Дундговь аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч А.Эрдэнэцогт “Мөнхийн зун” улаанбуудайн тэжээл үйлдвэрлэдэг. Тав, долоон настай охид нь түүнд тусалдаг бөгөөд түүний ажлын 40 орчим хувийг нь “нугалдаг” аж.
Гадаа цастай, -30 хэмийн хүйтэнд ч малдаа шинэхэн ногоо өгөх боломжийг бүрдүүлж, 300 мкв талбайд 1,2 тонн улаанбуудай тариалж, шим тэжээлтэй, шинэхэн ногоо үйлдвэрлэж байна. Найман килограмм “Мөнхийн зун” улаанбуудайн тэжээл хоёр боодол дөрвөлжин өвстэй тэнцэнэ. Нялх ногоо учраас малд шингэх шим тэжээл нь арвин аж.
Үүнийг хийхэд шаардлагатай бүх түүхий эд материал нь монголд байгаа учраас малчид бүгдээрээ өөрсдийн малдаа өгөх тэжээлээ тариалдаг болчихвол газрын элэгдэл хорогдлыг багасгаж, бэлчээрийн даацыг бага ч болов бууруулах, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэдгийг онцолж байлаа.
"ТӨРИЙН АЛБАНД НЭГ Ч ӨДӨР АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ. АМЬДРАЛЫНХАА ТУРШ ӨӨРТ ТӨРСӨН САНААГАА ХӨГЖҮҮЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ ИРСЭН"
А.Эрдэнэцогт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул. Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн. Тэрээр 1991 онд барааны саван үйлдвэрлэж анхны бизнесээ эхлүүлж байжээ. Түүний үйлдвэрлэсэн саван картын бараанд ордог байж.
Зах зээл өөрчлөгдөхийн хэрээр олон зүйл туршиж, судалж, эхлүүлж явсан тэр 1994 оноос бог малын өлөн гэдсийг Европын холбоо, Голланд улс руу экспортолдог болжээ. Тогтвортой ажиллаж байтал манай улсад малын өвчин гарч, гадаад харилцагч нь нийлүүлэлтээ зогсоосон аж.
Ингээд 1999 оноос аймагтаа анхны электрон тоолууртай, компютер удирдлагатай ШТС байгуулж, 1000 төгрөгөөр зарагддаг байсан бензинийг 450 төгрөг хүртэл буулгаж байжээ. Энэ салбарт 4,5 жил ажиллаад зах зээл өөрчлөгдөж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрсэн тул 2006 оноос харилцаа холбооны салбарт хүч үзжээ.
Мөн л аймагтаа анхны кабелийн телевиз оруулсан байна. Тухайн үед нэг, хоёрхон суваг гардаг байсныг 48 суваг гардаг болгож, энэ салбараат 2-3 жил ажиллаад, 2008 оноос барилгын салбар руу оржээ. Анх найман айлын орон сууц арилжааны шугамаар барьж, зарж байсан. Түүнээс хойш 40 гаруй айлын орон сууц барьжээ.
2015 оноос аялал жуулчлалын салбарт ажиллаж, амралтын газар барьж, үйл ажиллагаагаа явуулсаар байна.
2023 оноос ковидын үед төрсөн санаагаа хэрэгжүүлж, гидропоникийн аргаар буюу усан суурьтай улаанбуудай тариалж эхэлжээ.
Тэрээр “Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14 нд өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд анхны ургацаа хураан авсан. Түүнээс хойш хоёр сар өнгөрсөн байна. Энэ өвөл тариалахаар найман тонн улаанбуудай авсан. Одоогийн байдлаар 70 хувьтай явж байна. Туулай жилдээ багтаад дуусгахаар ажиллаж байна.
Би төрийн албанд нэг өдөр ч ажиллаж үзээгүй. Эхнэр цалин аваад өөрөө хоосон байгаад байвал хэцүү. Ажилгүй хүн учраас л олон санаа шинэ төрж, түүнийгээ туршиж явдаг байх.
Манай хадам аавын дүү СГЗ Дадьсүрэн гэж хүн байсан. Тэр хүн надад их сайн. Надтай янз бүрийн юмаа их ярьдаг. Чи их юм сэдэж санаж явдаг учир түүнийгээ байнга тэмдэглэж бай. Алдсан ч, оносон ч, бүтэлгүйтсэн ч үргэлж тэмдэглэж бай. Тэр бүхэн чинь эргээд өөр зүйл хийхэд санаанд ордог юм” гэдэг байсан. Тэр л энэ жил санаанд их орж байлаа.
"МӨНХИЙН ЗУН" НОГООН ТЭЖЭЭЛЭЭ ХИЙХИЙН ТУЛД 500КГ БУДААГААР "ТОГЛОСОН"
“Мөнхийн зун” ногоон тэжээлээ хийхийн тулд би 500 кг будаагаар тоглосон. Илжилсэн, муутгасан, хаясан. Юуг нь чадахгүй байгаагаа мэдэхгүй. Орчныг нь чадахгүй байна уу, температур нь болохгүй байна уу, гэрэл нь болохгүй байна уу гээд л хаваржин, зунжин, намаржин туршсан. Өнгөрсөн долоодугаар сард наадмын үеэр л жигдэрч эхэлсэн” гэв.
А.Эрдэнэцогт ногоон тэжээл хийх аргачлалаа ютүбээс харж эхлүүлжээ. Шинэ зеланд, Канад, АНУ, Европын Холбооны улсуудын үйлдэрлэж буй бичлэгүүдийг үзэж байгаад өөрийн мэдрэмжээрээ туршиж, судалсны үндсэнд өнөөдөр үйлдвэрлэлээ амжилттай явуулж байна.
НАЙМАН КИЛОГРАММ НОГООН ТЭЖЭЭЛ, ХОЁР БООДОЛ ӨВСТЭЙ ТЭНЦЭНЭ
Тэрээр “Найман килограмм ногоон тэжээл, хоёр боодол өвстэй тэнцэнэ. Нэг боодол өвс 16 орчим кг жинтэй, хэмжээний хувь дөрвөлжин авдар шиг байдаг. Тэгэхээр гэрийн авдарт ийм тэжээл олныг хийчихвэл зай бага эзэлнэ. Мөн ногоон тэжээл усан суурьтай, нойтон учраас гал дэмжихгүй. Өвс бол салхинд хийсэх, шороо шуурахаас эхлээд элэгдэл, хорогдол ихтэй. Үүнийг гялгар уутанд савласан учраас хорогдол байхгүй. Мал өвс идэх энэ ногоон тэжээл идэх асар ялгаатай. Өвс бол ногоо биш зүгээр л мод. Харин энэ ногоон тэжээл илүү шимтэй шүүстэй, биед нь сайн шингэнэ. Өвс идээд ялгадас их гарна. Харин ногоон тэжээл идвэл нь тухайн малын биед нь шим тэжээл нь шингэж байгаа учраас ялгадас бага гарна.
Би 300мкв талбайд 1,2 тонн улаанбуудай тарьж байна. Үүнийг байгальд таривал зургаан га газар ашиглана. Үүнийгээ аравдугаар сард хурааж авна. Харин би үүнийг 20 хоногийн дотор шинээр нь хураагаад авч байна. Нялх ногоо учраас малд муу байх ямар ч үндэс байхгүй. Тухайн мал эрүүл бол тарга тэвээр нь харихгүй, хүчээ алдахгүй явсаар зун цагтайгаа золгоно.
МАЛЧИД ӨВС ХУДАЛДАЖ АВАХ ЗАМЫН ЗАРДЛААРАА ИЛҮҮ АШИГ ШИМТЭЙ ШИНЭХЭН НОГОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ
Зөвхөн манай аймагт 3,6 сая мал үүнийг идэх боломжтой байна. Үүнээс би бүх хүчин чадлаа ашиглавал хоёр мянгат малчныг л малыг бэлчээрт нь явуулахгүйгээр тэжээх боломжтой. Цаана нь дахиад 3,6 сая мал идэх зах зээл байна. Тиймээс малчид ногоон тэжээл тарьж сурах ёстой.
Овор том хэмжээтэй өвс ачуулах тээврийн зардлаараа л шинэхэн ногоон тэжээл авчихвал илүү ашигтай. Тээврийн мөнгөө өөр зүйлд ашиглах боломжтой учраас эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
Монгол улс 70 гаруй сая малтай. Би хэчнээн зүтгээд 2000 мал л тэжээнэ. Цаана нь дахиад 70 сая мал нь байх учраас залуучууд маань монголдоо үүнийг хийе. Монголын бүх сангийн аж ахуйд улаанбуудай байна. Бүх эмийн санд маргинц байна. Гумины бордоо, ус нь байна. Ингээд харахаар гаднаас хайх юм алга. Бүх юм нь байна. Тарих хүн нь байвал 70 сая малаа тэжээгээд байх нь. Ингэснээр газрын элэгдэл хорогдлыг багасгаж, малын мэлчээрийн даацыг бага ч гэсэн бууруулна” гэв.
Тэрээр энэхүү ногоон тэжээлийн хүн бүр тарьж сураасай гэсэн үүднээс өөрийн “Мөнхийн зун тэжээл” нэртэй фэйсбүүк хуудаст өөрийн алдаж, оносон туршлага, тариалах арга аргачлалыг бичлэг болгон нийтэлдэг аж.
“Мөнхийн зун” ногоон тэжээл тарих арга:
- Ногоон тэжээлийн үндсэн түүхий эд нь цэвэр улаанбуудай. Улаанбуудайгаа сайн үзэж, хугарал гэмтэлгүй, шороо тоосгүй, ямар нэгэн үргүй цэвэр улаанбуудай сонгох нь ургалт сайн байхын эхлэл.
- Эхлээд цэвэрлэсэн поднусдаа 1,5 кг орчим улаанбуудайг гуминтай устай үрсэлгээ хийж тавина.
- Ингээд 12 цагийн дараа тавиур дээрээ тавьж гэрлээ өгнө. Ургаж дуустлаа 10 хоног нарыг орлуулсан мөнхийн гэрэлтэй байна.
- Өдөр бүр усална. Хамгийн гол нь өрөөний чийгшил 70 хувиас бууж болохгүй. Температур нь 22 хэмийн байх ёстой.
- Хамгийн багадаа дөрвөн кг ба түүнээс дээш ямар ч хэмжээтэй ургуулж болно.
- Өөрт тохирох хэмжээгээр ургуулж, гялгар уутанд хийж вакуумдаад, банш бууз шиг хөлдөөж хадгална.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.