Спортын тэмцээн, уралдааныг шүүн дэнсэлдэг "Шүүгч" алдрын эзэд бол маш хүндтэй бөгөөд өндөр үүрэг хариуцлагыг хүлээдэг билээ. Мэдээж тэдний хувьд "Олимпын наадам"-ыг шүүн явуулахад "эрх" авч шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан ордог.
Тэгвэл Токиогийн олимпын наадмыг шүү дэнсэлсэн, мөн энэ удаад "Парис 2024" зуны олимпын наадмыг шүүн явуулахаар эрхээ амжилттай аваад байгаа Олимпын зэрэглэлийн шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэлийг Өрөг.mn сайтын зүгээс онцолж байна. Чимээгүй амжилтын эзэд болсон түүний хувьд энэ оны олимпын наадмыг шүүн дэнслэх Ази тивээс гарын таван хуруунд үл багтах шүүгч сонгосны нэг нь Монгол эмэгтэй буюу Шүүгч Л.Одгэрэл сонгогджээ.
"Парис 2024" зуны олимпын наадмыг шүүхээр 198 улсын 270 шүүгч өрсөлдсөнөөс ердөө 35 хүнийг л сонгон авчээ. Ингээд бид Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэлтэй ярилцлаа.
Юуны өмнө танд Олимпын наадмыг шүүн дэнслэх эрхээ авсанд нь баяр хүргэе. Ер нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг олимпын наадмыг шүүн явуулна гэдэг нэр төрийн хэрэг байх? Шалгуур нь хэрхэн яаж болдог вэ?
Парисын олимпын наадмыг шүүх эрх авахаар 198 улсын 270 шүүгч өрсөлдсөнөөс
35 хүнийг сонгон авчээ
Хүндийн өргөлтийн Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Миний хувьд бол сая өнгөрсөн 9 сард "Парис 2024" зуны олимпын наадмыг шүүх эрхээ авсан. Үүний тулд би 2012 оноос хойш шүүгчийн карьераа эхлүүлсэн байна. 12 жилийн хөдөлмөрийн үр шим мэдээж хоёр дахь олимпоо шүүхэд дэм боллоо. Тэгээд Токиогийн олимпоос хойш манайх бол нормативаараа "дөрвөн дэлхийн аварга" шүүсэн байх ёстой. Сая Саудын Арабын Эр-Риядад болсон насанд хүрэгчдийн ДАШТ миний дөрөв дэх дэлхийн аварга байсан. Бусад дэлхийн цом, гран при тэмцээнүүдийг шүүж байгаа. Норматив нь бас тийм байдаг учраас зайлшгүй ажиллах ёстой тэмцээн маань дэлхийн аварга байсан. Тэгээд тэрний дараа бол Олон улсын хүндийн өргөлтийн холбоо удирдах зөвлөл хуралдаж Парисын олимпт ажиллах 35 шүүгчийг сонгодог. Тэгэхээр нөгөө тив тивээс квоттой. Одоо миний хувьд Ази тивээс дөрвөн эмэгтэй сонгогдсон, тэрний нэг болж сонгогдсон байгаа.
Олимпын наадмыг шүүх эрх авахын тулд хүндийн өргөлтийн дөрвөн ДАШТ-ийг шүүн явуулсан байх
шаардлагыг тавьдаг
Нэг улсаас хэдэн шүүгчид эрх олгодог вэ? Олон улсын хүндийн өргөлтийн холбоо Ази тивээс дөрвөн эмэгтэй шүүгч л сонгон авсан уу?
Хүндийн өргөлтийн Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос олимп, тив дэлхий, азийн наадам гээд тэмцээн уралдааныг шүүх эрх олгохдоо огт давхардуулдаггүй. Нэг улсаас нэг шүүгчид л шүүх эрх олгодог. Парисын олимпын наадмыг шүүх эрх авахаар 198 улсын 270 шүүгч өрсөлдсөнөөс 35 хүнийг сонгон авсан. Шалгуур маш өндөр байсан. Гэхдээ манай төрөл бол маш хариуцлагатай, олон жилийн туршлага, хамгийн гол нь сэтгэл зүйгээ маш сайн өндөр хэмжээнд бэлтгэсэн зэрэг ур чадварыг харгалзан үзэж байж сонголтоо хийх шийдвэрийг гаргадаг.
Таны хувьд хүндийн өргөлтийн спортын тэмцээн уралдааныг шүүн дэнслээд 12 жил болжээ. Нөр их хөдөлмөрийн үр шимээр хоёр дахь зуны олимпын наадмаа шүүх эрхээ авсан байх?
Хүндийн өргөлтийн Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Шүүгчийн карьераа эхлүүлээд төдийгөөс өдий хүртэлх олон жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр шим бол Парисын олимпын наадмыг шүүх эрхээ авсан нь байлаа. Мэдээж олон жилийн туршлага, бас ар талаа дааж үлддэг гэр бүл, аг хамт олны маань нөмөр нөөлөг, дэм тус их байдаг. Анхны өсвөр залуучуудын олимпын наадмаас эхлээд олимпын хоёр дахь наадмаа шүүх гэж байна. Мөн Азийн наадам, Зүүн Азийн наадам, Танхимын спортын наадам гээд л бусад бүх том тэмцээнийг шүүн дэнсэлсэн. Шүүж үзээгүй тэмцээн гэвэл Африк тивд л үлдсэн байна/инээв/
Л.Одгэрэл: Өөрийн улсын тамирчдыг шүүх бас л хүнд мэдрэмж төрдөг
Өөрийн улсынхаа тамирчныг шүүхэд сэтгэл санаа бас л сонин мэдрэмж төрдөг болов уу? Ийм тохиолдолд сэтгэл зүйгээ шүүгч нар хэрхэн бэлтгэдэг вэ?
Хүндийн өргөлтийн Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Өөрийнхөө тамирчдыг гараад ирэхэд бол сайхан. Мэдээж Токиогийн олимпт ажиллах хүртэл гэдэг бол нэлээд дадлага, туршлага, сэтгэл хөдлөлийг бариад сурчихсан ийм шүүгч нар сонгогдож байгаа. Миний анхны өөрийн тамирчдыг шүүсэн тэмцээн бол 2013 оны Зүүн Азийн наадамд МУГТ Н.Баярмаа эгч оролцож байсан тэмцээнийг би хэзээ ч мартдаггүй. Яагаад гэхээр тэр бол 2013 он гэдэг чинь би шүүгч болоод дөнгөж л нэг жил болж байсан. Яг миний алга маш их хөлөрч байсан. Яг өөрийг нь төвийн центрт рефереегээр суугаад шүүхэд бол нэлээн хүнд л байдаг юм билээ. Тэрийг бол даваад гарч чадсан. Тэр бол маш том туршлага, ийм мэдрэмж байдаг юм байна, энийг ингэж сэтгэлээ удирддаг юм байна гээд тэрнээс хойш би бүх л багтайгаа, манай баг яг ямар тэмцээнд явж байна, би шүүгч хийгээд л явна. Тэд нарыгаа шүүгээд л явна. Харин эсрэгээр манай тамирчдад бол их таатай байдаг гэсэн. Өөдөөс нь ингээд тандаг хүн хараад суух сэтгэл санаа уужирдаг шүү эгчээ гээд бас тийм сайхан сэтгэгдэл хэлж байдаг.
Энэ спортод өргөлт бол яг нэг секундэд болдог учраас шүүгч бид нүдээ цавчлах эрхгүй…
Яг өрсөлдөөний талбар дээр шүүгчээс маш их ур чадвар, хариуцлага, мэдрэмжийг шаарддаг байх?
Хүндийн өргөлтийн Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл
Ер нь бол манайх чинь яг өргөлт бол яг нэг секундэд л болдог. Тийм хурдан хугацаанд болдог учраас тэр хооронд яг нүдээ цавчихгүй байхаас эхлээд бүх л зүйлийг нь тааруулж байдаг. Тэгээд тэнд бол алдахгүй, ямар ч өргөлтийг алдахгүй харах ёстой. Тэгээд тэр утгаараа миний хувьд бол хүндрэлтэй зүйл гардаггүй. Мэдээж шүүгчийн маргаан бол манайх дэвжээний гурван шүүгч өөр өөр. Тухайн байрлалаасаа болоод зарим үед тамирчин өргөөд эргэчихдэг. Тэгэхээр энэ талд сууж байгаа шүүгч бол харах боломжгүй учраас ямар нэгэн одоо үгүйсгэх дохио өгөх боломжгүй байдаг. Үүн дээр жюри шүүгч дахиж бичлэг одоо үзнэ.Бид нар бас бичлэг ухрааж үзнэ. Яалт ч үгүй харагдахгүй талаас яах ч арга байдаггүй. Тийм тохиолдолд шүүгчдийн нэгдсэн журмаар шүүлтийг гаргадаг учраас манай тэмцээн харьцангуй шүүлтийн хувьд ямар ч маргаан гардаггүй, цэвэр шүүлттэй спорт.
Аливаа спортын амжилт, ялалтын ард баг хамт олон, олон хүний хүч хөдөлмөр байдаг. Иймээс бидний зүгээс Монголын Хүндийн өргөлтийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Тухайн спортын төрлөөс том тэмцээн уралдаанд тэр дундаа олимпын наадмыг шүүн дэнслэх "шүүгч сонгогдоно" гэдэг нь маш онцлогтой байдаг. Танай спортын төрлөөс хоёр дахь олимпоо шүүх шүүгчийг Олон улсаас сонголоо?
Монголын хүндийн өргөлтийн холбооны гадаад, дотоод хөрөнгө оруулалт хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж
Манай Л.Одгэрэл хоёр дахь удаагаа олимп шүүх гэж байгаад баяртай байна.
Манай хүндийн өргөлтийн холбооны түүхэн амжилтын нэгээхэн хэсэг. Манай эмэгтэй шүүгчээс хоёр дахь удаагаа олимп шүүнэ гэдэг бол бас том "шалгуур" л даа. Анх манай Гансүх шүүгч маань олимп шүүх эрх авсан байсан. Гэвч биеийн байдлаас болж тухайн үед шүүж чадаагүй. Харин манай Одгэрэл дахин олимп шүүх болсонд бид бүхэн маш их баяртай байна. Энэ бол хамгийн гол нь хувь хүний идэвх чармайлт бүх зүйлээс нь шалтгаалж байгаа. Өөрөө бас дэлхийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн байгаа. Бид маш их баяртай байна.
Энэ онд хүндийн өргөлтийн баг тамирчид хэдэн эрх авахаар зорьж байна вэ?
Монголын хүндийн өргөлтийн холбооны гадаад, дотоод хөрөнгө оруулалт хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж
Сая манай удирдах зөвлөлийн хурал болсон. Үүн дээр намайг бол гадаад, дотоод хөрөнгө оруулалт хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгосон байгаа. Энэ дээр би бол гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг шийдэх, тэрэн дээр илүү түлхүү ажиллана. Мөн давхар шигшээ багийн албатайгаа, яам олимпын хороо бусад ивээн тэтгэгч байгууллагууд ивээн тэтгэгч нарыгаа олох зорилготой байгаа.Манай баг тамирчид энэ онд 4-5 эрх авахаар зорьж байна.