Архангай аймгийн Их-Тамир сумын нутагт 8.12 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт тус аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 41 км, Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөх гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид тектоникийн хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.