Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг суллахыг уриалжээ. Тус байгууллагын албан ёсны вэбсайт дээр гарсан мэдээллийг уншигч та бүхэнд орчуулан хүргэе.
“Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 12-р сарын 4-ний өдөр шүүхийг үл хүндэтгэж, хууль хяналтын байгууллагад ирж мэдүүлэг өгөөгүй гэсэн шалтгаанаар баривчилж, хорих ангид шилжүүлсэн. Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө Монгол улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөл түүнийг эрүүгийн хууль зөрчиж, худал мэдээлэл тараасан хэргээр мөрдөн шалгах хүсэлт тавьсан байдаг. Түүнчлэн 12-р сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс Н.Өнөрцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг дөрөв дэх удаагаа гаргасан байна. Энэ талаар “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Седрик Алвиани “Монгол Улс сүүлийн гучин жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тодорхой хүчин чармайлт гаргаж ирсэн. Гэвч Н.Өнөрцэцэгийг хорьсон нь бидэнд ч маш гэнэтийн үйл явдал байлаа. Нэг сэтгүүлчийг сошиал хуудсаараа дамжуулан шүүхийн тогтолцоог шүүмжилснийх нь төлөө худал мэдээлэлтэй тэмцэж байна гэх нэрийдлээр эрх чөлөөг нь хасаж байгааг бид эсэргүүцэж байна. Монгол улсын эрх баригчдад Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг уриалж байна” гэжээ. Н.Өнөрцэцэгийг баривчлагдахаас хоёр хоногийн өмнө түүний ахалж ажилладаг зариг.мн сайтыг мөн хаасан юм. Улмаар тус сайтыг хууль бус домэйний тоонд оруулсан ч дотоодын сэтгүүлч нэгдэж, тэмцсэний үндсэн дээр хоёр хоногийн дараа эргэн нээжээ. Н.Өнөрцэцэг нь төрийн өндөр албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэргийг мэдээлснээс гадна Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлуудыг дэлгэсэн нэгэн юм. Н.Өнөрцэцэг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн мэдээлэлдээ дурдагдсан 16 улстөрчдийн нэр төрд халдсан хэрэгт холбогдсон. Ихэнх тохиолдолд нь ялсан ч түүнд 750 еврогийн торгууль ногдуулсан хэвээр байгаа юм. Энэ нь Монголын ихэнх сэтгүүлчдийн хоёр сарын цалинтай тэнцэж байгаа юм.
Монгол улс нь 2023 онд хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр 180 орноос 88-д бичигдэж, хоёр байр ахисан. 1990-ээд оноос хойш тус улс хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч үзэл, хараат бус байдлыг дэмжсээр ирсэн юм.