Эрх баригч намынхан өнөөдөр бас л иргэдийнхээ үгийг хааж хорино, хязгаарлана гэж мэдэгдлээ. УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл өгч, “Цаашдаа Эрүүгийн хууль болон татвартай холбоотой асуудлаар иргэд саналаа өгөх боломжийг хуулиар хязгаарлана гэлээ. Ингэснээрээ МАН татвар нэмэх болохоороо л, иргэдээ шулж мөлжих үедээ дур зоргоороо амлалтаа мартдаг гэдгээ дахин харууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар олон нийтээс санал авч байна. 100 мянган хүн 1 сарын дотор дэмжвэл хууль санаачилна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ нэг сар биш сүүлийн 5 хоногийн хугацаанд аль хэдийнэ саналын тоо 100 мянга давлаа. Үүнтэй ижил олон ч сануулга асуулга DPARLIAMENT цахим системээр явагдаж байна. Гэтэл Засгийн газар сандарч, хуулиар амыг бариад өгье гэж заналхийлж эхэллээ. Яагаад НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх нь буруу биш вэ, олон нийт хууль тогтоох дээд байгууллагадаа саналаа өгөх нь эрүүл зөв үзэгдэл вэ гэдгийг тайлбарлая.
- Нэгдүгээрт, өнөөдөр нийт татвар төлөгчдийн 60 хувь нь НӨАТ-ын 10 хувийн татвараа төлж байна. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, далд байгаа эдийн засгийг илчилж ил гаргахад олон нийтийг урамшуулах хөшүүрэг хэрэгтэй. Эндээс үзвэл эдийн засгаа эрүүлжүүлэхэд харин ч тустай хэрэг болно.
- Хоёрдугаарт, НӨАТ-ын урамшууллыг нэмье гээд хууль баталчихаагүй байна. Зөвхөн олон нийтээс санал авч байна. Гэтэл МАН сандарч, хууль батална, хориглоно гэж хэлж байгаа нь дэндүү хариуцлагагүй мэдэгдэл боллоо.
Мэдээж, олон нийтийн саналаар дөрөөлж, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн хуулийг УИХ руу оруулахыг санаархах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэ бол эрсдэл. Гэхдээ зөв, бурууг нь парламент дэнсэлнэ. Бас, олон нийт буруу зүйлийг олноороо, 100 мянгуулаа дэмжих үү гэдэг нь ч эргэлзээтэй. Тиймээс юу юугүй л “Хааж хорь, хоригло” хэмээн дуу нэгтэй зүтгэж байгаа МАН-ынхны шийдвэр хүний эрхийн мэдрэмжгүй, явцуу эрх ашгаа бодсоных нь илрэл болж таарав.
Хэдэн жилийн өмнө Монгол охин БНСУ-д бусдад дээрэлхүүлж зодуулахад Монголчууд 100 мянгуулаа нэгдэж, тус улсын Ерөнхийлөгчийнх нь цахим хуудсанд цахимаар гарын үсгээ эсэргүүцэн зурж, арга хэмжээ тооцуулж байсан. Өндөр хөгжилтэй улсууд иргэнээ сонсдог яг л энэ системийг өнөөдөр Монгол улс хэрэглэж эхлэх гэж байна. Энэ бол олон нийт яг юу бодож байна, тэр бүгдийг тандах, үүнтэйгээ уялдуулж төрийн шийдвэрийг үр дүнтэй, эрүүлээр гаргах боломж юм. Гэвч МАН-ынхан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгыг сөргүүлж “Хуулиар амыг нь барина” хэмээн улаан цайм мэдэгдэж эхэллээ.
Хамгийн гол нь, иргэдийнхээ саналыг нэгдсэн байдлаар авах систем бий болгосон нь том дэвшил. Ийм систем байх ёстой. Олон нийт саналаа өгөх хэрэгтэй. Гол нь хууль болгож батлах уу, үгүй юу гэдгээ л УИХ нухацтай хэлэлцэхэд л болох асуудал гэдгийг энд онцолъё.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.