Өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн данс руу гүйлгээ хийсэн бусад сэтгүүлчдийг цагдаагийн байгууллагаас дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан байна. Мэдүүлэг өгсөн сэтгүүлчид, амралтын өдрөөр дуудаж мэдүүлэг авах нь хууль бус үйлдэл гэж буруутган, бухимдаж буй. Бид асуудалтай холбогдуулан сэтгүүлчдээс ямар байр суурьтай байгаа талаар нь тодрууллаа. Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоригдож буй асуудалд тэд юу хэлэв.
СЭТГҮҮЛЧДИЙГ ҮЗЭН ЯДУУЛАХ ЯВУУЛГА ХИЙЖ БАЙНА
Сэтгүүлч М.Батбилэг: Бүтэн сайны өдөр гэртээ амарч байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг авмаар байна. Ирж тайлбар өг гэсэн юм. Очоод ямар үндэслэлээр, ямар мэдүүлэг авах гэж байгаа юм бэ гэхэд, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн “Ган үзэгтэн” компани руу 2019 онд 400 мянган төгрөг шилжүүлсэн байна. Үүнийгээ тайлбарла гэсэн. 2019 оны шинэ жилийн үеэр хамтарч ажилладаг байгууллагууд 10 мэдээллийн сайтад бизнес мэээ байршуулж байсан юм. Түүний нэг нь л Зариг.мн сайт байсан.
Олон нитийн дунд нэг ойлголт байна. “Хэвлэлийнхэн их эмзэглээд байна. Бараг толгойг нь барьчихсан. Өнөрөөтэй нийлж нүүрс хулгайлдаг байсан нөхдүүд одоо үхэх гээд байна” гэж. Огт тийм зүйл байхгүй. Намайг ч бай, Өнөрөөг ч бай үзэн ядах, итгэл үнэмшлийг чинь дуусгаж байгаа явдал шүү. Энэ хэлбэр агуулгад нь маш сайн ач холбогдол өгөх ёстой юм аа. Бараг л монголын авлигын загалмайлсан эхийг барьчихсан юм шиг сүр дуулиантай аваад явсан. Надад мэдрэгдэж байгаа мэдрэмж бол Н.Өнөрцэцэгийг сонгууль өнгөртөл далд байлга гэсэн чиглэл л хэрэгжиж байгаа юм байна гэж хардаж байгаа. Өнгөрсөн энэ хугацаанд буруутгах хангалттай нотлох баримтыг олоогүй юм байна гэж ойлгосон.
ШҮҮХИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР СЭТГҮҮЛЧИЙГ ХОРЬЧХООД, ОДОО ЯАГААД ОРЛОГО, САНХҮҮГ НЬ ШАЛГААД БАЙНА ВЭ
МНСЭ-ийн дэд тэргүүн З.Боргилмаа: Цагдаагийн байгууллагаас дуудахдаа албадаж байгаа сүрдүүлгийн шинжтэй байсан. Миний утас руу залгахгүй мөртөө гэр бүлийн хүний утас руу залгасан. Мөн монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх замаар үнэнийг мэдээлдэг онцлогтой гэдгийг төсвийн цалин авч ажилладаг хүмүүс ойлгодоггүй юм болов уу гэж бодож байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлыг олон нийтэд ил мэдээлснээр, шүүхийн нэр хүндэд халдсан гэх гомдлын дагуу шалгана гэж байсан шүү дээ. Гэтэл одоо шүүхийн нэр хүндэд хандсан асуудал нь юу болсон бэ. Юу болоод орлого санхүү, татвараас зайлхийсэн гэх асуудлаар шалгаад байна вэ.
Сэтгүүлчид “шантааж” хийдэг гэдэг хэлц яриа, хэвлэлийнхэн “худалдагддаг” гэх буруутгал олон жилийн хэвлэл мэдээллийнхнийг дагалдаж, шүүмжлэмтгий мөн чанар бүхий чөлөөт хэвлэлийнхний үгийн гүнд эрх ашиг нь хөндөгдсөн албаны тушаалын болон мөнгөний эрхтэн дархтанууд дээрх хэлцүүдийг ашиглан “сэтгүүлчид худлаа бичдэг” гэх ойлголтыг нийгэмд цацан өөрсдийгөө уснаас хуурай авч гарах арга саам болгохыг санаархдаг нь ердийн л юм болж. Сүүлдээ “шантааж хийх”, “худалдагдах” гэдэг дам хар яриа хуулийн хэлэнд хөрвөж, ойрноос эрүүгийн гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх нэр томьёо руу хөрвүүлэгдэн орж ирэх боллоо. Үнэхээр ийм гэмт хэрэг сэдсэн бол сэтгүүлчээ өмгөөлөх нэр, нүүр над алга. Харин гэхдээ ардчилсан Монгол Улс маань нийтийн эрх ашгийг хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, хувьдаа давуу байдал, ашиг хонжоо олж авсан эрхтэн дархтан гэмт үйлдлийнхээ төлөө ямар мэдээллийг ямар үнээр нуун дарагдуулж байна вэ гэдгийг шалгаж тогтоодог шүүх, цагдаатай байхыг шаардах эрхтэй.
АРДЧИЛЛЫН ИНДЕКС НЬ БУУРСАН ОРНУУДАД ЯГ ИНГЭЖ СЭТГҮҮЛЧДЭЭ ЯЛЛАХААР УЛАЙРДАГ
Сэтгүүлч Ж.Мядагбадам: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хамаарах бүх хэргийг түүний дуу хоолойгоо өргөх боломжтой нөхцөлд мөрдөн шалгаасай
Эрүүгийн цагдаагийн газраас 2019 оны зургадугаар сард хийсэн 500 мянган төгрөгийн гүйлгээний асуудлаар дуудсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь Зариг.мн сайтаа манай агентлагаас нэг жилийн өмнө байгуулсан. Бид 2019 оноос хойш бизнес мэдээний төлбөрөөс гадна хэд хэдэн удаа нэгнээсээ мөнгө зээлж, цалингийн зардалдаа хэрэглэсэн байдаг.
"Нэгнээсээ цалин зээлээд, урамшуулалд нь 20 мянган төгрөг өгдөг" гэсэн утга бүхий постыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг ч бичсэн байдаг. Байгууллага, иргэн хооронд ийм харилцаа явж л байдаг.
Тийм атал чөлөөт хэвлэл эрхлэгчид өнөөдөр ийм деталь агуулгаар мэдүүлэг өгч, Н.Өнөрцэцэгт шилжүүлэг хийсэн сэтгүүлч бүр амралтын өдрөөр дуудагдаж, "Гэмтэй" юм шиг мэдрэмж авч байгаа нь нэг төрлийн залхаан цээрлүүлэлт гэж харж байна.
Ардчиллын индекс нь буурсан орнуудад яг ингэж сэтгүүлчдээ яллахаар улайрч, нэгнээр нь жишээ нь авч бусдыг нь айдаст автуулах, нийгэмд нөлөө өндөртэй сэтгүүлчид элдэв хэрэг овоолох зэрэг операц өрнөсөн байдаг.
Ер нь сонгуулиар Н.Өнөрцэцэг гэдэг шүүмжлэгч нөлөөлөгчийг хорьж, дуу хоолойг нь хаах сонирхол нөлөө бүхий улс төрчдөд байна гэх хардлагыг төрүүлж байгаа. Сэтгүүлчийн хувийн байдалд хэт халдаж, 40 хоног хорьчхоод 100 мянган төгрөгийн гүйлгээг нь хүртэл шалгаж суугаа хуулийнханд, тэдэнд чиглэл өгөгсдөд харамсаж байна. Том агуулгаараа энэ "Сонгуулийн өмнө сэтгүүлчээ хорьсон улс" гэдэг дүгнэлтийг л олон улсад өгөх юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хамаарах бүх хэргүүдийг нь нээлттэй, түүний ил дуу хоолойгоо өргөх боломжтой нөхцөлд мөрдөж шалгаж, шүүх ажиллагааг явуулах учиртай л гэж харж байгаа. Энэ процессыг олон улсын болоод монголын хэвлэлийн байгууллагууд анхааралтай ажиглаж байгаа гэж хэлмээр байна.