“Улаанбаатарт суугаа миний аав” УСК-г үзэх тэр богинохон хугацаанд хүрчих урт замын тэмдэглэлээс…
“Чемадонтой юм”-аа баглаж, боогоод нисэх онгоцны буудал руу хүрэх цагаа тэсэж ядан хүлээсээр үүрийн 4:00 цагт гэрээсээ гарах нь тэр. Анх удаа хол замыг туулах гэж байгаа би бээр онгоцны буудалд хүрмэгцээ дэлхийгээр аялагч шиг, эсвэл гадаад орнуудаар ажиллаж, амьдраад сурчихсан гарамгай нэгэн шиг харагдахыг хүссэндээ ч юм уу хамт яваа багийнхнаа, энэ тэрүүгээр холхих олон орны хүмүүсийг сайтар ажиглаад хэсэг хугацаанд зогслоо.
Гэнэт юунд тэгтлээ яарсан юм бүү мэд. Ачаагаа багийнхнаасаа урьтаж өгчхөөд, онгоцны тасалбараа шуудхан аваад суудлаа эзлэхийг шавдсан маань сэтгэл догдлолоор дүүрэн байсныг илтгэх биз. Ямартай ч суудлаа эзлээд суусан хойноо нэг их тайван бас сайхан мэдрэмж авсан юм. Миний хувьд ямар нэгэн сэтгэл хөдлөлийг мэдрэхээрээ суугаад л баймаар, эсвэл хэвтээд л байх нь тухтай байдаг юм л даа. Орон нутгийн онгоцоор л нисэж үзсэн надад агаарын хил даваад нисэх нь их л онцгой санагдсан. Анхны урт замын аялал бас ажил болохоор л тэр биз.
Нислэг гурван цаг үргэлжилнэ. Онгоц хөөрөөд л, хөвөлзөх цагаан үүлсийг харж, хэсэг баясаж суусан ч энэ мэдрэмж удаан үргэлжлээгүй, уйдчихсан. Суудлын урд байх жижигхэн дэлгэцний кино санд тоотой хэдэн монгол кино байх нь аминд орох шиг. Ингэхэд би хэзээ ч дээхэн үеийн монгол кинонуудыг тогтож сууж үзээгүй юм билээ. Киноны нэрийг, зохиолчийг, найруулагчийг нь л мэдэхээс биш үйл явдал, агуулгыг нь огт сонирхож байгаагүйгээ анх удаа анзаарлаа. БНСУ-ыг зорьсон анхны аян замдаа мөн л анх удаа “Улаанбаатарт суугаа миний аав” киногоо үзсэн нь энэ байсан юм. Кино сандаа тоотой хэдэн үнэ цэн бүхий монгол бүтээлийг байршуулж өгсөн нь зүгээр нэг тохиолдол биш байх…
Соёлыг нь гайхаж, “атаархсан” тухай…
Ингээд кино ч дууслаа, онгоц ч газардлаа. Эх нутаг минь сэрүүн салхиараа элбэж үдсэн бол угтаж авсан улс маань айхтар халуун бүгчим агаараар хүлээж авах нь тэр. Ноосон цамцаа бушуухан тайлаад, хурдхан зочид буудалдаа очоод хувцсаа солихыг л бодож байлаа. Биднийг буудаллах газар хүргэх том улаан автобус яг цагтаа ирчихсэн байв аа. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэдэг шиг автобусны цонхоор Солонгос орон үнэхээр л сайхан сэтгэгдэл үлдээсэн. Аливаа орон руу анх удаа очих гэж буй хүн бүхэн тухайн орныхоо тухай төсөөлж, хүлээлт бий болгосон байдаг. Харин Солонгос орны тухай бид хэтэрхий их зүйлийг мэддэг болохоор хүлээлт гээд байх зүйлгүйгээр сайхныг нь мэдэж байсан юм. Замын хажуугаар хөглөрөн унжих том том модод, завсраар нь харагдах хөлгүй их далай, далай дээгүүр аалзны тор шиг эрээлжлэх олон салаа зам… Энэ бүхнийг хараад, “хөрөнгөтэй орон ч сайхан юм аа” гэх бодол зурсхийн ороод ирсэн. Бид замын хажуугаар тарьсан жаахан хэдэн моддоо засаж янзлахаас эхлээд дэмий зүйлд яасан ч их цаг, хөрөнгө зарцуулдаг юм бэ дээ. Алга дарамхан жижигхэн газартаа унаган байгаль хийгээд хот хоёрыг хэрхэн зөв шийдэлтэйгээр зохицуулж болдог вэ гэдгийг тэндээс харж болно. Нүүрснээсээ цааш сэтгэдэггүй, энэ талаар бодохыг ч хүсдэггүй манайхан шиг хүмүүст Солонгос улсын дайтай хөгжих нь хэзээ ч биелэлээ олохгүй зүүд зэрэглээ шиг санагдсанаа нуугаад юу гэх вэ, болох биз.
Ямар зорилготой томилолт байсан тухай…
Ингэхэд ямар зорилгоор, хэнтэй, яах гэж Солонгос улсын Сөүл, Пусан, Гванжу хотыг зорьсон тухайгаа ярилгүй дэмий зүйл баахан нуршчихлаа. Надтай хамт явсан багийнхан бол соёл урлагийн салбарыг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуус, идэр үеийнхэн байсан. Биднийг ахалж Соёлын яамны дэд сайд М.Батбаяр явсан юм. Нийлээд арван хүрэхгүй цөөн хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгосын соёл урлагийн байгууллагуудтай танилцаж, туршлага судлаад ирсэн хэрэг. Уншигч танд сонирхуулахад Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төслийн зүйл, заалтыг сайжруулан Монгол Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа нь энэ.
Солонгос улс соёл урлагийн салбараа хөгжүүлснээр бидний уул уурхайн салбараасаа арай хийн олдог ашиг орлогыг хэд дахин нугалах хэмжээний мөнгийг эх орондоо төвлөрүүлж чаддаг гээд хэлэхэд хилсдэхгүй. Аргагүй дээ, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Kpop хамтлагууд, телевизийн олон ангит кинонууд, энэ дундаа өөрсдийн соёлоо сурталчилах ажлаа сайн хийдэг хүмүүс. Гэхдээ ингэж бодох нь хэтэрхий гүехэн юм билээ. Энэ бүхний ард том судалгааны төвүүд, ашгийн бус агуулга харж уран бүтээлчдээ дэмжсэн үй түмэн байгууллагууд бий. Хамгийн гол нь өв соёлоо, эх орноо “жинхнээсээ” дэмждэг ард түмэн бол гол тулах цэг нь. Бид тэнд зургаан өдөр болохдоо арваад байгууллагын үүдийг татсан. Яг ямар байгууллагуудаар зочилж, соёлыг нь гайхан шүтсэнээ удахгүй бэлдсэн мэдээ сурвалжилгаараа хүргэе. Энд тэмдэглэх чухал зүйл нь юу гэхээр, Солонгос улсын соёл урлагийн байгууллагууд бидний санаа зорилгыг үнэлж, дэмжиж ажиллахаа илэрхийлж найрсгаар хүлээж авсан явдал юм. Уулзалтад оролцож явах үеэр, сэтгүүлч надад сайн, муу олон бодол, мэдрэмж төрснөөс хэсгийг нь уншигч танд дуулгах нь зүй. Бид аль ч улсыг урдаа оруулахааргүй олон жилийн үнэ цэнтэй түүх, дэлхийд гайхагдах өв соёлтой улс. Тийм атлаа Солонгос улсын соёл урлагийн салбарынхантай уулзсан уулзалт бүрийд өөрсдийгөө хэтэрхий “жижиг” байгаагаа мэдэрсэн нь харамсалтай. Биднийг хүлээж авсан төлөөлөгчдийн нэг “Монголчуудын соёл урлагийн салбар Солонгос орны 2000-аад оны эхэн үеийг санагдуулж байна” гэж хэлсэн. Нэг дэлхийд, нэг цаг хугацаанд амьдарч байж соёлоороо, хөгжлөөрөө 20 жил хоцорч явна гэдэг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөөд явах асуудал яав ч биш. Энэ бүх асуудлыг харж, шийдэл эрэлхийлсэн Соёлын яамныхандаа талархах сэтгэгдэл төрснөө энэ ташрамд дурдъя.
Уулзсан байгууллагуудаасаа ядаж нэгийг нь энэ бичвэртээ танилцуулахгүй бол ам загатнаад болохгүй нь. Энэ бол CKL гэх бизнес төв. Контент үйлдвэрлэгчдээ 100 хувь дэмжиж ажилладаг байгууллага гээд ойлгоход их дөхнө. Манайд жил ирэх тусам янз бүрийн контент бүтээгчид төрөн гарсаар байгаа. Эдгээр бүтээлчид маань бор зүрхээрээ чармайсаар дээшлэх нь дээшилж, шантрах нь шантраад салбараасаа арчигдаад үлддэг. Улсаас нь бодлогоор дэмжих зүйл үгүй учраас олон уран бүтээлч сэтгэлгээтэй залуус, зөөгч, худалдагч болох замналыг сонгодог нь танил дүр зураг шүү дээ. Эсвэл нийтээрээ аяган дотроо эргэлдэж, зар сурталчилгаагаараа хоолоо олж идэхээс өөр гарцгүй болчихдог. Гэтэл Солонгосын CKL төв, агуулгатай контент бүтээхийг чармайдаг залуусыг шалгаруулж, техник хэрэгсэл, контентоо бүтээх орон зай, зардал гээд бүхнийг нь үнэ төлбөргүй хангаж өгдөг юм билээ. Сайн үйлс гэмээр энэ үйл ажиллагааных нь туйлын зорилго нь ердөө өөрсдийн соёлоо дэлхийд таниулах, үнэ цэнээ бий болгох. Энэ нь амжилттай хэрэгжиж яваа нь бидний нүдэн дээр илхэн байна. Явсан зорьсон зүйлсийнхээ өчүүхэн жаахан хэсгээс танилцуулбал ийм байна.
Гурав хоноод эх орноо, иддэг хоолоо, цээж дүүрэн амьсгалах агаараа тэсэхийн аргагүй санаад эхлэв…
Хаяанаасаа холдож үзээгүй хүн гээд ярьдаг даа. Энэ үг надад яг цав таарна. Анх удаа хол зам туулах гэж байгаа надад ээж минь санаа зовохдоо, Солонгос орны тухай бага сагахан ярьж өгч, “Улаанбаатартаа байгаа юм шиг ээ санаад ТӨӨРЧХӨВ ӨӨ” гэх сануулгыг дахин дахин хэлэх нь жаахан төвөгтэй байсан ч, мартагдахааргүй сануулга болж чадсан. Уулзалтуудаа дуусгасны дараа буудалдаа ирчхээд, Сөүл хотоор сэлгүүцэн алхаж, танилцмаар санагдсан ч ээжийн хэлсэн ТӨӨРЧХӨВ ӨӨ гэх үг чихэнд сонсогдоод болдоггүй. Өдөртөө идсэн олон тавагтай янз бүрийн хоол цайнд нь нэг л хоолшихгүй байсан учраас, бидний сайн мэдэх CU-гээр ороод гаръя гэж бодлоо. Буудлын ардхан CU байгаа гэж мэдэлгүй хайж явсаар тэрүүхэн хавьдаа явган аялал хийгээд амжих нь тэр. Орой нь харагдахгүй шахуу өндөр барилгууд дунд хэсэг алхаснаа жаахан залхаад, замд таарсан үеийн хоёр охиноос дэлгүүрийн байрлалыг асуухаар зүглэв ээ. “Hey. Excuse me” гээд л шуудхан очсон надаас өнөө хоёр охин цочиж, тэр хавиар нэг чарлачихсан. Би ч цочсондоо чарлаад л… Эцэст нь биенээсээ уучлал хүсэж, зорилгодоо хүрэн дэлгүүрээ олоод очсон юм. Энэ үйл явдлаас анх удаа соёлын ялгаа гээчийг нь мэдрэх шиг. Манайд бол хүнээс цочиж эвгүй мэдрэмж үлдээх хүн ховор доо. Буруутгах ч юу байх вэ. Нөгөө бусдад төвөг удахгүй гэдэг хүмүүжлээр өссөн хүмүүст танихгүй хүнтэй харилцаа үүсгэх нь бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл байж ч мэдэх юм. Гэхдээ монголчуудыг найрсаг ард түмэн гэдэг нь энэ мэт ялгаануудтай холбоотой биз. Ийм сайхан улсад, ингэж тав тухтай амьдарч байж юундаа бухимддаг байна аа гэх бодол тээх олон үйл явдлууд болсон. Бидэнтэй таарсан таксины жолооч, автобусны жолоочид бүгд л их авиртай юм билээ. Өчүүхэн зүйл дээр л “Ааш чинчаа” гээд өрүүлээ балбачихна. Инээдтэй ч юм шиг…
“Ийм гоё улсад амьдраад л сайхан юм аа” гэх бодол эхний гурав хоногтоо л хүчин төгөлдөр байлаа. Бид өөрсдөдөө байгаа сайхан зүйлээ харж чаддаггүй хүмүүс. Бүгд л тийм дээ. Дэргэдэх жаргалаа анзаарахгүй, өөр зүйл рүү тэмүүлж хүрчхээд эцэст нь ухаарч ойлгодог нь хүн төрөлхтний л араншин юм хойно. Хотын тохижилт, үзэмж, хөрөнгө чинээ гээд л “атаархмаар” зүйл Солонгос оронд олон байсан ч амьсгалах агаар тэнүүн, үгээрээ, үйлдлээрээ тэвэрдэг найрсаг ард түмнийг юугаар ч орлуулж болохгүйг ойлгосон. Тэнгэр нь хүртэл бүдэг саарал газар цаанаа л нэг хөндий мэдрэмж төрсөн. Бүгчим, нойтон, өмхий агаарт нь жиндээд сэтгэл хөлдөх гээд байх юм билээ…
2023.09.16