Ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрээр “2024 он сонгуулийн мөчлөгийн сүүлийн жил. Энэ дөрвөн жилийг бүхэлд нь харвал 2020, 2021 онуудад цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг давлаа. 2022 он ч амаргүй жилүүд үргэлжиллээ. Геополитикийн хүнд жилүүд байлаа. Гэсэн хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас эдийн засгийн сэргэлт рүү чиглэсэн Засгийн газрын хатуу бөгөөд шийдмэг арга хэмжээнүүдийг авсны үр дүнд цар тахлын үеэр -5 хувь руу унаад байсан эдийн засаг маань энэ жил зургаан хувь, дараа жил долоон хувь өсөх бодит боломж гарч байна. Тиймээс бид 2030 он хүртэл Шинэ сэргэлтийн бодлогын нэг хүнд ногдох үндэсний орлогыг 10 мянган долларт хүргэх боломж руу эдийн засгийн хөгжлийн маневраар нь удирдах хэрэгтэй.
2022 онд нэг хүнд ногдох үндэсний орлого 5000 доллар байсан. 2023 онд 5500 орчим доллар, ирэх жил 6000 доллар болно. Нэг хүнд ногдох үндэсний орлого нэмэгдэх боломжтой. Бид уул уурхайн эдийн засгаас хөгжлийн эдийн засаг руу шилжих энэ төлөвлөлтүүд маань ойрын жилүүдэд хийгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл уул уурхай ухдаг биш боловсруулдаг баяжуулдаг эдийн засгийн бүтэц рүү орж байна.
2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлогын 10 мянган долларын дор хаяж 50 хувь нь уул уурхайн бус салбараас орж ирэх эдийн засгийн бүтэцтэй болох зорилтууд маань Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2024 онд мөн үргэлжилнэ. 2024 онд 2023, 2022 онуудаас илүү эдийн засгийн хөгжлийн бүтэц боломжууд нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, зам дэд бүтэц цахилгаан станц болон аж үйлдвэрийн тэр дундаа уул уурхайн аж үйлдвэрийн боловсруулах шатыг нэг шат ахиулсан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн, татварын бодлогоор дэмжсэн, эдийн засгийн сууриа тэлэх боломжууд нээгдэнэ гэсэн үг.
Мөн цар тахлаас өмнө 2019 он хүртэл цалин орлого, тэтгэвэр тэтгэмжийг жил бүр 6-8 хувир нэмдэг байсан бол цар тахлын жилүүдэд чадаагүй. Эдийн засаг тэлэх, төсвийн орлого нэмэгдэх боломж гарч байна. бид хамгийн нэгдүгээрт төсвийн бодлогоор дамжуулж иргэддээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нь нэмж ард иргэддээ хүргэнэ. Ирэх жилээс зарим хуулийн дагуу инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ. Өмнө нь тэтгэвэр, цалинг реформын шинжтэй нэмэгдүүлж байсан. Ирэх жил ч үүнийг хадгална.
Бид 2023 онд хөдөө орон нутаг руу чиглэн ажиллаж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шаардлагатай зүйлсийн талаар судаллаа. Саяхан 21 хоногийн дотор 16 аймаар тойрсон. Ингэхэд иргэдийн нийтлэг санал нь орон нутгийг орон сууцжуулах гэж байв. Тиймээс орон нутагт орон сууц барьж, дэд бүтэц, амьдрах таатай орчныг бий болгох. Нөгөө талаас цалин нэмэгдүүлэх замаар худалдан авалт сайжруулах, ипотекийн зээлийн эргэлтийг сайжруулах зэрэг арга хэмжээг ирэх жил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төсөвт багцалж тусгасан. Төсөв батлагдсаны дараа Засгийн газрын тогтоолоор хуваарилалт хийнэ” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.