Японы Хитоцүбаши их сургуулийг төгсөж, Васэда их сургуульд хүний шилжилт хөдөлгөөн болоод дээд боловсролын хөгжлийн судалгаа хийдэг нийгмийн шинжлэх ухааны доктор, Васэда их сургуулийн судлаач М.Ариунтуяатай Японы боловсролын систем болоод гадагшаа сурахад юун дээр анхаарах ёстой талаар ярилцлаа.
-Хоёулаа хэрхэн зөв сурах арга барилыг эзэмших тухай ярилцаж эхэлье. Японы сурах арга барил ямар байдаг вэ?
-Манай залуус япон системд ороод ирэхээрээ сурах арга барилаараа гологддог. Өөрийгөө голдог гэсэн үг. Энэ нь манай боловсролын тогтолцоо хүүхдийг багаас нь асуулт асуух чадварт сургахгүй байгаатай холбоотой. Хүүхэд бага байхдаа “яагаад?” гэж маш олон асуудаг. Энэ асуултаас эцэг эхчүүд төвөгшөөгөөд байдаг. Яаж харьцахаа мэдэхгүй байна гэсэн үг. Сургуульд бол бүр ч төвөгшөөдөг. Гэтэл хүүхэд ядаргаа болох гэж биш, юм мэдэх гээд л асуугаад байдаг юм. Тиймээс хүүхэд юу сонирхоод байна вэ гэдгийг нь өдөөх ёстой. Асуусан дээр нь дөрөөлөөд сониуч занг нь зөвөөр өдөөхөөр хүүхэд яагаад ийм байна вэ гэдгээ өөрөө хожим хөөгөөд явдаг болно.
Өөрөөр хэлбэл ойлгохын тулд сурч, дахиад гүнзгийрүүлэн бодох, хариултыг олохын тулд эрэл хайгуул хийх арга барилд суралцдаг. Асуулт асуудаг хүүхэд юм боддог хүн болно. Асуулт асуудаггүй болгочих юм бол тэр хүн зүгээр бусдын юу гэснийг дагадаг хүн болж байна гэсэн үг л дээ. Манайд “дагадаг хүмүүс” бэлтгэгдээд байгаад санаа зовохгүй бол, өнгө хэлбэр зэрэг гадаад талтайгаа зууралдаад байвал боловсрол өөрчлөгдөхгүй.
Нөгөө тал нь сууж сурах. Япон хүмүүсийг маш их тэвчээртэй гэж үздэг. Нэг юмыг хийхдээ дуустал нь хийдэг. 1-6-р ангид нь оноо дүн тавьдаггүй. Тэр хүүхэд хэр их хичээсэн байна. Бусад нөхдөдөө санаа тавьж байна уу, өөрийнхөө сонирхлын дагуу хөдөлж байна уу, эсвэл өөрийгөө магтуулахын тулд хийж байна уу, өрөөлд туслахын тулд хийж байна уу гэдэг сэдэл тэмүүллийн ялгаанууд гаргаж ирдэг. Үнэлэмжийн шалгуурууд нь өөр өөр гэсэн үг.
Энд мөн нэг авууштай зүйл нь бусдаас хуулахыг хориглодог, дэмий гэж үздэг. Хүүхдүүд даалгавраа хийгээд хариултынхаа зөв бурууг өөрөө шалгадаг. Хийж чадахгүй бол хариултаасаа хуулчихаж болох л доо. Гэхдээ өөрийгөө хуурсантай адил гээд багаас нь хуулахгүй байх зуршилд сургах нь хүүхэд өөрт оногдсон зүйлээ өөрөө хийх, өөрийнхөө чадлаар зүтгэх сэтгэхүйн хэм хэмжүүртэй болгоход давхар нөлөөтэй болов уу.
-Япон хүмүүсээс суралцвал зохилтой ямар зан чанар байдаг вэ?
-Энд чаддаг ч бай, чаддаггүй ч бай барьж авсан ажлаа эхлүүлсэн бол дуусгана гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм сэтгэхүй, зуршилд сургаж байна гэсэн үг. Хоёрт багаар ажиллахдаа маш сайн. Дуусгах ёстой гэсэн сэтгэхүй багаар ажиллахад тустай байдаг болов уу. Бас их бага ямар ч ажлыг багийн зохион байгуулалт дээрээ тулгуурлаад алсуур бага багаар явсаар байгаад дуусгачихдаг.
-Сургуулиа төгсөөд гадагшаа явах хүсэлтэй залуус олон байдаг. Гэхдээ ямар сургуульд хэрхэн элсэж орох, очоод яаж амьдрах тал дээрээ мэдээлэл дутуу байдаг юм шиг. Та юу гэж бодож байна вэ?
-Японы их дээд, мэргэжлийн, хэлний зэрэг сургуулиуд гадаад оюутнуудыг элсүүлэх сонирхолтой байдаг. Манайд монгол хэл дээрх мэдээлэл нэмэгдэж байгаа ч эрэл хайгуулын шатандаа аль болох дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахыг хичээх хэрэгтэй.
Чанартай сайн сургуулийг сонирхож байвал сургуулиа маш сайн судлах хэрэгтэй. Сургуулийн мэдээллийг тухайн сургуулийн вэб хуудас, танилцах өдөрлөг, өмнө нь сурч байсан төгсөгч, монголчуудын сошиал зэрэг янз бүрийн сувгаар цуглуулж болох ч аль ч тохиолдолд нэг бус дор хаяж 2-3 сургуулийн мэдээлэлтэй болбол харьцуулж үзэхэд тустай байдаг. Тэгээд энэ миний орох гээд байгаа сургууль мөн үү үгүй юу. Би энэ сургуулийг төгссөний дараа юу хийх билээ гэдэг асуултад өөрөө өөртөө хариулж чадаж байвал тун сайн.