Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.доллар гарахаар байгаа талаар шинжээч танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах асуултыг гэрчүүдээс асууж хариулт авав.
Д.Ганбат: Чалкогийн гэрээ Монгол Улсын иргэнд ашигтай гэрээ юу?
Ч.Хүрэлбаатар: Асуултыг нь ойлгосонгүй. Сайн мэдэхгүй юм байна. Өөрөө сайн мэддэг байх.
С.Баярцогт: Энэ хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй юм байна. Намайг Сангийн сайд байхад бид стратегийн ордуудаад орлого төвлөрүүл гэх үүрэг авч байсан. Энэ арга хэмжээний хүрээнд Таван толгой, зүүн болон баруун цанхи дээр хэлэлцээр явж байсан. Нэг нь дотооддоо үйл ажиллагаагаа чиглүүлэх, нөгөөх нь гадааддаа үйл ажиллагаагаа чиглүүлэх гээд. Он цагийн дараалал үйл ажиллагаагаа нарийн салгахгүй бол олон нийтэд буруу ойлголт өгөхөөр байна. Чалкогийн гэрээг хийхэд хоёр компани л оролцсон. Засгийн газар оролцоогүй.
М.Зоригт: Тухайн үеийн нөхцлийг олон нийт санахгүй. 2008 онд дэлхийн эдийн засаг хямарсан. 2009 онд манай эдийн засгийн өсөлт хасах нэг рүү орсон санаад байна. Маш хүнд үе. Дэлхийн жишиг юу байсан гэхээр, иргэддээ мөнгөн дэмжлэг үзүүлэх. Бидний хувьд Эх орны хишиг нь хоёр намын ажил байсан мэт боловч эдийн засгийг сэргээх арга хэмжээний нэг арга болсон. Ингээд эдийн 17 хувьд хүрч өсөх нөхцөл бүрдсэн. Ингээд өрхийн бодит орлого хоёр дахин нэмэгдсэн.