Өнгөрсөн онд Энэтхэг улс дэлхийн хамгийн их хүн амтай улс болсноор БНХАУ хүн амаараа дэлхийд хоёрт бичигдэх болсон. Тэгвэл энэ онд Хятадын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурлаа. Тодруулбал, 2023 онд тус улсын хүн ам 1.409 тэрбум болж өнгөрсөн оныхоос хоёр саяар буурсан байна. Мөн 2022 онд 9,56 сая нярай мэндэлсэн бол 2023 онд шинээр мэндэлсэн нярайн тоо 9,02 сая болж буурсан үзүшлэлт бий. Хятадын статистикийн үндэсний хорооноос мэдээлж буйгаар 2023 оны байдлаар 1,000 хүн тутамд оногдох төрөлтийн тоо 6.39 гарсан байна. Энэ нь мөн л 2022 оныхоос багассан үзүүлэлт юм. Ийнхүү тус улсын төрөлтийн түвшин 1941 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Тиймээс Хятадын засгийн газраас гэрлэсэн хосуудыг олон хүүхэдтэй болохыг уриалж эхэлснийг хэвлэлүүд онцолж буй. Учир нь “нэг хүүхэд” бодлого 2015 оноос хэрэгжихээ больсон байдаг. Өөрөөр хэлбэл, тус бодлого хэрэгжиж байх үед өссөн залуучууд одоо эцэг эх болох насан дээрээ ирсэн билээ. Гэвч тэдний зүгээс олон хүүхэдтэй болохыг дэмжих хандлага төдийлөн харагдахгүй байгаа аж. Ялангуяа Хятадын залуучууд хүнтэй гэрлэхийн оронд ганц бие байхыг илүүд үзэх болсон. Тухайлбал 2013 онд тус улсад 13.5 сая гэрлэлт бүртгэгдсэн бол 2022 онд энэ үзүүлэлт хоёр дахин буурч 6.8-д хүрсэн байгаа юм. Үүнээс гадна цар тахлын үед эдийн засгийн өсөлт буурч залуучуудын дундах ажилгүйдэл нэмэгдсэн. Иймээс залуу хосууд гэрлэх, хүүхэдтэй болохоо хойшлуулах болсон байна. Мөн Хятадын эмэгтэйчүүд боловсролоо дээшлүүлэх, карьераа тэргүүнд тавих болсон билээ.