НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байна. Түүний саналыг D parliament цахим систем дээр 100 мянган хүн дэмжиж саналаа өгөөд байна. Энэ асуудлаар МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тэдний байр суурийг хүргэж байна.
"CEO club"-ын Ерөнхийлөгч Б.Гантулга: Жил бүр төсвийн зардал нэмэгдэж байна. Төсвийн зардал нэмэгдэхээр яадаг вэ гэхээр төрийн болон төрийн өмчит компаниуд, улстөрчидтэй холбоотой компаниудын ашиг орлого нэмэгддэг. Ингээд инфляц өсдөг. Гэтэл Монголбанк инфляцаа барина гээд бодлогын хүүгээ нэмчихдэг. Энэ нь ямар дарамтыг авчирдаг вэ гэвэл зээлийн хүү өсөж, олдоц буурдаг.
2016 оноос НӨАТ-ын буцаан олголтыг тооцож эхэлсэн. Өнөөдөр зарим нь НӨАТ төлж, зарим нь төлөхгүй байна. Шударгаар төлж байгаа нь бараа бүтээгдэхүүнээ 10-20 хувиар илүү үнээр зарахаас өөр аргагүй байдалд орж байна. Ингээд бизнесийн орчинд тэгш бус байдлыг бий болгож байна. Тэгэхээр одоо УИХ-ын даргын гаргасан буцаан олголтыг 5 хувьд хүргэх санаачилгыг дэмжчихье. Эхний ээлжинд энэ ажил нь явж байг. Буцаалтын 600 тэрбум төгрөг иргэд дээрээ буцаад очиг. Иргэд бол манай бизнесийн худалдан авагчид, хэрэглэгчид. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө чинь эдийн засаг руугаа буцаж ороод, хувийн хэвшил рүүгээ орлого болоод хуваарилагдана. Иргэдэд урамшуулал болгон олгох НӨАТ-ын буцаан олголт 2022 онд 5% байсан бол 652 тэр бум төгрөг хэрэгтэй болох байсан. Энэ нь төлсөн татварын 16,7 хувь гэсэн үг. 83,3 хувь нь төсөв дээрээ үлдэж байна. Тэгэхээр НӨАТ-ын урамшуулал болгон өгөх буцаан олголтыг 5 хувь болгоход 50 хувийг нь алдана гэж тайлбарлаж байгаа нь буруу юм.
“Төгөл” ХХК-ийн захирал Д.Сугарсүрэн: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт бол маш бага. Энэ нь далд эдийн засгийг илрүүлэх үүргээ биелүүлж чаддаггүй гэж боддог. Хоёр хувийг хүмүүс тоохгүй, ихэнх нь хаяад явж байна шүү дээ. Татвараа 10 хувиараа тооцож аваад, буцаалтыг нь 5 байтугай л өгвөл далд эдийн засаг дороо л алга болно.
“Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн:
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг бизнес эрхлэгчид дэмжиж байгаа. Гол нь НӨАТ-ын 10 хувийн босгыг доошоо болгоё. Хэнийг ч үлдээхгүйгээр, бүгд л адилхан НӨАТ төлөгч болъё. Бүгд татвараа төлөөд явбал төсөвт хуримтлагдах мөнгөн дүн аяндаа өсөөд явна. НӨАТ-өө 5 хувь болгочих, бүх хүнийг төлүүлчих. Үүнийг л бид хүсэж байна. УИХ-ын даргын санаачилгыг дэмжиж байгаа. Зарим гишүүн яагаад үүнийг дэмжихгүй байна вэ? Үүнийг гайхаж байна. Бага орлоготой хүмүүс орлогоо нуугаад, татвар төлөхгүй байх л сонирхолтой болоод байна шүү дээ. Хууль эрх зүйн талаасаа ч Сангийн яам анхаарах ёстой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.