МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрыг нураан, шинээр барих ажил үргэлжилж байна. Тус сургуулийн төгсөгчид болон иргэдийн зүгээс 64 жилийн түүхийг хадгалсан, уран барилгуудаа нураасаар байх уу гэж шүүмжилсээр байна. Харин тус сургуулийн удирдлагуудын зүгээс эрүүл, аюулгүй байдлын чанарын шаардлагыг хангахгүй байгаа учраас барилгыг нурааж, шинээр долоон давхар хичээлийн байр барих шаардлага үүссэн гэдгийг хэлж байлаа.
Хичээлийн 3Б байрыг нурааж байгаад оюутнуудын зүгээс таатай биш байгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Хууль зүйн сургуулийн оюутнууд Улаанбаатар их сургуульд хичээллэх болсон нь тухгүй, хичээл хооронд хол явж, хоцорч байгааг хэллээ.
ОЮУТНУУД: ТҮҮХИЙН ДУРСГАЛТ БАРИЛГУУДАА ЗАСАЖ, САЙЖРУУЛААД ХАДГАЛАХ НЬ ЗӨВ
Оюутан А “Түүхэн барилгыг нураана гэдэг нь өөрсдийн нэг соёл өв, дурсгалт зүйлээ үгүй болгож байгаа хэрэг. Нөгөө талаас нь харвал барилгын стандартад нийцэхгүй, газар хөдлөхөд хэдэн баллд тэнцвэртэй байх вэ гэх наад захын аюулгүй байдлын шаардлага хангахгүй нөхцөл үүссэн учраас шинээр барилга барих нь зөв болж байна.
Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан. Манай сургууль 3Б байранд байсан. Одоо Улаанбаатар сургууль дээр орж байна. Зургаан сараас нурааж эхэлнэ гэж байсан ч нураах ажил нь арай л удаан байх шиг санагдаж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд, багш нарын хувьд одоо хичээллэж байгаа байр нь асуудал, хүндрэлтэй байна.
Нөгөө талаас нь харвал, түүхийн дурсгалт барилгуудаа нураахаас илүү доторхийг нь засаж, янзлаад, сайжруулаад авч явах ёстой юм болов уу гэж бодож байна. 100, 200 жилийн түүхтэй олон обьект Улаанбаатар хотод бий. Эдгээр барилгуудыг нураахаас илүү дахин сайжруулаад, арай илүү үзэмжтэй болговол зүгээр болов уу.
Оюутан Б “Би хуучин, дурсамж хадгалсан барилгуудаа нурааж байгаад сэтгэл дундуур байна. Дээр үед, намайг төрөөгүй байхад л энэ барилгууд байсан. Нураахын оронд шинээр засварлаад, улам гоё болгож, өргөжүүлж болох байсан гэж харж байна.
3Б БАЙР ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ УЧРААС НУРААЖ БАЙНА
Бид МУИС-ийн гуравдугаар байрыг нураах шийдвэр хэзээ гарч, одоо барилгын ажил ямар шатанд байгаа талаар МУИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал, профессор Ч.Энхбаяраас тодрууллаа.
Тэрээр “МУИС он удаан жил болсон, эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа сургуулиуддаа шат дараалалтайгаар хөрөнгө оруулалт хийж байна. Үүний нэг нь гуравдугаар байр. Энэ байр 1956 онд баригдсан, нэлээн эртний барилга. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахгүй гэдэг дүгнэлт гарсан
Гуравдугаар байрыг шинэчлэх ажил 2018 оноос хойш яригдсаар 2022 онд хоёр хэсэгт хувааж барихаар болсон. 2022 оны есдүгээр сараас Б блокын ажлын тендер зарлаж, барилгын ажил эхэлсэн. 2023 оны төсөвт үргэлжлэл санхүүжилтийг төрөөс дэмжиж, санхүүжүүлсэн. 3Б байрын нураагаад, оронд нь зоорийн давхар нь ороод, долоон давхар хичээлийн шинэ байр барина.
Түүхэн талаас нь харвал, гуравдугаар сургуулийн байр анх МУИС-ийн байр байгаагүй. Нөгөө талаас соёлын өвд бүртгэлгүй. Бид бүх талаас нь шалгаж, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бүх мэдээллүүдийг баталгаажуулж байж актласан. Соёлын өвд байдаггүй, шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдсон.
Манай сургууль 27 мянган оюутан, 1500 гаруй багш ажилтантай том сургууль учраас багтаж хүрэлцдэггүй. Оюутнуудынхаа суралцах, багш нарынхаа ажиллах эрүүл, таатай орчныг бүрдүүлэх үүргийг сургууль хүлээсэн байдаг. Тэр утгаараа энэ үүргээ биелүүлж, төрөөс дэмжлэг авч, шинэ хичээлийн байрны ажил үргэлжилж байна. Ирээдүйд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, суралцах нь чухал учраас шинэчлэх үйл ажиллагааг зөв гэж харж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.