Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр өвөлжилт, хаваржилтын талаар мэдээлэл сонсож тодорхой шийдвэрүүд гаргахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгсөн бөгөөд үүнийг УОК хуралдаж шийдэх юм байна.
Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцахад “Орон нутагт нөхцөл байдал амаргүй байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 47 сум төмөр буюу мөсөн (цасны өнгөн хэсэг буюу гүнд мөсөн бүрхэвч тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон) 17 аймгийн 135 сум цагаан зудтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 17 аймгийн 250 сум зудтай байна гэсэн үг.
Төмөр зуд гэдэг их амаргүй. Мал бэлчих, автомашин техник явах боломжгүй. Цас дагтаршсан, мөстсөн тул малын туурай шилбэ халцардаг, гэмтдэг аюултай” хэмээж байсан.