Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрээр “Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна.
Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд байна. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна.
- Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх ажлууд хийж байна.
- Орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, тэжээл нийлүүлж байна. Мөн 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна.
- Өвс тэжээл, бараа материал зэрэг шаардлагатай зүйлсийг малчдад хүргэж байна.
Мөн эрчим хүчийг хэвийн хангах, санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана.
Явуулын мал эмнэлэг ажиллаж, малын гоц халдварт өвчин, цэцэг өвчин, товруутах өвчин тархахаас сэргийлэх, ариутгал халдваргүйтэл хийх, эрсдлийг баагсах арга хэмжээг авч ажиллана.
1800 гаруй албан хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж 54 мянган км зам харгуй гаргалаа. Техник хүн хүч нэмэлтээр хуваарилж ажиллаж байна.
Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна. Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм.
Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. Малаа барьцаалж зээл авсан тэдэнд зээл төлөлт хүндрэл учруулж буйг учирлан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг хүссэн. Тиймээс энэ оны зургаадугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байна.
Нийт зээлийн 52,1 хувь нь буюу ₮685 тэрбум нь Төрийн банк, 48 хувь нь буюу ₮580 тэрбумыг Хаан банкнаас авсан байна. Үүн дээр Засгийн газар анхаарч, холбогдох байгууллагуудтай санал солилцож ажиллана. Олон улсын байгууллагууд ч үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлэх хүсэлтээ ирүүлж байна” гэлээ.