Энэ өвлийн байдлаар нийт халтиргаанаас үүдэлтэй бэртлээр ГССҮТ-д ханджээ. Нийслэлийн захын хорооллын гудамж талбай халтиргаа ихтэй байгаад иргэд бухимдан, шүүмжилж байна. Халтиргаа нь дэндсэн гэр хорооллын гудамжийг цэвэрлэдэггүй, дүүргээс нь анхаардаггүйгээс үүдэж энэ өвөл 5000 гаруй хүн бэртэж, ГССҮТ-д ханджээ.
ХҮҮХЭД, ХӨГШИД ГУДАМД ХАЛТИРЧ УНАХ НЬ ИХ ХАРАГДДАГ
Иргэд:
- Сургуулийн хүүхдүүд явахад гулгаа, халтиргаа ихтэй байдаг. Хүүхэд байтугай машин явахад хүртэл хүндрэлтэй байна. Явган явахад машинууд нь гулгаж ирээд мөргөчих гээд хэцүү байдаг. Хариуцсан байгууллага гэж байдаг юм уу мэдэхгүй. Зарим айлууд нь ч яах вэ хаалга орчмынхоо цасыг цохичихдог.
- Ер нь их хэцүү байдаг. Сая гэхэд л би автобусны буудал руу ирж байхдаа хоёр гурван удаа халтирч унахаа шахаад л ирлээ. Насанд хүрсэн хүн бол яах вэ,хөгшин настай хүмүүс, бага насны хүүхдүүд уруу гудмаар явж байгаад халтирч унаж байгаа тохиолдол их харагддаг.
- Энэ хавьд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр гэх мэт ААН-үүд ойр орчмын талбайгаа цэвэрлэх хэрэгтэй. Гэр хороолол ч байсан цэвэрлэх хуультай биз дээ. Гэр хороолол гэхээрээ л халтиргаатай байсан ч хамаагүй юу?
ЧД-ийн 13- хорооны "Иргэдийн бүлгэм"-ийн гишүүд сайн дураараа замын дагтаршсан цас цэвэрлэж байхтай нь таарч энэ асуудлаар ярилцлаа.
Тэд,"Өдөр нь дулаараад, шөнө нь хүйтрээд байгаа учраас цас мөсний гулгаа маш их байгаа. Хорооноос ААН-үүдэд шаардлага тавьж ойрын 50м2 талбайг цэвэрлүүлдэг. Харин гудмуудыг иргэд өөрсдөө цэвэрлэнэ. Гудамж нь халтиргаатай байх үгүй нь иргэн бүрийн ухамсартай холбоотой. Өөрсдөө гэр бүл, үр хүүхдээ хамгаалж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж цэвэрлэгээ хийцгээе гэж уриалмаар байна" гэсэн юм.
Гэр хорооллын гулгааны асуудлаар БЗД-ийн 29- хорооны засаг дарга Б.Нямдорж:
“Хороо бол өөрийн гэсэн төсөвгүй байгууллага. Бид дүүргийн болон нийслэлийн засаг даргын захирамжийг нийт ААН байгууллагуудад тарааж, орчин тойрныхоо 50 метр газрыг цэвэрлэх, арчлах үүргийг сануулж байна.
Үерийн далан дагуух айлууд далан руугаа угаадсаа асгадаг. 00 нь хальсан айлууд мөн угаадсаа гаргаад асгадаг.
Эдгээр айлуудад сануулах арга хэмжээ авч байна. Олон нийтийн байцаагчид эдгээр айл өрхүүдийг торгох журамтай. Үүргүүдийг нь сануулж зарим ААН, айлуудыг торгох арга хэмжээ авч байгаа. Гэр хорооллын дундах зам хот тохижилтынхонд хамаарагддаггүй. Хашааны урд талыг цэвэрлэх нь тухайн хүний ухамсрын л асуудал” гэх мэдээллийг өмнө нь өгч байсан билээ.
Тэгвэл Замын цагдаагийн газраас гэр хорооллын гудмуудад гулгаанаас үүдэлтэй авто осол хэр байгааг тодруулахад "Тэр талаар тодорхой мэдээлэл байхгүй" гэсэн хариуг өгсөн юм.