Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Пакистан улсад парламентын сонгууль зохион байгуулагдсан ч одоог хүртэл сонгуулийн үр дүн тодорхойгүй хэвээр байна.
Учир нь сонгуульд нийт 44 нам өрсөлдсөн боловч аль ч нам нь 266 суудалтай парламентын доод танхимд олонхын суудлыг авч чадаагүй байна. Мөн зарим нэр дэвшигчид сонгуулийн дүнг хүчтэй эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийгээд амжсан байна. Тэгвэл өнөөдөр Пакистаны Исламчуудын нам болон Пакистаны Ардын Нам гэх томоохон хоёр нам нэгдэж, эвсэлийн засгийн газар байгуулах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ.
Намууд хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд шинээр үүсэх эвсэл нь 2022 оноос 2023 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаж байсан Shahbaz Sharif-ыг дахин засгийн газрын тэргүүнээр томилох саналтай байгаа аж. Ийнхүү тус хоёр нам эвсэлийн засгийн газар байгуулахаар санал нэгдсэн тул Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханы намынхан нэгдсэн дүнгээр хамгийн их саналыг авсан боловч парламентын танхимд эрх баригч болж чадахгүй боллоо. Сонгуулийн хорооноос танилцуулсан дүнгээр Пакистаны ардын нам 54, Пакистаны Исламчуудын нам 73, Имран Ханы нам болох Пакистан Техрик-и-Инсафын гишүүд 102 суудлыг авч тэргүүлсэн аж. Имран Хан нь 2018-2022 оны хооронд Пакистаны ерөнхий сайдын албыг хашиж байсан хүн юм. Тэрээр авлига авсан гэх хэрэгт буруутгагдан шоронд хоригдож буй хэдий ч нөлөөлөл нь Пакистан даяар байдаг аж.