Өвлийн анхны олимпийн наадам 1924 онд Францын Шамони хотод "Олон улсын өвлийн спортуудын долоо хоног" нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш өвлийн 23 олимпийн наадам зохиогдсоноос 12 улс бүгдэд нь тамирчдаа илгээж, зургаа нь олимп бүрээс медальтай буцсан бол ердөө ганц л улс буюу АНУ оролцсон өвлийн олимп болгоноосоо алтан медаль хүртсэн байдаг.
Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг наадам юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан бөгөөд Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд байдаг.
Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь "Өвлийн олимпын наадам".
1940, 1944 оны наадмууд Дэлхийн 2-р дайны улмаас болоогүй бөгөөд эдгээрийг дугаарлахад оруулдаггүйгээрээ зуны олимпын наадмын дугаарлалтаас ялгаатай.
Монголчууд өвлийн олимпод оролцсон түүх:
Монгол Улс 1962 онд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны бүрэн эрхт гишүүн болсноор “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадмаас эхлэн "Цагаан олимп"-д анх удаагаа тамирчдаа оролцуулж эхэлсэн түүхтэй.