2024 оны УИХ-ын сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдээд байхад МАН мөрийн хөтөлбөрийнхөө 50 хувийг ч хэрэгжүүлж чадаагүй байна. Тэд өрх бүрийг орон сууцжуулна гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн ч үнэн хэрэг дээрээ ипотекийн зээл саатаж, удааширсан байдалтай болоод удлаа.
Энэ талаар Сангийн сайд С.Мөнгөнчимэг тайлбар өгөхдөө "Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3516 өрх айлд ипотекийн зээл олгосон гэх статистикийг Монголбанк болон арилжааны банкуудаас авлаа. Бид энэ тоон дээр яагаад анхаарч байгаа вэ гэхээр Сангийн яамнаас буюу Засгийн газраас орон нутагт шилжиж очиж байгаа болон тэндээ амьдарч байгаа, анх удаа ипотекийн хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг 3 хувийн зээлд хамруулах хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Энэ оны хоёрдугаар сарын 28-нд бид 3 хувийн хүүтэй зээлийн асуудлаар 8 арилжааны банктай гэрээ байгуулсан. Дөрөвдүгээр сарын 2-нд ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан. Шилжиж очсон иргэн сүүлийн нэг жил нийгмийн даатгалын шимтгэлээ таслахгүй төлсөн байх ёстой гэсэн журам байсан бол үүнийг нь гурав хүртэлх сараар тасарсан байж болно. Энэ жил 2700 айлд гурван хувийн хүүтэй зээл олгохоор байна. Үүний зөрүү 3 хувийг нь төсвөөс өгч байна. Төсөв дээр 16,1 тэрбум төгрөг батлагдсан.Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр маш ач холбогдолтой. Зээл зогсоно гэдэг ойлголт байхгүй. Харин удаашралтай байгаа нь үнэн. Энэ онд бид орон нутагт 3 хувийн хүүтэй зээлд 176 өрхийг хамруулсан байна. Үүний 167 нь орон нутагтаа амьдарч байсан иргэд, 9 нь Улаанбаатараас орон нутагт очсон айлууд. Мэдээж, төлөвлөснөөс хангалттай хэмжээнд биш байгаа. Ипотекийн зээлийн хөтөлбөр өмнөх зээлийнхээ эргэн төлөлтөөр санхүүждэг. Мөн өмнөх жилүүдэд хүсэлт өгсөн хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл, зээлийг цаг хугацааны дарааллаар шийдвэрлэж байгаа" гэсэн хариултыг л өгсөн юм. Товчхондоо өнөөдөр зээл олгож байгаа гэдгээс өөр тайлбар алга байна.
ТЭД ЮУ ГЭЖ АМЛАСАН БЭ?
1.2 ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН БА ОРОН СУУЦТАЙ ӨРХ
1.2.1. Нийгмийн даатгалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, “Хуримтлалын нэгдсэн сан” байгуулан иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болох тогтолцоог бий болгоно.
1.2.2. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ.
1.2.3. “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.
1.2.4. Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.
1.2.5. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.
1.2.6. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд: Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын орон сууц “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 20 мянган айлын орон сууц
1.2.7. Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална.
1.2.8. Орон сууцны төлөвлөлтөд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог орчин бүрдүүлэх стандарт хэрэгжүүлнэ.
1.2.9. Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, ажлын үнэлгээг цагаар тооцох, ур чадвар, үр дүнд суурилсан цалин хөлсний систем бүрдүүлнэ.
1.2.10. Хүн бүрийг хөдөлмөрийн цахим бүртгэлтэй болгож, нийгмийн даатгал, хамгааллын тогтолцоотой уялдуулж, хөдөлмөр эрхлэлтийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.
1.2.11. Иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоог бий болгоно.
МАН ГЭНЭТ "АМЬ ОРЖ", ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛНА ГЭХ СҮРЖИН АМЛАЛТ ӨГӨВ
Сонгууль ойртсонтой холбоотойгоор МАН-ынхан дахин амилж эхлэв. Гэр хорооллыг барилгажуулах хуулийг УИХ-аар батлахаар хэлэлцэж байна. Үүнийг бодит ажил хэрэг гэж харахаас илүү сонгуулийн өгөөш гэж үзэхээр байгаа юм. Учир нь МАН сүүлийн дөрвөн жилд юу ч хийгээгүй, ипотекийн зээлээ ч хэвийн олгож чадаагүй мөртлөө "Гэр хорооллыг бүгдийг нь барилгажуулна. Ингэж байж агаарын бохирдлыг бууруулна хэмээн яаран сандран хууль батлахаар бужигнаж байна. Энэ бол тэдний башир аргын нэг байж болох. Учир нь "Саналаа өгөөрэй. Танайхыг орон сууцанд оруулна" гэх зэргээр иргэдийн хэрэгцээн дээр дөрөөлж, дахин сонгогдох аргаа сүвэгчилж байна. Гэр хорооллыг барилгажуулна гэх хуулийн нөгөө талд олон ч шүүмжлэл өрнөж байна. "Айл бүхэн орлоготой, сэтгэл хангалуун, таатай орчинд, хашаандаа сайхан амьдрах эрхтэй. МАН бүгдийг нь "цементэн шорон" болгох хэрэггүй хэмээн олон нийт шүүмжилж байна. Тэд юу юу гэж амлав? Яг бодитоор хийсэн нь хаана байна вэ? Олон нийт асууж, дүнгээ тавьж байна. Гэтэл МАН нөгөө л "үлгэрээ ярьсаар". МАН бүтэшгүй амлалтууддаа хариуцлага хүлээх цаг ирлээ. Уг нь бүтээе гэж зүтгэвэл бас л болох л байлаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.