НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд хүндэтгэлийн чуулган зохион байгуулав. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхаглаж, парламентуудыг энэ чиглэлд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь 8 конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж байна.
Тиймээс Монгол Улсын Их Хурал Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн болон бусад түүхэн ойнуудад зориулан Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж байна.
Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах тогтолцоог эрх зүйн шинэчлэлээр дэмжих чухал алхмууд хийсэн. Тухайлбал,
Нэгдүгээрт, “Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчим”-д нийцүүлэн ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталлаа.
Хоёрдугаарт, Монгол Улсад анх удаа нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтаар Комиссын гишүүдийг томилж, хараат бус, бие даасан байдлаар ажиллах боломжийг бүрдүүлсэн.
Гуравдугаарт, Комисс үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн хэмжээг 2021 оныхоос бараг 4 дахин нэмэгдүүллээ.
Дөрөвдүгээрт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг зөвхөн Байнгын хороогоор хэлэлцдэг байсан уламжлалыг өөрчилж, 2020 оноос Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг болж, Улсын Их Хурлын 3 тогтоол гаргаад байна.
Тавдугаарт, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд баталж, Ази тивдээ хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо бий болгосон анхны улс боллоо. Үүнийг маань НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба онцлон сайшаасан. “Эмнести интернэшнл” байгууллагаас энэхүү Хүндэтгэлийн хуралдаанд ирүүлсэн мэндчилгээндээ мөн баяр хүргэж, онцлон тэмдэглэсэн байна.
Зургадугаарт, Улсын Их Хурлын тогтоолоор Комиссын Хүний эрх хамгаалагчийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор ХЭҮК-ын дэргэд хараат бус, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдлаа.
Долдугаарт, Монгол Улсын Шүүхийн тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулиудыг шинэчлэн баталлаа. Иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, хүний хувийн мэдээллийг ашиглах, аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулсан Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан.
Наймдугаарт, Төр, хувийн хэвшлийн аль алинд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, улсын болон иргэний боломжийг хулгайлж буй хорт үзэгдэл бол авлига хэмээн үзэж, 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг чуулган” болгохоо зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Түүнчлэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдвол хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэггүй байх зэрэг зохицуулалтыг тусгалаа.
Есдүгээрт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчилж, нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх зохицуулалтыг 2024 оноос, 40-өөс доошгүй хувь байхыг 2028 оноос мөрдөхөөр болж жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн дэвшил гаргалаа. Мөн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байх зохицуулалтыг тусгалаа.
Манай улсад хүний эрх зөрчигдөх явдал арилаагүй, гарсаар байна. НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас гаргаж буй удаа дараагийн дүгнэлт, зөвлөмжүүдэд ч энэ талаар дурдсаар байгаа.
Хот, хөдөөгийн нийтлэг асуудал болсон агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл нь хүний амьд явах эрхэд ноцтой заналхийлэл учруулж байна. Ийм учраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг Засгийн газар дэвшүүлсэн нь хүний эрхийг хангахын төлөө хийж буй чухал санаачилга юм.
Хувийн өмч бол хүн эрх, эрх чөлөөтэй байх, түүнийгээ бодитоор эдлэх гол нөхцөл мөн. Гэтэл хувийн өмчийг хамгаалах баталгааг зөрчих явдал гарсаар байна. Хувийн өмч гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал ч мөн хамаарна гэдгийг онцлон тэмдэглэе. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хүний эрхийн хүрээнд онцгойлон авч үзэх ёстой.
Авлигын сүлжээ илчлэгдэж, баялгийн хуваарилалт, орлогын тэгш бус байдал нийгэмд бухимдал үүсгэж, энэ хэрээр хүний эрхийн зөрчил нэмэгдэх хандлагатай боллоо. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдэж байсан. Гэхдээ энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна.
Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль тогтоомж шинэчлэгдсээр байгаа боловч хэрэг зөрчил буурахгүй, хүнлэг бус, ёс бус үйлдэл, доромжлол үйлдэгдсээр байгааг нийгмээрээ шүүмжилж, бухимдаж байна.
Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ хурдацтай хөгжиж, тэндээс иргэд мэдээлэл олж авахын зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжууд нэмэгдсэн. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан, цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах асуудал тулгамдаж байна.
Монгол Улс хүн засагладаг биш, хууль засагладаг, хууль нь хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалдаг, хангадаг тогтолцоо бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Хууль дээдэлдэг, хууль нэг мөр үйлчилдэг нийгэмд л хүн эрх чөлөөтэй амьдардаг. Тиймээс эрх чөлөөнийхөө эзэн байх эрхийг иргэддээ эдлүүлэх үүрэг, хариуцлага Монгол төрийнх юм. Хүний эрх бол төрийн аливаа байгууллага, тэнд алба хаагчдын заавал эзэмшсэн байх соёл мөн гэдгийг онцлон тэмдэглэе" гэв.