Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар байр сууриа илэрхийллээ.
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар МҮХАҮТ-ыг төлөөлж байр сууриа илэрхийллээ.
"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ"
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалттай байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж ард иргэдийн орлого нэмэгдэнэ, гадаадад мянга, мянгаараа ажиллаж байгаа залуус эх орондоо ирж ажиллах боломж бүрдэнэ.
Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио сигнал болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм.
Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал хэмээн дүгнэсэн.
Нэгдүгээрт хууль, эрх зүйн орчин тогтвортой байх тухай ойлголт нэн чухал. Хууль гэнэт өөрчлөгддөг эсвэл мэдээгүй байхад нь шинээр зүйл заалтууд орж шинэчлэгддэг. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг ААН-үүдэд хүндрэлтэй байдал үүсгэдэг. Үүнтэй холбоотой саналуудаа тавьсан. Дээрх саналыг хүлээн авч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой хөндсөн асуудлыг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг, хэлэлцүүлэгт оролцох боломжтой болгох талаарх эдийн засгийн холбогдолтой заалтууд анх удаа орсон байгаа. Хоёрдугаарт хууль, эрх зүйн орчноос хамаарч бизнест тулгардаг асуудал нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо. Засгийн газрын түвшинд холбогдох яамд хоорондоо ойлголцдоггүй. Засгийн газар болон орон нутгийн түвшинд гаргасан шийдвэрээ ойлголцдоггүй. Орон нутагт очихоор тэс өөр зүйл шаарддаг гэх мэтчилэн уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа хийх орчныг тогтворгүй болгодог.
"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАСАН УЛС ТӨРЖИЛТ ИХ БАЙНА
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан нэлээд их улс төржилт байна. Монгол улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт.
Иргэд биднийг өөрчлөгдөж, шинээр харан ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх чиглэлээр шаардлагатай алхам болгоныг хийгээд өгөөч гэж хүсэж байгаа.
Биржийн хууль батлагдсаны дараа монголын газрын доорх баялгууд үнэд хүрдэг болсон. Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн. Улсын төсөв давж биелж байна. Эдийн засаг долоо орчим хувиар өсөх болж байна. Ганцхан үг. "Бирж" гэдэг үг ямар их өөрчлөлт авчирч байгааг бид бүгд мэдэж байгаа.
30 жил монгол улсын хуульд байгаа заалтыг гэв гэнэт Колумб Америкийг нээчихсэн юм шиг Ч.Хүрэлбаатар газрыг 100 жилээр өгөх гэж байна гэсэн үлгэр зохиодог, их үнэмшилтэйгээр жүжиглэж, хоолойгоо шахаж ярьж байгаа, нүднээс нь нулимс унжуулж ярьж байгаа.
Хуучинтайгаа хоцрогдъё, монгол улсын хөгжлийг өнөөдрийг хүртэл хэдэн арван жил хойш татаж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр энэ хуулийг эсэргүүцнэ.
Тэрбум тэрбум төгрөгөөр монгол улсын ирээдүйг харлуулдаг, хуваадаг, доромжилдог зүйлсийг зогсоох цаг өнөөдөр ирж байна.
Энэ ажиллагаанд хэдэн тэрбум төгрөг цацаж хүмүүсийг харлуулж байгаа. Гэхдээ монголчуудын гэрэлт ирээдүйг гэрэлгүй болгож чадахгүй шүү. Ямар ч завсарлагагүйгээр одоо хэн нь хөгжлийг хойш татах гэж байна. Хэн нь урагшаа авч явах гэж байна гэдгийг харж шийдвэрээ гаргацгаая.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭНЭХҮҮ ХУУЛЬ НЬ ӨРӨӨСГӨЛ ХУУЛЬ
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Гаднын хөрөнгө юунаас болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа байх. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байхад Япон улсын тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо Монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан.
Ингээд санамж бичиг зураад япончууд хөрөнгө оруулах юм байна гэсний дараахан асар том довтолгоо болсон. Намайг УИХ-ын гишүүн байхад Баянгол зочид буудал дээр над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болсон. Тухайн үед ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт гэдэг юмыг зогсоож байв.
Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод Хятадын Шинхуа компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээр эргэн хараачээ гэдэг саналууд байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын энэхүү хууль нь өрөөсгөл хууль. Намын, намын бүлэг шийдвэр гаргалаа гээд шийдээд яваад байвал намын бүлэг гурван сая гаруй монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй. Манай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг хуулиар өөрчлөгдсөн байгаа.