Сүүлийн үед бага насны хүүхдийн ханиад ихсэж, эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байна. Жишээлбэл, ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасаг өдөртөө 300-450 орчим хүүхдэд үйлчилж байна. Томуугийн гаралтай ханиадны үед илрэх шинж тэмдэг болон хэрхэн сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Ариунхишигээс тодрууллаа.
Тэрээр “Одоогийн энэ цаг үед улирлын чанартай томуугийн өвчлөл ихэсдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ агаар салхинд сайн гаргах хэрэгтэй. Мөн асаргаа сувилгаанд анхаарах шаардлагатай.
Томуу төст гэдэгт 200-300 төрлийн вирус байдаг. Ямар вирусийн халдвар авсан гэдэг онцлогоосоо шалтгаалан илэрч байгаа шинж тэмдгүүд өөр өөр байдаг. Одоогийн байдлаар рена, бокавирус, адено вирус зэрэг нь ид дэгдэж байна. Эдгээр вирус авсан тохиолдолд өндөр халуурах, ханиалгах, нүд улайх, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Мөн амьсгалын замын эмгэгийн илрэх шинж тэмдэг нь хэвийн хэмжээнээсээ илүү амьсгаадаж эхлэх, амьсгал олшрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Амьсгал олширсон эсэхийг мэдэхийн тулд заавал амьсгалыг нь тоолно. Амьсгал тоолохдоо мөөмөө хөхөөгүй, халуунгүй тайван байх үед нь бүтэн нэг минутад тоолно. Нэг удаа амьсгаа аваад гаргахыг нэг гэж тоолно. Ингэж тоолж үзээд өрхийн эмчдээ манай хүүхдийн амьсгалын тоо минутад ийм байсан гээд хэлбэл илүү дөхөм болно. Амьсгалын тоо нь хүүхдэд 40, 50, 60 гэсэн зааг байдаг. Амьсгалыг нь тоолж үзэхэд хоёр наснаас дээш хүүхэд 40 ба түүнээс дээш амьсгаадвал хэвийн хэмжээнээс илүү амьсгаадаж байна гэж үзнэ. Гэхдээ өндөр халуурч байгаа тохиолдолд амьсгалын тоо нэмэгдэнэ. Мөн мөөмөө хөхөж байх үед нь амьсгалыг нь тоолбол буруу гарна гэдгийг эцэг эхчүүд сайн санах хэрэгтэй.
Амьсгалын замын ханиад шуухинаагийн үед илэрдэг үндсэн шинж тэмдэг нь ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, хамар битүүрснээс болж хүүхэд мөөмөө идэж чадахгүй болно. Тайван бус, цочромтгой, уйлсан зэрэг зовууриуд юм.
Мөн идэж уух бүртээ бөөлжих шинж тэмдэг илэрч болно. Энэ үед хүүхэд шингэн алдаж эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхэд юм идээд л шууд бөөлжиж, суулгаад байна гээд хоолыг нь хорьдог. Ингэвэл хүүхдийн хордлого ихсэж, өвчин хүндрэх эрсдэлтэй. Тиймээс идэж уусан бүхнээрээ бөөлжиж, өндөр халуурч, амьсгал авалт гаргалт дээр саад үүсэж, амьсгалын тоо олширсон тохиолдолд эмчид хандах шаардлагатай.
Хүүхэд өндөр халуурах, амьсгал авах болон гаргах үед ямар нэгэн байдлаар саад үүсэх. Жишээлбэл, хэржигнэж дуугарах, цээж нь шуугих, цэр салстаар бөглөрч, тагларсан байж болно. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах шаардлагатай.
Эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
- 38 хэмээс дээш өндөр халуурах. Энэ үед халуун буулгах эм уух шаардлага гарна. Гадуур зарагдаж байгаа эмүүдийн нэр олон янз байдаг учраас эм авахдаа аль болох олон улсын нэршлийг нь хараарай. Ихэвчлэн зарагдаж байгаа нэрийн доод хэсэгт бичээстэй байдаг.
- Ихэнх эцэг эхчүүд хүүхэд нь халуурч эхлэх үед лаа хийх эсвэл парацетамол хувааж өгдөг. Ингэхдээ нэг эмийг хэт ойрхон уулгадаг. Эм өгөхдөө хүүхдийнхээ жинд тооцоолж өгөөгүйгээс шалтгаалан хүндрэл үүсэх эрсдэлтэй. Тиймээс халуун буулгах эмийг заавал эмчийн заавраар хэрэглэнэ.
- Нурофен, ибупрофен хоёр бол нэг эм юм. Гэтэл эцэг эхчүүд эхлээд нурофен өгөөд халуун буухгүй болохоор ибупрофен өгөөд халуун буусан гэж ярьдаг. Тэгэхээр нэг эмээс ойрхон хоёр удаа өгдөг гэсэн үг.
- Мөн нэг төрлийн эмийг хэдэн цагийн зайтай хэрэглэх вэ гэдгийг маш сайн мэддэг байх ёстой. Жишээлбэл, парацетамолыг зургаан цагийн дотор дахин хэрэглэж болохгүй. Ибупрофенийг найман цагийн дотор дахиж хэрэглэхгүй. Парацитамол элэг гэмтээдэг бол ибупрофен нь ходоод цочроох үйлдэл үзүүлдэг.