БНСУ-аас орогнол хүссэн Орос иргэдийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн онд БНСУ-д орогнол хүссэн Орос иргэдийн тоо тав дахин өссөнийг албаныхан мэдээлжээ. Өмнөд Солонгосын Цагаачлалын албаны энэ сарын эхээр нийтэлсэн тайланд дурдсанаар 2023 онд нийт 5750 Орос иргэн БНСУ-аас орогнол хүссэн байна. Энэ нь 2022 онд хамгаалалт хүссэн 1038 хүнээс тав дахин их буюу 1994-2019 онд бүртгэгдсэн Оросуудын орогнол хүссэн нийт тооноос ч илүү юм. Мөн тус албаны мэдээлснээр өнгөрсөн жил хамгийн багадаа сүүлийн найман жилийн хугацаанд орогнол хүссэн нийт хүсэлтийн хамгийн өндөр тоо бүртгэгдсэн байна. Харин БНСУ-аас орогнол хүсэгчдийн жагсаалтад оросуудын дараа Казахстан, Хятад, Малайзын иргэд орж байна. Орогнол хүсэгчдийн дурдсан хамгийн түгээмэл шалтгаанаар шашин шүтлэгт үндэслэсэн хавчлага хийгээд улс төрийн нөхцөл байдал дурдагдсан байв. Бусад шалтгаанаар тодорхой нийгмийн бүлэг, арьсны өнгө, үндэстний гишүүн гэдгээрээ ялгаварлан гадуурхах явдал нэрлэгджээ. БНСУ нь цагаачлалын хууль тогтоомжийг хатуу мөрддөг улс бөгөөд үүнд нь орогнол хүсэх хүсэлт ч багтдаг. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд л гэхэд 103,000 гаруй орогнол хүссэн өргөдөл ирснээс ердөө 4,052 хүн БНСУ-д дүрвэгчээр хүлээн зөвшөөрөгдсөн гэж албаны тайланд дурджээ. Нэн ялангуяа, Орос Украины дайн эхэлснээс хойш дэлхий даяар орогнол хүссэн Орос иргэд ихэссэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон зуун мянган хүн Оросыг орхин гарч, тэдний дийлэнх нь цэргийн алба хаахаас зугтсан байна. Жишээлбэл, 2022 онд БНСУ-д Оросын таван эрэгтэй цэрэгт дайчлах тушаалаас зайлсхийж, Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд гацсан. Тэд таван сар гаруйн хугацааг онгоцны буудлын терминалд өнгөрөөсөн юм. Мөн 2022 оны 10-р сараас 2023 оны 2-р сар хүртэл 22,000 орчим Орос иргэд АНУ-ын өмнөд хилээр тус улс руу нэвтрэхийг оролдсон гэж АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын албаны мэдээлэлд дурджээ.
Эx Сурвалж: Arirang News