Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2024 оны 02-р сарын 12-нд Х цахим хэрэгсэлдээ дараах зургийг нийтэлж, "Путины ярианы дараа. Би Монголын түүхэн газрын зургийг олсон. Санаа зоволтгүй. Бид энх тайван, эрх чөлөөтэй ард түмэн" гэж бичсэн нь телеграмм, Х зэрэг цахим хэрэгслүүдэд хэлэлцүүлэг өрнөх хэмжээнд ярианы сэдэв болоод байна. Тухайлбал түүний Х платформ дээр бичсэн энэхүү жиргээг найман сая гаруй хүн уншжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа, “Украйныг Оросын нэг хэсэг байсан хэмээгээд түүхэн газрын зургуудыг баримт болгож эш татсан юм. Үүнийх нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Оросын зарим хэсгийг багтаасан үеийн Монголын эзэнт гүрний газрын зургийг цахим хуудастаа хуваалцсан нь энэ.
Гэхдээ Ц.Элбэгдоржийн эл жиргээг “Монголын гадаад бодлого урагштай явж байгаа энэ цаг үед буруу зүйл ярилаа. Дипломат бус хэлээр, доромж утгаар хөршөө ингэж болохгүй. Бүдүүлэг, ёс зүйгүй, том цэрэг армийн өөдөөс ингэж бичих нь тэнэглэл" зэргээр буруушааж байна.
Харин нөгөө талд “Монголоо өмөөрч, Оросын үнэн төрхийг хууллаа. Дэлхийн хэмжээний сэтгэж, дэлхийн хэмжээний яриа үүсгэлээ” зэргээр өмөөрч, байр суурийг нь дэмжиж буй хүмүүс ч байна. Ц.Элбэгдоржийн эл жиргээг Орос, АНУ, Солонгос, Германы зарим хэвлэлүүд онцлон ийм зүйл бичжээ хэмээн мэдээлсэн нь ч байгаа юм.