Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инцфляц тогтвортой багасаж байгаа ч иргэдийн амьдрал дээрдэхгүй, өдрөөс өдөрт доройтсоор байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлт биш савлагаатай түр зуурын өсөлт болохоор ийнхүү иргэдийн амьдралд хүрч чадахгүй байгаа юм. Иймээс эдийн засгийн тогтвортой өсгөх буюу цаашлаад иргэдийн амьжиргааг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцэж байна. Гэтэл иргэдийн амьжиргааг сайжруулах нэрийдлээр өргөн барьсан хуулийн төсөл нь цаад утгаараа гаднынханд газар нутгаа найр тавиад өгчхөж байна уу гэлтэй агуулгатай байгаа юм. Учир нь уг хуулийн төсөлд хэдэн ч төгрөгөөр хөрөнгө оруулсан Монголын газар нутгаас 100 жил ашиглах боломж олгоод зогсохгүй ашиглах газрын дээд хэмжээг тогтоогоогүй байна.
Хэдийгээр бидэнд гадаадын хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй байгаа ч газар нутгаа гаднынханд найр тавиад өгчхөж болохгүй. Бидний хүсээд буй, хүлээгээд байгаа томоохон хөрөнгө оруулагчид газар нутаг ашиглахыг сонирхдоггүй болох нь өнгөрсөн жилүүд харууллаа. Одоогийн хуулиар 100 мянган ам долларын хөрөнгө оруулсан гаднынханд 60+40 жилээр газар ашиглах, эзэмших эрх өгч байгаа ч 2010-2022 онд 1700 орчим гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж татан буугдсан байна. Тэгвэл томоохон хөрөнгө оруулагчид юу хүсдэг вэ гэвэл, төрийн тогтвортой бодлого, татвар, ажиллах хүчний эерэг таатай орчныг хүсдэг юм. Жишээлбэл, БНХАУ 2019 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төслийг баталж 2020 оноос эхлэн мөрдөх болсон. Энэхүү хуулиар хөрөнгө оруулагчдад татварын орчин, Маргаан шийдвэрлэлт, Гадаад улсын шүүх, арбитрын шийдвэрийн биелэлт зэрэг хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Ингээд уг хууль үйлчилж эхэлснээс нэгхэн жилийн дараа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар эрс нэмэгдэж 157.2 тэрбум ам.долларт хүрсэн юм. Өмнө нь хэлсэнчлэн гадаадын томоохон хөрөнгө оруулагчид газар нутаг ашиглах, эзэмших бус төрийн тогтвортой бодлого, татварын таатай орчин хүсдэг. Харин хөрөнгө оруулагч нэрийдлээр 10, 20 сая төгрөг өгөөд Монголын газар нутаг дээр 100 жил үе дамнан амьдрах сонирхолтой ямар хүмүүс байгаа бол. Үүнийг л сайтар бодох л хэрэгтэй юм. Тэд яг хөрөнгө оруулагч нэрийдлээр Монгол иргэдийн авч ашиглаж чадахгүй байгаа газар нутагт 100 жилээр эзэн сууна.
Энэхүү хуулийн төслийн талаар хуульч Б.Түвшинтөгс ийнхүү ярьсан юм. Тэрээр "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн суурь судалгааг маш муу хийсэн. Үүнээс болоод олны дунд маргаан гараад байгаа юм. Үүнээс гадна уг хуулийн төслийг баталсан тохиолдолд манай улсад ямар ач холбогдолтой юм, энэхүү хуулийн төслийг батлах хэрэгцээ шаардлага гарсан уу зэрэг судалгааныхаа талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өмнө нь 60+40 жилээр хөрөнгө оруулсан гаднынханд газар ашиглах, эзэмшүүлдэг байсан бол одоо 100 жилээр газар ашиглах эрх олгохоор болж байгаа тухай ярьсан. Энэхүү хуулийн төсөлд Ч.Хүрэлбаатар гэдэг хүний байр суурь ямар ч хамаагүй. Харин хууль судлаач, мэргэжилтний байр суурь хэрэгтэй" гэлээ.