Цаг үеийн зарим асуудлаар Global international төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
Н.Өнөрцэцэгийг 461-р хорих ангид 30 хоног цагдан хорьсон. Энэхүү үйл явдлыг иргэд зөв, буруу хэмээн цахим орчинд талцуулаад байна. Хуульч хүний хувьд та байр сууриа илэрхийлэхгүй юу?
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар Шүүхийн мэдээнээс харсан. Миний ойлгосноор бол хоёроос гурван хэрэг байсан. Харин худал мэдээлэл тараах хэрэг дээр таван үйлдэл байсан санагдаж байна. Ер нь бол олон тооны хэрэгт холбогдуулан шалгаж буй иргэнийг цагдан хориод нэг хэрэгт шалгагдаж байгаа тохиолдолд цагдан хорьдоггүй гэх дам яриа нь худал.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дөрвөн үндэслэлээр иргэнийг цагдан хорьдог. Тухайлбал,
- Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан, оргохыг завдсан тохиолдолд иргэнийг цагдан хорьдог. Гэтэл Н.Өнөрцэцэгийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан, оргохыг завдсан зөрчил гаргаагүй.
- Мөрдөгч, прокурор, өмгөөлөгчийг заналхийлсэн, сүрдүүлсэн, бие махбодод халдах гэж оролдсон тохиолдолд тус арга хэмжээг авдаг. Мөн адил тухайн хүн эл үйлдлийг хийгээгүй.
- Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тохиолдолд цагдан хорино. Энгийнээр тайлбарлавал, Н.Өнөрцэцэгт авсан хилээр гарахыг хориглосон арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорино. Тийм тохиолдол гаргаагүй.
- Шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бол цагдан хорин гэдэг ийм зүйл байгаа. Шүүхийн мэдээ хуудсанд дурдсанаар бол зургаан удаа дуудахад гуравт нь очоод уулзсан үлдсэн гуравт нь хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг үндэслэлийг барьсан. Энэ нь хэдий хуулийн үндэслэл болов ч тус хуулийн заалт нь өөрөө асуудалтай гэж миний зүгээс харж байгаа.
Яагаад гэхээр, Монголын нэгдэж орсон Олон улсын хүний эрхийн гэрээ нь дээр шүүхийн өмнөх шатанд аль ч нөхцөлд цагдан хорихгүй байх ёстой. Шүүхийн шатанд тэр хүн шүүхийн үйл ажиллагаанд саад учруулаагүй л бол цагдан хорьж болохгүй гэдэг заалт бий. Иргэний болон олон улсын эрхийн тухай фактын 9 дүгээр зүйлийн 3 т ийнхүү заасан байдаг.
Манай Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан прокурорын мэдэгдэх эрхийн хуудсаар дуудаж ирээгүй бол шууд цагдан хорино гэдэг үндэслэл олон улсын гэрээн дээр нийцэхгүй болж байна. Тэгэхээр энэ олон улсын хүний эрхийн гэрээнд нийцэхгүй заалтыг шүүх яаж хэрэглэвэл оновчтой вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ШҮҮХЭД ДУУДАХ ШААРДЛАГАТАЙ ЭСЭХ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ
Мөрдөгч, прокурорын хувьд бол зөвхөн яллах биш, яллах, цагаатгах аль аль баримтыг зэрэг бүрдүүлнэ гэсэн үүрэгтэй байдаг. Зөвхөн яллах ёсгүй. Энэ хүнийг цагаатгах боломж юу байна гэж баримт цуглуулна гэсэн үг. Тэгэхээр шүүхэд энэ хүнийг цагдан хориулаад өг гэсэн санамж орж ирлээ гэхэд юуг тодруулж асууж, тус заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй байсан бэ гэдэг зүйл байгаа.
Хоёрдугаарт энэ хүнийг цагдан хорихгүйгээр, бас заавал дуудаж мэдүүлэг авахгүйгээр, мөрдөн шалгах ажиллагаагаа явуулах гэм буруутай эсэх баримтуудаа цуглуулах боломжтой байсан уу гэдгийг асуух ёстой. Өмнө нь гурван удаа асуугаад мэдүүлэг авахдаа тэр үедээ бүх юм аа асууж болоогүй юм уу. Дуудах шалтгаан шаардлага нь юу байсан бэ гэдгийг тодруулах хэрэгтэй байсан.
Дараа нь үнэхээр зайлшгүй нэмж дуудах хэрэгтэй байсан гэдгийг тогтоосны дараа үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй юу гэсэн асуудлыг шалгах ёстой байсан гэсэн үг. Шүүхийн мэдээллээс харахад үнэхээр дуудах шаардлагатай байсан эсэх талаар дүгнэлт гараагүй байна.
ГЭМ БУРУУГ НЬ ТОГТООГООГҮЙ БАЙХАД Л ГЭМ БУРУУТАЙ ЮМ ШИГ ЦАГДАН ХОРЬЖ БАЙНА
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шалгагдаж байгаа гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйлийн Худал мэдээлэл тараах гэдэг хэрэг байсан. Энэ хэрэгт оноох ял шийтгэл нь хуулийн дагуу 450 мянган төгрөгөөс нэг сая гурван зуун мянган төгрөгөөр торгох ялтай. Харамсалтай нь мөрдөн шалгах үйл ажиллагаа өөрөө оноож болзошгүй ялаасаа хүнд байна. Тухайн сэтгүүлчийн гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа. Хэрэг нь шүүхээр эцэслэгдээгүй байгаа гэсэн үг. Гэтэл гэм буруутай юм шиг 30 хоног цагдан хорьж, эрх чөлөөг нь хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй энэ үед гэм буруутай юм шиг цагдан хорьж байгаа нь л манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэр ажиллагаа энэ талын хууль тогтоомж Олон улсын хүний эрхийн зохицуулалтад нийцэхгүй байна гэдгийг л харуулаад байна.