Өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд цуваагаар зорчиж явсан шинэ автобуснуудын нэг нь альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус осолтой холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг ЦЕГ-аас хүргэлээ. Тус мэдээлэлд "Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 6 дугаар ээлжийн 25 автобустай 2 дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдсон. Урьдчилсан байдлаар Дорноговь аймагт цуваагаар зорчиж байсан 7 номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас суудлын автомашины 2 зорчигч, амь хохирсон харамсалтай, ноцтой осол хэргийг тухайн аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна.
Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, хальтаргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуй барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна. Иймд хөдөө орон нутгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна" гэлээ.