Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден Конгрессийн нэгдсэн хуралдаанд жил тутмын илтгэлээ хэлэлцүүлсэн. Энэ үеэрээ тэрээр АНУ Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг намжаах зорилгоор тус бүс нутагт хүмүүнлэгийн корридор байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдэл хийсэн юм. Уг ажлын хүрээнд АНУ-ын засгийн газар Газын зурваст түр хугацааны усан боомт байгуулж, тус боомтоороо АНУ-ын болон олон улсаас ирж буй тусламжыг нэвтрүүлэх аж. Тэгвэл өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт АНУ-ын тоног төхөөрөмж ачсан байлдааны хөлөг онгоцууд Газар дундын тэнгисийг зорьсон байна. Хөлөг онгоцууд энэ мягмар гарагт Газын зурваст ирнэ. Энэ долоо хоногоос ийнхүү боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа нь энэ аж. Боомтыг барьж дуусгахад 1 сар орчим хугацаа шаардагдана хэмээн төлөвлөж байгаа талаар АНУ-ын засгийн газраас мэдээлсэн байгаа. Учир нь Газын зурваст усан боомт байгуулахад шаардлагатай дэд бүтэц тун хангалтгүй түвшинд байгаа аж. 2007 онд Хамас зэвсэгт бүлэглэл Газын зурваст эрх мэдлээ тогтоож эхэлснээс хойш Израилын зэвсэгт хүчин хилийн харуул хамгаалалтыг чангатаж, улмаар Газын зурвасын усан боомтууд ажиллагаагүй болсон байдаг. Израилын засгийн газрын зүгээс АНУ-ын боомтоор орох хүмүүнлэгийн тусламжад хяналт шалгалт явуулж байх болно гэдгээ мэдэгдсэн.
Эx Сурвалж: BBC