Бид энэ удаа ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгтэй ярилцлаа. 20 жилийн турш гадаадад амьдарч, сурч мэдсэн зүйлээ эх орондоо авчран, хөгжүүлнэ гэх гэгээн зорилгоор 2008 онд ирж байсан тэр үйлдвэрлэлийн салбарт тулгамддаг асуудлын талаар мянган мянган үйлдвэрлэгчдийг төлөөлж ярилаа.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Өөрийнхөө тухай яриач?
-Намайг Гансүхийн Майцэцэг гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн. Exclusive брэндийг үүсгэн байгуулагч. Өнөөдөр сүлжээчин болчихсон байна. Ер нь Монголд нэг бол улс төрч, нэг бол сүлжээ хийх л хоёр зам байгаа юм уу даа гэж хардаг. Шогоор хэлэх юм бол ийм л байна. Би өөрийгөө Монголын ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл гэж хэлнэ. Цагтаа зуу гаруй хүнд ажлын байр олгож байсан хүн өнөөдөр сүлжээ хийж байна. Гэхдээ би хийж байгаа зүйлээсээ хэзээ ч ичдэггүй. Ер нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого чухал байдаг юм байна.
-Та 20 жил гадаадад амьдарсан юм билээ. Ямар зорилгоор эх орондоо ирж байв?
-Би 2008 онд Монголд ирсэн. 20 жил хүний нутагт амьдарчхаад, мэддэг, чаддаг, сурсан зүйлээ эх орондоо зориулъя гээд л ирсэн. Хүн ясаа тавих гэж эх орондоо ирдэггүй юм шүү дээ. 2009 оноос Exclusive компанийг үүсгэн байгуулж байлаа. Тэр цагаас хойш зүрхэндээ хоёр удаа хутга зоолгож байсан гэхэд болно.
-Яаж тэр вэ?
-Ковидын үед бид халдвар хамгааллын хувцас үйлдвэрлэж байсан. 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд бид Польшийн хоёр том тендерт ороод, ялж байсан юм. Яг гэрээ байгуулаад бичиг цаасны ажил болоход, Монгол Улс стандартгүй байгаа юм. Ингээд бидний хэдэн тэрбумын захиалга талаар нэг болсон. Бичиг цаасны асуудлаас болоод энэ том ажлыг алдсан нь маш харамсалтай.
Мөн Хятадаас үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэхэд 0 татвар төлөхөөр зүйлийг тухайн үеийн эрх баригчид хар дээр цагаанаар хийсэн байдаг юм. Үүний үр дүнд компаниуд яаж хохирсон гэхээр, “уучлаарай өрсөлдөх чадамжгүй учраас хямд үнэтэй Хятадынхыг сонгож шалгарууллаа” гэж байгаа юм. Ингээд тавдугаар сарын 14-нд яг үйлдвэрээ хариуцаж явдаг байсан миний нөхрийн зүрх дийлээгүй. Энэ өдөр гэнэт нас барсан. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр, төрийн бодлого шийдвэр хүний амьдралд ингэж нөлөөлдөг юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг та нар боль, битгий хөгж, хийхээ боль гэдэг л зүйл явдаг. Үйлдвэрлэгч хүн гэдэг маш өрөвдмөөр… Олон хүний ажлын байрыг бий болгож байгаа. Оргүй хоосноос ямар нэгэн зүйлийг бий болгож байгаадаа омогшил бардам явдаг юм. Тэдний итгэл найдвар яг өөрсөдтэй нь үхэж байж дуусдаг юм байна. Хөмөрсөн тогоон дотор бид яаж өрнөөсөө гарах юм.
-Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн яагаад үнэтэй байдаг юм бэ?
Энэ асуултыг тавьж байсан ухаалаг улс төрчийг бид мэдэхгүй юм байна. Яагаад Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа юм. Энд юу нөлөөж байна гэхээр, бодлого шүү дээ. Би жилийн өмнө танайд ярилцлага өгч байхад, цагтаа 100 хүнд ажлын байр олгож байсан хүн өнөөдөр Туркээс бараа оруулж ирээд зарж байна. Үүнээс өөр тайлбар хэрэгтэй юу? Гээд ярьж байсан. Нэг талаараа энэ байдал надад гутамшигтай бөгөөд эмгэнэлтэй. Гэхдээ амьд байхын тулд хүн гарц гаргалгаа үргэлж хайж явдаг биз дээ. Бид энэ хугацаанд ёстой л нүцгэн хөлөөрөө хад өшиглөж байсан юм билээ. Цусаа гартал өшиглөсөн.
Танд Польшдоо байж л байдаг байж, Эх орноо хөгжүүлнэ гээд дэмий ирж гээд харамсах бодол төрж байв уу?
Би харамсах дургүй. Хэрвээ гэдэг үгийг хэлэхийг ч хүсдэггүй. Учир нь цаг хугацааг ухраагаад, хэрвээ авлигал өгч болох байсан тэр үе рүү буцсан бол… 2013 онд татварынхан надаас авлига нэхсэн шүү дээ. Тэр авлигыг нь өгчихсөн байсан бол та ийм асуудалд орохгүй гэж нэг биш хүн надад хэлж байгаа юм. Гэхдээ би хэзээ ч авлига өгөхгүй. Яагаад гэхээр хүн өөрөөсөө урваж болохгүй. Мэдээж хүн хайртай хүнээ алдана гэдэг юугаар ч илэрхийлж болохгүй том гарз, гуниг, зовлон. Гэвч эх орондоо ирсэндээ харамсахгүй.