Авто ослын улмаас 60 тонн газ тээвэрлэж явсан машин том хэмжээний дэлбэрэлт үүсгэсэн ноцтой хэрэг гарснаар энэ хэрэгт яг хэн буруутай талаарх мэтгэлцээн иргэдийн дунд гарч байна. Үүнтэй холбоотой уг авто осолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу аль машин нь буруутай байж болох талаар мэргэжлийн дүрмийн багшаас асууж тодрууллаа. Ярилцлагын эзэн нь өөрийн болон сургалтынхаа нэрийг хэлэхээс татгалзсан билээ.
"Миний үзсэн бичлэгээс бол том тэрэг нь бүх дохиогоо өгч эргэсэн байсан. Нэгт, аюултай ачаа тээвэрлэж яваа. Хоёрдугаарт, дохиогоо өгөөд эргэж байгаа тэр урт тэрэгний хажуу бөөрөнд наалдаж орсон суудлын машины буруу. Эргэлтэн дээр том тэргийг дагаж оролгүй хүлээж байгаад эргэх нь зөв байсан. Том оврын машины жолоочид үзэгдэхгүй орчин буюу сохор бүс байгаа. Жижиг тэрэг нь тэр том тэрэгний жолоочид харагдах боломжгүйгээр дагаад орчихсон байна гэж харсан. Гол нь тэр машиныг аюултай ачаа тээвэрлэж яваа гэдгийг ямар ч жолооч хүн мэдэж байгаа. Жолоочийн анхан шатны хичээл дээр зааж байгаа шүү дээ. Тийм аюултай ачаа ачсан урт тэрэг явж байхад дагаж орж байдаг нь хамгийн буруу асуудал" гэлээ.
Мөн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр газ тээвэрлэж явсан машины жолоочийн буруу болох нь тогтоогдвол хуулийн хүрээнд хариуцлагыг хэн хүлээх, хохирлыг хэн барагдуулах вэ гэх асуулт байна. Тэгвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлд ингэж заажээ.
498 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага
498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
Тэгэхээр тухайн ажилтан нь байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол, ажил үүргээ гүйцэтгэж явахад нь тухайн осол болсон бол ажил олгогч гэм хорын хариуцлагыг үүрэх хуулийн зүйл заалттай байгаа нь нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байна.
https://legalinfo.mn/mn/detail/299?fbclid=IwAR22dRVkjNsLTvgwH74npBrZA2G5aEZtGYPdfV17btSg7S8tTLi_RgFnZ0c