Өнгөрсөн хугацаанд утаанд асар их хэмжээний мөнгө зарцууллаа. Тодруулбал, манай улс 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна. Харин 2017-2020 оны хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 273.1 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум төгрөг, Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг, нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл 2017 оноос 2020 оны хооронд зарцуулсан 456,1 тэрбум төгрөг хэр их хэмжээний мөнгө болохыг өөр зүйлтэй харьцуулан жишье.
Гурван жил Улаанбаатарын утаанд зарцуулсан мөнгөөр Энэтхэг улс сар луу 2 удаа хөлөг хөөргөнө
Энэтхэг улс сар луу сансрын хөлөг амжилттай нисгэхдээ хэдэн төгрөг зарцуулсан бол. Өнгөрсөн наймдугаар сард Энэтхэг улс сар луу Чандраяан-3 сансрын хөлгийг амжилттай нисгэсэн бөгөөд энэхүү зардалдаа 75 сая ам доллар буюу 262 тэрбум 500 сая төгрөг зарцуулсан хэмээн мэдээлсэн юм. Энэ нь 2017-2020 оны хооронд манай улсын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан мөнгөн дүнгийн тал нь буюу хоёр дахин бага мөнгө байгаа юм. Ийнхүү асар их мөнгийг утаанд зарцуулчхаад одоо болтол утаанаас салж чадахгүй байгаа нь утааг бууруулах дорвитой ажилд зарцуулаагүй хий дэмий үрсэн гэж хэлж болохоор байна. Үүний улмаас нийслэлчүүд бид эрүүл мэнд, бие махбодиор хохирол амсаж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлоос улбаатай жилд дунджаар 1400-4000 орчим хүн амиа алддаг бол үүний 15% нь буюу 210-600 нь хүүхэд байна гэсэн судалгаа гарсан юм. Тэгвэл агаарын бохирдол хэрхэн хүний биед нөлөөлдөг болох нь сонирхол татна.
НЭМҮТ Агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж "Утаа нь шууд цэвэр шаталтын бүтээгдэхүүн. Найрлагад нь Азотын давхар исэл, нүүрс хүчлийн хий, хүхрийн давхар исэл зэрэг химийн бодисууд агуулагддаг. Түүнчлэн хүнд металл, хар тугалга ялгардаг. Азотын давхар исэл нь хүний биед орохдоо амьсгалын замыг нарийсгадаг. Тэгэхээрээ уушги, зүрх судасны өвчин болон бусад өвчлөлийн шалтгаан нь болж өгөөд байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаан дээр яг энэ байдлаараа агаар бохирдолтой байгаад байвал 2027 онд багтраа өвчнөөр өвчлөх шинэ тохиолдол 1.5 дахин ихсэх юм байна. Харин эсрэгээрээ утааг 50 хувь бууруулж чадвал жилд 10-15 тохиолдол шинэ бүртгэгдэнэ гэсэн үзүүлэлт гарсан байдаг" гэлээ.
Утаанаас болж элэгний хавдар мутацилагдав
Утааны найрлагад азотын давхар исэл, нүүрс хүчлийн хий, хүхрийн давхар исэл зэрэг хүнд металл агуулагддаг байна. Эдгээрээс зөвхөн азотын давхар исэл нь хүний амьсгалын замыг буулгаж уушги, зүрх судасны өвчин болон бусад өвчнөөр өвчлөх шалтгаан болдог байна. Тэгвэл утаанаас болж элэгний хавдар мутацлагдаж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төв үйлчлүүлэгчийн дэмжих албаны дарга Л.Энхээ бидэнд хэлсэн юм. Тэрээр "Монголчуудын хувьд хорт хавдрын эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийн талаар олон улсын судалгаа 2022 онд Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн. Энэ нь юу байсан бэ гэхээр элэгний хавдартай хүмүүсийн элэгний хавдрын мутаци дээр агаарын бохирдол нүүрсний ислээс үүсдэг бодис байна. Тэрнээс үүссэн мутаци илэрлээ гэсэн үр дүн тэр судалгаан дээр нийтлэгдсэн байсан. Нийтлэг ойлгоц бол элэгний архаг үрэвсэл үүсгэдэг B C D вирусийн халдварын тухай их яригддаг бөгөөд тэрнээс яаж сэргийлэх вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулдаг. Гэтэл хэзээ ч хүмүүс агаарын бохирдлын асуудлыг бодож үзээгүй явж байтал яг элэгний хавдрын мутаци дээр ийм вирус илэрлээ гэсэн олон улсын судалгаа нийтлэгдсэн. Тэгэхээр үүнийг бид магадгүй сүүлийн олон 10 жил үргэлжилж байгаа хүрээлэн буй орчны бохирдлын асуудал анхаарах ёстой зүйл болж байна. Хэдийгээр энэ нь элэгний хавдрын хувьд зонхилох шалтгаан биш ч гэсэн дахиад нэг өөр шалтгаанаар элэгний хавдраар эрсдэл монголчуудын хувьд бий болчихжээ" гэв.
Өнгөрсөн жилүүдэд асар их мөнгө утаанд зарцуулчхаад одоог хүртэл утаанаасаа салж чадаагүй байна. Үүнээс болж нийслэлчүүд бид амь нас болон эрүүл мэндээрээ хохирч байна гэж хэлэхэд хэлстүүлсэн болохгүй.