Томчуудын хэрүүл маргааны үеэр гурван сартай хүүхэд толгойдоо цохиулж амиа алдсан хэрэг 11 дүгээр сарын 30-нд гарсан. Бид хэргийн нөхцөл байдал шалтгааныг ЦЕГ-аас тодруулах гэсэн боловч БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хэрэг шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.
Томчуудын маргааны үеэр гэр бүлийн хүчирхийллээс үүдэн хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй байдгийг хошууч Б.Дэлгэрхангай хэлж байна.
-Энэ хэрэг ямар нөхцөлд үүссэн талаар мэдээлээч?
-11 дүгээр сарын 30-ны, 22:40 минутын үед БГД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас, ЭХЭМҮТ-д толгойдоо цохиулсан хүүхэд ирлээ гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад, гурван сартай охины биед нь гэмтэл учруулаад, тухайн охин эмчлүүлж байсан ч харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэгт одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Насанд хүрсэн хүмүүсийн маргаан гэхээр ямар хүмүүс байсан юм бэ? Хэн байсан юм бэ?
-Тухайн айлд хамаарал бүхий хүмүүс байсан. Хоорондоо маргалдсан нөхцөл байдал урдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын газрын зөвшөөрсөн хэмжээнд нийтэд мэдээлэх хууль зүйн зохицуулалт бий. Иргэддээ сэрэмжлүүлэхэд ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэх нь бусдын биед халдах, гэмтээх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цохьсон цохиулсан хоёулаа хохирдог учраас аливаа асуудлыг аль болох эерэгээр ойлголцож шийдэх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, биедээ хүндэтгэлтэй хандах шаардлагатай байна. Биесээ шүргэлцэх хооронд санамсаргүй байдлаар уурнаасаа болоод нэгэндээ халддаг. Эргээд нь нэг нь гэмтэж, нэг нь хуулийн хариуцлага хүлээдэг. Тиймээс иргэд аливаа асуудлыг эерэгээр шийдэж сурах нь гэмт хэргээс сэргийлнэ.
-Муудалцсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн үг үү?
-Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Томчуудын маргаанаас болж хүүхэд хохирсон тохиолдол хэр их байдаг вэ? Тоон мэдээлэл өгөх боломжтой юу?
-Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж буй хэлбэр. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн дэргэд үйлдэгдэж буй нь тухайн хүүхдийн эрхийг зөрчиж буй хууль бус үйлдэл байдаг учраас тоо мэдээлэл өндөр гарна. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 30 мянга гаруй хүчирхийллийн дуудлага бүртэгдсэн байна.