Бид энэ удаа хөнгөн атлетикийн тамирчин Б.Чулуунбаттай ярилцлаа. Хөнгөн атлетикийн спортоор хичээллээд гурван жилийн нүүрийг үзэж буй тэрээр энэ богино хугацаанд олон улсын хоёр ч тэмцээнээс медаль хүртэж амжжээ. Түүний хувьд тархины усжилттай. Улмаар 2010 онд групп тогтоолгож байж. Спортоор хичээллэхээс өмнө түүний биеийн байдал сайн байсангүй. Зүүн хөл, гарт нь саажилт үүссэний улмаас хөлөө чирж, гараа өргөн алхдаг байсан нь өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж, олны дунд орохоос эмээдэг болгосон байна. Гэсэн ч өөрийгөө тусгаарласан хар бараан өдрүүд нь олон жил үргэлжлээгүй. Тэр өөрийгөө илэрхийлж, бусдад дээрэлхүүлэхгүй байхын тулд эхэндээ фитнесээр хичээллэж байгаад, үргэлжлүүлэн гүйлтийн спортоор хичээллэх болсон юм. Эрч хүч дүүрэн энергитэй, бодож тунгааж ярьдаг түүнийг хэн ч хөгжлийн бэрхшээлтэй гэж харахгүй. Дөрвөн удаагийн тархины хүнд хагалгааг амжилттай давж чадахын дээр өөрийн бие болоод сэтгэлгээгээ тэлж, хөгжүүлж буй энэ залуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн гадуурхалтад өртөх ёсгүйг хэлж, тэдгээр хүмүүс өөрийгөө илэрхийлж сурах, итгэлтэй болгож чадах зүйлээ олж хийгээсэй хэмээн хүсдэг тухайгаа ярьсан юм.
БИ ҮНЭХЭЭР Л АМЬДРАХ ХУВЬТАЙ, АЗТАЙ ХҮН
Тэрбээр, Би марафоны гүйлтийн төрлөөр гурван жилийн турш хичээллэж байгаа. Миний толгой их өвддөг байсан юм л даа. Түүнийгээ зүгээр болгохын тулд анх гүйж эхэлсэн. Мэдээж өөртөө итгэх итгэлийг бараг тултал нь нэмэгдүүлдэг гэж спортын төрөл гэж хэлж болно. Яагаад гэхээр бүх цаг хугацаанд зөвхөн өөртэйгөө ажилладаг шаардлага тулгардаг. Мэдээж миний өмнөөс хэн ч гараад 100 метр гүйхгүй шүү дээ.
Манайхан дунд нийтлэг байдаг дутагдалтай чанар нь хүний өмнөөс боддог. Тэр намайг юу гэх бол гэж маш их бодоод, эмээгээд л байдаг. Гүйлтийн ачаар тэр зүйлийг би орхиж чадсан.
Би тархины даралттай төрсөн юм. Энэ нь хүндэрч өсөж томрохын хирээр усжилт үүссэн. Түүнийг зүгээр болгохын тулд гуурс тавьж байлаа. Ингэхэд гуурс тавьсан талын маань эсрэг талын гар хөлөнд саажилт өгсөн юм. Анх ой гаруй настайдаа хагалгаанд орсон. Дөрөв, зургаа, есөн насандаа дахин орж байлаа. Олон хүнд давааг бага насандаа туулаад, даваад гарсныг бодоход би үнэхээр л амьдрах хувьтай азтай хүн байгаа биз. Нэг хагалгаа маань л бүтэлгүй болсон бол өнөөдөр би ямар ч ухамсаргүй нэгэн болох эрсдэлтэй байсан юм шүү дээ. Энэ зовлон намайг тойрч өнгөрсөнд би үнэхээр баярладаг. Цэцэрлэг, сургуульд сурч, их сургуулиа ч төгсөж чадсан. Тэтгэлэг хүртэл авч байлаа.
2016 он хүртэл би юунд ч итгэдэггүй байсан. Өсвөр насан дээрээ хүүхэд их дотогшоо болдог шүү дээ. Тэр үедээ би хэт дотогшоо болсон байж гэж одоо боддог юм. Янз бүрийн болж бүтэхгүй сөрөг бодлуудаар тархиа дүүргэчихдэг.
ХЭН НЭГЭНД ӨӨРИЙГӨӨ БАТЛАХ ГЭЖ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭГҮЙ
Аргагүй биз дээ. Сургуулийн хүүхдүүд ч их гадуурхдаг байсан юм. Би ангийнхаа 4-5 хүүхдэд зодуулж байсан. Гэхдээ тэр үед яагаад зодуулж байгаа шалтгаанаа мэдэхгүй байсан. Энэ надад үнэхээр гомдолтой санагддаг. Яалт ч үгүй ялгаварлан гадуурхалт байжээ гэдгийг сүүлд л ойлгосон юм.
Хүүхдүүд, оюутнууд гээд ер нь л их гадуурхана. Миний байгаа байдлыг хараад үл тоох, шалтгаангүй мөнгө нэхэх зэргээр дарамталдаг. Би хэдэн жилийн өмнө алхахдаа хөлөө жаахан чирээд, гараа өргөж явдаг байсан юм. Тэгээд л гадуур дотуур, ээжтэйгээ цуг явахаар, “миний хүү гараа буулгачих” гээд л хэлнэ. Хүмүүс энэ бүхнийг харахдаа сайнаар биш, сөргөөр хүлээж авдаг байсан учраас тэр шүү дээ.
Би хэн нэгэнд өөрийгөө харуулж, батлах гээд гүйлтээр хичээллээгүй. Нэгдүгээрт бусдад дээрэлхүүлэхгүй байхыг хүссэн. Хоёрдугаарт эрүүл байхыг хүссэн. Тэр үед би одоогийнх шигээ ярьж, өөрийгөө илэрхийлж чаддаг байсан бол гээд жаахан харамсдаг юм. Тэр үед яах ч учраа олохгүй, юу хийх ёстойгоо мэдэхгүй, ийм байх ёстой байдаг юм болов уу гэж бодож, шаналах нь их байсан даа.
БОЛЬЁ ГЭЖ БОДООД ШАНТРАХ ҮЕ ТУЛГАРАХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
2016 оноос эхлээд фитнесээр хичээллэж эхэлсэн шалтгаан маань өөрийгөө доожоогүй гэж харуулахыг хүсээгүй хэрэг. Гүйтийг бол азаар олсон гэж боддог. Хэрвээ би гүйлтээр хичээллээгүй байсан бол өөрийгөө өнөөдрийнх шиг илэрхийлж чадаа ч уу, үгүй ч үү. Заримдаа шантрах үе тохиолддог. Энэ тэмцээнийг дуусгаад л больё гэх бодол их орж ирнэ. Гэхдээ аливаа зүйлийг хийж байхад иймэрхүү бодол орж ирэх нь хэвийн гэж ойлгоод, хүлээж авсан. Би тууштай байж чадна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд би тэмцээний шугамаар Герман явсан юм. Хэдхэн хоногийн өмнө Чикаго хотоос ирлээ. Тэндхийн хүмүүсийн хэв маяг, хандлагыг хараад манай монголчууд болоогүй байна даа л гэж бодсон. Би аливаа зүйлийн мөн чанарыг эхэлж харвал зүгээр гэж боддог. Анзаараад байхаар хүмүүс зүгээр л өнгөц талыг хардаг. Зүгээр л өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлээ бусдад илэрхийлэхийн тулд хүн санаа зовох хэрэггүй. Одоо бол хүмүүс нэгнийхээ бодлыг шүүдэг. Хүн болгон өөрийн бодолтой, өнцөгтэй, ертөнцтэй. Тэр лүү нь өөр нэг хүн орохдоо бодолтой байх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ер нь хэн ч бай нийгэмдээ, ядаж л гэр бүлдээ, тусгай сургуульд сурч байгаа бол анги танхим дотроо өөрийгөө маш сайн илэрхийлдэг байгаасай л гэж хүсдэг” хэмээн ярьлаа.