Иргэн, 19 настай М Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Б-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол гэмтэл учруулжээ.
Прокуророос жолооч М-ийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, харанхуй үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрлээ тохируулж яваагүй, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй гэж буруутгасан байна.
Жолооч М “Би өөрийгөө ямар нэгэн байдлаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна” гэж, харин хохирогч Б “Зам хөндлөн урдаасаа хойшоо гарахаар явсан. Замын хойд талын эхний 2 эгнээг гараад сүүлийн 3 дахь эгнээг яг гарахын өмнө хаанаас ч юм мэдэхгүй машин гарч ирээд намайг мөргөж, зам дээр шидсэн. Гомдолтой байна” гэж мэдүүлжээ.
Явган зорчигч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон. Түүнчлэн тухайн үед явган зорчигч Б нь 2.91 хувийн согтолттой байсан, жолооч М 0.00 хувь буюу согтууруулах ундаа хэрэглээгүй байснаас гадна тэрээр тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. Мөн жолооч М-ийн автомашины хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байсан нь ослын үндсэн шалтгаан болохгүй бөгөөд осолд нөлөөлсөн байх магадлалтай гэж дүгнэсэн байна.
Иймд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь явган зорчигчийн буруутай үйлдэл гэж, харин жолооч М-ийн тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгал стандарт шаардлагад нийцээгүй гэх байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл биш гэж дүгнээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч М-ийг цагаатгасан байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 5.6
Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх