байн байн сонсоод л, тэрийг ашиглаж наймаа хийх утгагүй. Хүн гэдэг дандаа л шинэ зүйл рүү тэмүүлж байдаг. Сонсож мэдээгүй, хуучин зүйлийг л шинэ юм гэж байгаа шүү дээ.
-Пянзны тухайд ийм байж, өмнө нь юу хийдэг байв аа?
– Би анх Люмино хамтлагийг байгуулалцаж байлаа. Бид CD зардаг байсан юм. Тэр дунд бид өөрсдөө ч мэдэхгүй хип хоп дуу хөгжим их байсан. Ингээд тэдгээр бүтээлийн нэрэн доор уран бүтээл хийх гэж оролддог болсон юм. Wu-Tang Clan-ийг дуурайгаад л, ая хөгжим дээр нь үг тааруулаад л, утга санаа хамаагүй эгшиг гийгүүлэгч тааруулж үглээд л, Өвөл гээд дуу хийсэн. Яг тэр үед Лондон явах боломж гарсан. Тэгэхэд залуус гадаад л явах хүсэлтэй байсан шүү дээ. Ингээд Quiza бид хоёр явчихсан юм. Тэрний дараа Люмино өөр хүмүүс аваад Wu-Tang Clan-ийг дуурайж байсан хамтлаг жаахан поп маягийн болсон.
-Монголд ер нь хип хопын суурийг хэн тавьсан бол?
-1990-ээд он гараад надад Р.Чойномын шүлэг маш их таалагддаг байсан. Р. Чойном, Хонх хамтлаг, яруу найрагч Галсансүх гурав бол монголын анхны хип хопчид.
-Та өөрөө ямар төрлийн хөгжим сонсож, сонирхдог хүн бэ?
-Хүний амьдрал богинохон шүү дээ. Байнгын шинэ зүйл мэдэж авч, пянзан дээр хэрэгжүүлбэл үр дүнтэй байгаа юм. Хөгжим бол маш том боловсрол, хүний мэдрэхүй шүү дээ. Бид янз бүрийн хөгжмийг хольж сонсож байвал гоё. Сонгодог хөгжим, ардын хөгжим гээд л. Дандаа л нэг хөгжмөө сонсоод байхаар уйдчихдаг юм.
-Дэлгүүрт байгаа пянзныхаа тухай яриач?
-Манай дэлгүүрт бягтруулын пянз их бий. 78 эргэлттэй лакан пянз. Хамгийн анхны хэвлэл нь 1935 оных юм билээ. Дараагаар нь 40-өөд онд нэг хэвлэгдсэн. Анх Хятадтай харилцаатай байх үед хэвлээд, Хятад Оросын харилцаа жаахан муудангуут хэвлэсэн бүх пянзаа хагалж хаясан юм билээ шүү дээ. Тэрнээс ганц хоёр нь үлдсэн. Тэр их үнэ цэнтэй зүйл. Надад тэр үнэтэй нь байхгүй. 1950-иад оных нь бий.
-Та сая хэлж байна. Гадаад дуунуудын ая дээр үг зохиож дуу бүтээдэг байсан гээд. Үүнийг одоо бол оюуны өмчийн асуудал гээд нухацтай хүлээж авдаг. Бараг хулгай юм биш үү?
–Sampling culture гэж бий. Хип хопын продюсерууд өөрсдөө бүх зүйлээ зохиохгүй байгаа юм. Тэр хөгжмийн бөмбөрийн гоцлол, тэрний тэр хэсэг гээд жаахан хэсгүүдийг нь тасалж аваад эвлүүлэх нь байна шүү дээ. Үүнийг монголд маш цөөхөн хүн хийдэг. Анхдагч нь Бодьхүү. Хип хоп хөгжим дотор бүх л зүйл байгаа юм. Жазз, сонгодог гээд бүх төрөл дээр дээж авах соёлыг ашиглаж болно. Тэгэхээр хип хоп бүх зүйлийг багтаасан лаг урсгал болчхоод байна. Манайханд зохиогчийн эрх энэ тэр гээд хэтэрхий чангараад байдаг. Тэр хүний хөгжмийг нь нэг нь ч гэсэн сонсоод түгж байвал хэрэгцээтэй биз. Гэтэл тийм биш. Асар их мөнгө төгрөг бодогддог ч юм уу. Чи болохгүй гээд зогсоовол хэн хожих вэ. Хэн ч хожихгүй хав дарагдаад л дуусна шүү дээ. Хөгжим түгэх хэрэгтэй. Бүр зүгээр ашиглуулах хэрэгтэй. Тэр нь яваандаа асар том бүтээл болоод ирсний дараа тодрхой хувийг нь авъя аа гэж аятайхан ярихгүй бол шууд зогсоогоод минийхийг хэрэглэж болохгүй гэх онцгүй. Хэрэглэхгүй бол хэн хохирох вэ. Тэр хүн л хохирно. Тэрийг хав дараад яах вэ дээ. Ард түмэнд л зориулж хийсэн юм чинь.
-Сайхан хөгжмийн талаар ярилцсан танд баярлалаа.