Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын 76 гишүүн 126 болно. Тэгвэл залуучууд УИХ-ын гишүүнээр сонгогдох боломж хэр байгаа талаар "Иргэн та Хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбаттай ярилцлаа.
УИХ-ын гишүүн олон болж байгаа нь таны зүгээс ямар ололт, боломж гэж харж байна. Залуучуудад сонгогдох боломж гарж ирэх үү?
УИХ-ын 76 гишүүнийг 126 болгож Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийснийг дэмжиж байна. Манайх шиг парламентын тогтолцоотой 100 хүрэхгүй гишүүнтэй улс цөөхөн. УИХ-ын гишүүнийг 126 болгосноороо малчид, эмч, бизнесмен, сэтгүүлч аль нь ч мөнгөгүй байсан ч парламентад орох боломжийг олгож байна.
Олон болсноороо өмнө нь парламентын талаарх ойлголтгүй байсан иргэд ч “би бас сонгуульд оролцож болох юм байна” гэдэг бодол бий болгож байгаа нь парламентын ардчиллыг илүү төгөлдөржүүлнэ гэж л харж байна. УИХ-ын гишүүд олон болсноороо поп улстөрчид багасаж эхэлдэг. Нийгмийн салбар салбарын буюу нэгдсэн залуучууд орж ирэх боломжтой. Энэ нь парламентад иргэдийн асуудал ярихаас илүү бодлогын асуудал ярилцах боломжийг олгодог.
2024 оны сонгууль анх удаагаа бүсчилсэн байдлаар явагдах гэж байна. Маш олон залуучууд би сонгогдохгүй байх гээд шаналчихсан сууж байгаа. Би сонгогдохгүй юм байна. Энэ том тойрог дээр яаж гарах юм бэ гээд сууж байгаа. Үгүй шүү. Бидэнд давуу талтай, хэрэгтэй сонгуулийн тогтолцоо бий болсон
Залуучуудад ашигтай сонгуулийн тогтолцоо бий болсон гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэн яриач ?
Үзэл бодол, хийсэн ажил, туршлагаа ярьж чадах юм бол ялж чадна. Япон, Америкт дөрөв, таван удаа сонгогдсон нөлөө бүхий хүмүүсийг дандаа залуучууд нь ялдаг. Яаж вэ гэхээр, үзэл бодол хөнддөг. Анх удаагаа бид дов жалганы тухай биш, үзэл бодол том реформ ярина.
Жишээ нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг иргэдийн, залуучуудын, салбар бүрийн шийдэх асуудлыг том зургаар нь ярьж эхэлж байгаа нь маш том боломж юм. Бид үүнийг зөвхөн 2024 оноор харж болохгүй. Бидний үр хүүхэд, дүү нар илүү сайхан нийгэмд амьдрах боломж бол энэ систем юм. Салбар, салбарын мундаг залуучууд салбарынхаа асуудлыг яриад сонгуульд өрсөлдөх боломжийг энэ систем олгож байна.
Залуучууд энэ жилийн сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй. Хэнийг дэмжих нь та бүхний сонголт. Бид сонгуулийн ирцийг анх удаа маш идэвхтэй өгөх ёстой. Энэ нийгмийг өөрчлөх нь та бүхний хамтын оролцоо шүү л гэж хэлье.