Энэ оны нэгдүгээр сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их монгол, Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, олон арван хүний амь эрсдэн, ойр орчмын барилга байгууламж сүйдсэн.
Ослоос үүдэн 60 айлын орон сууцанд гал гарч, оршин суугчид амьдрах боломжгүй болсон юм. Тухайн оршин суугчдыг 13 дугаар хороолол орчимд байрлах зочид буудалд байршуулж байв. Осол гарсны дараа Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгөхдөө, “Иргэдийн хохиролыг маш ойрын хугацаанд барагдуулна. Өвлийн хүйтэнд иргэд одоогоор орон байрандаа орох боломжгүй. Асуудлыг эцэслэн шалгана гэвэл цаг их орно. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдуулсан ажлын хэсэг гаргаж байрыг засварлах ажил хийнэ. Энэ хугацаанд иргэдийн нөхцөл байдлыг доордуулахгүйгээр байранд байлгана” гэсэн юм.
Осол гарснаас нэг сарын хугацаа өнгөрөөд буй. Бид 60 айлын орон сууцанд засвар хийж эхэлсэн эсэх талаар болон, оршин суугчид одоо хаана, ямар нөхцөл байдалтай амьдарч буй талаар тодруулахаар, тухайн орон сууцыг зорьж очсон юм. Байрны эргэн тойронг орж болохгүй гэх тэмдэгтэй хаалтаар бүсэлж, цагдаагийн алба хаагч хянаж байв. Бид алба хаагчаас засвар ажил эхлэх сураг байгаа эсэх талаар тодруулахад, “Надад мэдээлэл байхгүй байгаа. Орон сууцнаас иргэд эд хогшлоо авсаар байна. Хэзээ засварын ажил хийж эхлэхийг мэдэхгүй” гэж хариулсан юм.
Улмаар бид оршин суугдын байрлаж байсан буудлыг зорьж очиход, зочид буудлын ажилтан н.Зориг дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Ослын дараа 57 айлын хүмүүс манай буудалд байрласан. 10 хоноод гарцгаасан санагдаж байна. Байр түрээслэх мөнгөө авсан байх. Ихэнх нь байраа олцгоогоод хоёрдугаар сарын 4-нд гарсан” гэв.
Орон сууц засварлах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуцаж буй. Түүнээс бид ажлын үйл явж, нөхцөл байдлын талаар тодруулахад, “Үнэлгээ гарахыг хүлээж байгаа. бүх ажлыг төлөвлөсний дагуу хийнэ” гэсэн юм.
Харин ослын хохирогч болсон оршин суугчид ярихдаа,
- Түрээсийн санхүүжилтийн гэрээний мөнгө орж ирээд одоогоор байр түрээсэлж байгаа. Энэ мөнгө нь ОБЕГ-ын нөөц сангаас гарсан байх. Мэдээж гэртээ байгаа юм шиг тухтай байж чадахгүй л байна. Гэхдээ нөхцөл байдал ингэж таарсан болохоор яах вэ дээ. Ирэх сарын нэгнээс засвар хийхээр байна уу, шинээр барихаар байна уу гэдгийг шийдэх сураг дуулдсан.
- Гэрийнхээ ойролцоо байр түрээсэлсэн. Манай байр уг нь даатгалтай юм. Үнэлгээ тогтоосны дараа нөхөн төлбөрийн дүнг бодох байх. Ингэж явж байгаад байргүй хоцорчих вий гэх айдас байна. Даатгалын компаниуд хэрхэн үнэлээд, нөхөн төлбөрөө яаж олгох бол. Ямар ч байсан түрээсийн байранд тухтай байгаа. Манай хүүхдүүд галд өртсөн байрныхаа хажуугаар явахдаа, “Хэзээ гэртээ орж болох вэ” гээд л асуудаг. Асуудал аль болох хурдан шийлэгдээсэй гэж хүсэж байна.